| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 192/2025/10703/И |
| Дугаар | 210/МА2026/00966 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00966
2026 04 29 210/МА2026/00966
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/01994 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******, *******нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 88,027,986.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, хариуцагч *******өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1 Иргэн *******, *******нар нь *******-тай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 112,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар амины орон сууц барих зориулалтаар авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *******-01 дугаартай барьцааны гэрээ байгуулан Улаанбаатар хот, *******гудамж хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, НДТ-******* нэг талбарын дугаартай, *******талбайтай иргэний эзэмшлийн газар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *******-02 дугаартай ипотекийн гэрээ байгуулан *******тоот хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, 2022 онд ашиглалтад орсон, 70.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******-03 Ипотекийн гэрээ байгуулан Улаанбаатар хот, *******дүгээр хэсэг гудамж, 4160 тоот хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2022 онд ашиглалтад орсон, 73.5 м.кв талбайтай хувийн сууц зэрэг хөрөнгүүдийг барьцаалсан.
1.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 28,684,920.75 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 19,745,535.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 82,350.89 төгрөг буюу нийт 48,512,807.40 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс зөрчиж, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс огт төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 230 хоног хэтрүүлээд байна.
1.3. Иймд зээлийн гэрээний дагуу, 2025 оны 10 сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 83,315,079.25 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү болох 4,667,463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 45,444.04 төгрөг, нийт 88,027,986.36 төгрөгийг хариуцагч *******, *******нараас гаргуулж, мөн барьцаа хөрөнгөөс үүргийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие *******хамт зусланд цэвэр агаарт нялх хүүхдүүдээ эмээ, өвөөтэй нь ойртуулж гаргая гэсэн зорилгын үүднээс Сэлхийн зусланд амины орон сууц бариулах 112,000,000 төгрөгийн зээлийг *******наас 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хамтран авсан. *******нь үүнээс төд удалгүй 2022 оны 03 дугаар сараас хүүхдүүд, бид гурвыг хаяж яван гэртээ ч амьдрахаа больж эхийнхээ үүргийг гүйцэтгэхгүй, гэр бүлдээ туслахаа больсон. *******нь тус зээлийг төлөхөд огт нэмэр болохгүйгээр үл барам 2023 оны 3 дугаар сард гэрлэлт цуцлуулах өргөдлөө шүүхэд өгч зээлийг төлөхөд дэмжлэг үзүүлэхгүй зугтах болсон. Миний бие нь өөрийн цалингийн орлогоор тус зээлийг ганцаар төлж байсан ба өнөөг хүртэл 48,512,807.40 төгрөгийг төлөөд байна.
2.2.Энэхүү төлбөрийн 50 хувь буюу 24,256,403.5 төгрөгийг хамтран зээлдэгч *******нь хариуцах учиртай. *******нь зээлийг төлөхөд оролцохгүй санаа зовохгүй байгаагаас гадна зээлийн барьцаанд байгаа *******тоот /гэрчилгээний дугаар *******, Улсын бүртгэлийн дугаар *******/ 70.0 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшин бусдад түрээслүүлж түрээсийг орлогыг ашиглаж байгаа болно. *******наас зээлсэн үндсэн зээл 112,000,000 төгрөг, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 136,539,986 төгрөгийг төлөхөөр байна. Уг 136,539,986 төгрөгөөс 50 хувь буюу 68,269,993 төгрөгийг миний бие төлөх хариуцлага хүлээнэ. Иймээс, *******ны нэхэмжилсэн 88,027,986.36 төгрөгөөс өөрт ногдох 19,757,186 төгрөгийг миний бие төлөхөд бэлэн байна. Харин уг төлбөрөөс үлдэх 68,270,800 төгрөгийг *******гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******тайлбар, татгалзлын агуулга:
Уг зээлийг аваад 3 жил болж байна. Би хамтран зээлдэгчээр орсон. 2 хүүхдээ би өөрөө хараад явж байгаа. Энэ хүний хувьд зээлээ төлөх бүрэн боломжтой. Энэ хүн намайг эрүүгийн ялтан болгосон. Хариуцагч *******ийн зээлийн төлбөрт 68,270,800 төгрөгийг *******надаас гаргуул гэж тайлбар гаргаж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд бол ******* өөрөө үндсэн зээлдэгчээр орсон байгаа. Мөн нэхэмжлэлийн хувьд 2 хариуцагчийн хэнээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******нараас зээлийн гэрээний үүрэгт 88,027,986.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, барьцаа хөрөнгө болох хариуцагч *******эзэмшлийн Улаанбаатар хот, *******гудамж хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, НДТ-******* нэг талбарын дугаартай, *******талбайтай иргэний эзэмшлийн газар, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн Улаанбаатар хот, *******дүгээр хэсэг гудамж, 4160 тоот хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 73.5 м.кв талбайтай хувийн сууц, хариуцагч *******өмчлөлийн *******тоот хаягт байршилтай *******тоот гэрчилгээний дугаартай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, 70.04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668,290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******нараас улсын тэмдэгтийн хураамжид 668,290 төгрөгийг гаргуулж, *******-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ийн давж заалдах гомдлын агуулга:
******* миний бие *******тай хамтын амьдралтай байх хугацаанд хамтран *******-тай 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг байгуулан 112,000,000 төгрөг авсан, эргэн төлөлтийг *******бид хоёр тэнцүү хэмжээгээр хувааж төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.
Гэтэл, төд удалгүй *******2022 оны 3 дугаар сараас хамт амьдрахаа больж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг *******огт төлөөгүй. Миний зүгээс өөрийн цалингийн орлогоос тус зээлийг ганцаараа төлж өнөөдрийн байдлаар, 48,512,807.40 төгрөг төлсөн.
*******-аас анхан шатны шүүхэд гаргасан маргаан бүхий зээлийн гэрээний төлбөр төлбөр болох үндсэн зээл 83,315,079.25 төгрөг, хүү 4,667,463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,444.04 төгрөг нийт 88,027,986.36 төгрөгийн тооцооллыг миний зүгээс хүлээн зөвшөөрдөг хэдий боловч, гагцхүү уг зээлийг *******бид хоёр хамтран зээлсэн учир уг зээлийн 50 хувийг *******хариуцах учиртай.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий зээлийн гэрээгээр төлөх нийт 136,539,986 төгрөгөөс 50 хувь буюу 68,269,993 төгрөгийг миний бие төлөх хариуцлага хүлээх бөгөөд үүнээс 48,512.807.40 төгрөгийг төлсөн, ******* ХК-ны нэхэмжилсэн 88,027,986.36 төгрөгөөс өөрт ногдох 19,757,186 төгрөгийг миний бие төлөхөд бэлэн байна. Харин уг төлбөрөөс үлдэх 68,270,800 төгрөгийг *******гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.
Хавтаст хэргийн 96-98 дугаар талд авагдсан баримтаар *******нэхэмжлэлтэй ******* холбогдох, гэрлэлт цуцуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хэлэлцэж байгаа. Уг хэрэгт Улаанбаатар хот, *******гудамж хаягт *******талбайтай иргэний эзэмшлийн газар дээр баригдсан амины орон сууцны маргаан байгаа. Тухайн хэрэг ******* ХК-ийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Харин ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн.
Гэтэл, анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийг 7-т “....хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2 хариуцагчаас хэрхэн шаардсан нь, ямар байдлаар хариуцуулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэнд нийцсэн байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.
******* миний зүгээс анхан шатны шүүхэд гаргасан өгсөн хариу тайлбартаа “уг зээлийн гэрээг *******бид хоёр хамтран *******тай байгуулсан, уг зээлийн 50, 50 хувийг хэн аль нь тэнцүү хэмжээгээр хариуцах учиртай” талаар үндэслэл бүхий тайлбарыг хэлж, маргаж байхад анхан шатны шүүхээс “...хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2 хариуцагчаас хэрхэн шаардсан нь, ямар байдлаар хариуцуулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй” гэж миний хэлсэн тайлбараас огт өөр дүгнэлтийг өгсөн байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэнд нийцсэн байна” гэж заасан байна. Маргаан бүхий гэрээний 6.5.1-т хамтран зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах талаар тодорхой заасан байхад, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний эргэн төлөлтөөс ******* 48,512,807.40 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдох бөгөөд үүнээс дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 88,027,986.36 төгрөгийг хариуцагч нарын тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжтой нөхцөл байдал үүссэн байна.
Иймд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/01994 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага 88,027,986.36 төгрөгөөс 19,757,186 төгрөгийг *******ээс, үлдэх 68,270,800 төгрөгийг *******тус тус гаргуулж, ******* ХК-нд олгохоор шийдвэрлэж өгнө үү.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1. Зээлээр боссон амины орон сууц *******, хамтран зээлдэгч *******нарын хамтын өмчлөлд хэвээр байгаа учраас зээлийн хөрөнгө нь хамтын шинжтэй байна. Зээлийн гэрээний 6.5.1-д “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн энэхүү гэрээний дагуу хүлээсэн өрийг хамтран төлөх үүрэгтэй” гэж заасан учраас зээлдэгчдийн хоорондын өмч хөрөнгийн хэмжээг хэрхэн хуваарилах асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Зээлийн өр бүрэн төлөгдөх нөхцөлд манай талаас татгалзах зүйл байхгүй гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
7.1.Хариуцагч *******хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатын шүүхийн шийдвэрт дурдагдсан төлбөрийг *******хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатын шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. ******* нь “би өөрт ноогдох хэсгийг гаргана” гэж гомдол гаргасан. Иргэний хуулийн 242.13-д зааснаар төлбөрийн чадваргүй болсон гэдэг ч хүндэтгэн үзэх баримтуудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаалалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 88,027,986.36 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулахаар шаардсаныг,
хариуцагч ******* “...Миний бие нь зээлийн төлбөрт 48,512,807.40 төгрөгийг ганцаараа төлсөн тул энэ төлбөрийн 50 хувь буюу 24,256,403.5 төгрөгийг хамтран зээлдэгч *******хариуцна. ...*******ны нэхэмжилсэн 88,027, 986.36 төгрөгөөс өөрт ногдох 19,757,186 төгрөгийг миний бие төлөхөд бэлэн. Харин уг төлбөрөөс үлдэх 68,270,800 төгрөгийг *******гаргуулахаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэж,
хариуцагч *******"... хариуцагч *******ийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх тайлбар гарган тус тус маргасан.
Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн санхүүжилт олгох зээлийн гэрээгээр, “*******” ХК-аас 112,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар амины орон сууц барих зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч *******, *******нар зээл, түүний хүүг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тус тус харилцан тохиролцжээ. /хх16-18/
Дээрх гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт нөхцөлөөр зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд амь нас, эд хөрөнгийн даатгалд хамрагдах, мөн үндсэн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зөрчсөн, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг хугацаанаас нь өмнө нэн даруй буцаан төлүүлэх эсхүл Үндсэн гэрээний 2.3-т заасан зээлийн хүүгийн хувь хэмжээг 12 хувь болгон өөрчлөхөөр тохиролцсон. /хх-21-22/
3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд;
3.2.1. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №*******-01 дугаартай Хөдлөх эд хөрөнгө болон барьцааны эрхийн гэрээгээр, хариуцагч *******эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, нэгж талбарын ******* дугаартай, Улаанбаатар хот, *******гудамж хаягт байршилтай, *******талбайтай газар эзэмших эрх, /хх-23-26, 42/
3.2.2. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн *******-02 дугаартай Ипотекийн гэрээгээр, хариуцагч *******өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* тоот хаягт байршилтай, 70,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, /хх-27-31, 40/
3.2.3. 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр *******-03 Ипотекийн гэрээгээр, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, Улаанбаатар хот, *******/14070/, *******тоот хаягт байршилтай, 73.5 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-32-34, 41/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан, дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.1. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 112,000,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлсэн, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нар 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрсөн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн.
4.2. Харин хариуцагч *******, *******нар нь зээлийн гэрээний үүргийг хэрхэн хариуцах талаар маргаантай ба хариуцагч ******* нь гэр бүлийн маргаан шийдвэрлэхэд өр хуваах асуудлыг хамт шийдвэрлээгүй тул зээлийн өрийг хамтран хариуцахдаа өөрөөс дангаар төлсөн 48,512,807.40 төгрөгийн 50 хувийг хариуцагч *******хариуцах учиртай тул зээлийн үлдэгдэл дүнг хамтран хариуцахгүй, хариуцагч *******68,270,800 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрд хариуцуулахаар тухайлан тохиролцоогүй, мөн барьцааны зүйлийн үл хуваагдах онцлогоос хамаарч барьцааны үүргийн хувьд ч хариуцагч нар хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Иймээс анхан шатны шүүх хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол баримтаар, хариуцагч нараас үндсэн зээлд 83,315,079.25 төгрөг, хүү 4,667,463.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,444.04 төгрөг, нийт 88,027,986.36 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.11-т заасантай нийцнэ.
Түүнчлэн эрх зүйн харилцааг тусгаарлах зарчмын хүрээнд зээлийн гэрээний маргаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, өр хуваах асуудлыг хамтруулан шийдвэрлэхгүй тул хариуцагч тус бүр хэдэн төгрөг хариуцахыг тогтоолгох агуулга бүхий хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.
Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.
Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримталсныг мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/01994 шийдвэрийн Тогтоох хэсгийн
1 дэх заалтын “453 дугаар зүйлийн 453.1” гэснийг “452 дугаар зүйлийн 452.2” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,098 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ц.ЦЭРЭНДУЛАМ