Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/01030

 

 

     

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* нь *******тэй 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр урсгал засварын бараа материал худалдан авах УХТЭ/20250102010-1 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* нь 135,069,880 төгрөгийн үнэ бүхий сантехникийн сэлбэг материалыг худалдан авагч тал болох *******т гэрээний тусгай нөхцөлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх үүрэгтэй байсан. Нийлүүлэгч тал нь худалдан авагч талд гэрээний гэрээнд заасан хугацааны дотор гэрээнд заасан сантехникийн сэлбэг, материалыг нийлүүлж, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр материал хүлээн авах комиссын акт болон мөн өдөр нь гэрээг дүгнэсэн актыг үйлдэж, гэрээний үүрэг дуусгавар болсон.

******* нь гэрээнд заасны дагуу бараа материалаа нийлүүлж гэрээг дүгнэсэн байхад худалдан авагч ******* нь гэрээнд заасан төлбөрөөс нэг ч төгрөг төлөхгүй, гэрээний үүргээ зөрчиж байна. ******* гэрээнд заасан төлбөрийг төлөхийг *******т удаа дараа бичгээр шаардлага өгөхөд хариу өгдөггүй, биечлэн очиж уулзахад санхүүжилт орж ирээгүй гэх хариуг өгдөг. ******* нь Худалдаа хөгжлийн банкнаас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа тухайн зээлийн санхүүжилтээр явуулж байгаа. Гэтэл ******* нь *******-тай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, гэрээний дагуу төлөх төлбөрөө тогтоосон хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан зээлийн төлбөр төлөх хугацаа гэрээний төлөлттэй холбоотой хойшлон зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээ дүгнэсэн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 128 хоног болж байгаа бөгөөд уг хугацаанд ногдох алданги 34,577,920 төгрөг болж байна.

Иймд хариуцагч *******ээс гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөг, алданги 34,577,889 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 8,759,731 төгрөг нийт 178,407,501 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******-тай 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр урсгал засварын бараа материал худалдан авах УХТЭ/20250102010-1 дугаартай гэрээг байгуулан ажилласан. Уг гэрээний дагуу манай байгууллага 135,069,880 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан нь үнэн бөгөөд үүнтэй холбоотой маргаан байхгүй бөгөөд уг төлбөрийг *******-тай хугацаа тохиролцон төлөхөд татгалзах зүйлгүй.

Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан алданги 34,5677,889 төгрөгийг төлөх боломжгүй байна. Учир нь манай байгууллага эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, улсын хэмжээнд дүрс оношилгоо, цөмийн оношилгоо, эмчилгээ, цацраг идэвхт эм үйлдвэрлэл, лаборатори дурангийн оношилгоо, дурангийн мэс заслын төрөлжсөн мэргэжлээр лавлагаа, шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болно. Эрүүл мэндийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/446 дугаартай тушаалаар эмнэлгийн дүрэм, зохион байгуулалт бүтцийн дагуу ажиллаж байна. Уг дүрмийн 5 дугаар зүйлд эмнэлгийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ гэж заасан ба 5.1.1-т Улсын төсөв гэж заасан. Мөн дүрмийн 5.3 дахь хэсэгт эмнэлэг нь санхүүжилт, эд хөрөнгийг үндсэн зорилго холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зориулалтын дагуу ашиглаж, ил тод байдлыг хангана гэсний дагуу өнөөдрийг хүртэл Шилэн дансны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн мэдээллийг ил тод байдлаар байршуулан ажиллаж байна.

Нөгөөтэйгөөр Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд: Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих гэж заасан.

Тус ажил нь нэн чухал яаралтай буюу манай байгууллага нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга *******ад хандан 1/273 дугаартай албан бичгээр дэмжлэг хүсэж хүсэлт хүргүүлж байсан. Төсөв баталж өгөхийг шаардаж ажиллаж байсан бөгөөд уг урсгал засвар хийгдээгүй тохиолдолд эмнэлгийн үйл ажиллагаа доголдох талаар мэдэгдэж байсан. Үүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газарт 1/954 тоот, 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2/982 тоот, 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 1/1155 тоот албан бичгээр, мөн Сангийн яаманд 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус тус хүсэлт хүргүүлж байсан боловч урсгал засварын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас төлөлт хийгдээгүй. Иймд хугацаа хэтрэлтээс үүссэн нөхцөл байдал нь манай буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан тул алданги 34,557,889 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

******* нь Худалдаа хөгжлийн банктай 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээлийн эрх нээлгэх гэрээ байгуулж үйл ажиллагаагаа зээлийн санхүүжилтээр явуулсан үйлдэл нь хариуцагч *******тэй хамааралгүй. Учир нь дээрх зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь зээлийн хөрөнгийг хүлээн авч ашигласан, эрсдэлийг нь өөрөө үүрэх ёстой этгээд нь ******* болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт зааснаар анз нь үүргээ биелүүлээгүй үед урьдчилан тогтоосон мөнгөн хариуцлага бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу ногдох алдангийг хүлээн зөвшөөрч байгаа учир анхны гэрээний хариуцлагын бүтэц бүрэн хангагдсан байна. Гэтэл гэрээний үүргээ зөрчиж гэрээний дагуу төлбөр мөнгөө тогтоосон хугацаанд огт хийгээгүйгээс шалтгаалан компанийн банкны зээлийн төлбөр төлөх хугацаа гэрээний төлөлттэй холбогдон хойшилж уг төлбөрт ногдох зээлийн хүүгийн зардал нэмэгдсэн үйлдэл нь гэрээнээс учирсан хохирол биш болно. Учир нь хохирол гэрээний шууд ба зайлшгүй үр дагаварт хамаарах бөгөөд гуравдагч этгээдийн байгуулсан зээлийн гэрээний үр дагавар нь хариуцагч талтай байгуулсан гэрээний шууд үр дагавар биш. Банкны зээлийн хүүгийн өсөлтийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 43,337,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 168,026,931 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,380,570 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,049,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 998,085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх шат дарааллыг хуульчилсан бөгөөд үүнд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн байгууллагын нууцтай холбоотой. Тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд уг нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан.

Үүний дагуу хариуцагч Улсын хоёрдугаар эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд хүсэлтээ гарган Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газар болон Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргад хандан эмнэлгийн үйл ажиллагаа доголдохоос сэргийлж, урсгал засварын төсөв баталж өгөхийг хүсэх тухай албан бичгүүдийг хүргүүлж байсан. Мөн түүнчлэн *******т урсгал засварын төсөвт тухайн төсвийг байршуулаагүй болох, төсөв байршуулагдаагүй тохиолдолд зарцуулалт хийх боломжгүй байдаг талаар маргаж шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаан дээр гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэж дүгнэсэн атлаа хэрэгт ач холбогдолтой эсхүл үгүй эсэх талаар дүгнэлт гаргалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан нь хэрэгт хамааралтай нотлох баримтыг хуульд заасан арга хэрэгслээр олж авна, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоон тэдгээрт бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байна гэх хуулийн гол шаардлагыг хангахгүй байна.

Хариуцагч хариу тайлбартаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нөхцөлөө эрүүл мэндийн яам уг асуудлаар санхүүжилт олгоогүй учир төлбөрийг төлж чадаагүй талаараа тайлбарлаж холбогдох баримтыг гаргаж гуравдагч этгээдээс гаргуулах үзлэг хийлгэх зэрэг хүсэлтийг хангахгүй байгаа нь хэргийг шударгаар, бодит байдалд хууль зүйн дүгнэлт гарахгүй байх үндэслэлийг бүрдүүлсэн.

 

...******* нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн дагуу төсвийг төлөвлөж, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах үүрэгтэй. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд Эмнэлгийн урсгал засварын төсвийг яаралтай шийдвэрлэн өгөхийг төсвийн ерөнхийлөн захирагч Сангийн яам, төсвийн төвлөрүүлэн захирагч Эрүүл мэндийн яам руу удаа дараа илэрхийлж ирсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-д тодорхойлсноор Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн бодлогыг тодорхойлж, төсвийг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй байна. Иймд бид өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд мөнгөн гүйлгээ хийх ямар ч боломжгүй хэрвээ ийм гүйлгээ гарсан тохиолдолд харин бид Эрүүгийн хуульд заасан хариуцлагын асуудал яригдах эрх зүйн сөрөг үр дагаврыг бий болгоно.

...Үүрэг гүйцэтгэгч нь өөрийн буруутай үйлдлийн улмаас үүрэг гүйцэтгэгчид учирсан хохирлыг хариуцах ёстой, өөрөөр хэлбэл өөрийн санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.5 дахь хэсэгт зааснаар өөрийн хууль ёсны төлөөлөгч болон бусад этгээдүүдээр үүргээ гүйцэтгүүлсэн бол тэдгээрийн үйлдлийн улмаас бусад этгээдэд учирсан хохирол төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Гэвч бодит байдал дээр хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй аль ч байдлаар ******* буруугүй. Үүргийн гүйцэтгэлийн мөнгөн төлбөртэй холбоотой хүсэлт гаргасан боловч зохих санхүүжилт холбогдох дансанд орж ирээгүй болно.

Үүнээс нэгтгэн дүгнэвэл дээд шатны байгууллага буюу Эрүүл мэндийн яамнаас урсгал засварын ажилтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэж өгөөгүйн улмаас гэрээгээр тогтоосон хугацаанд төлбөр төлөх боломжгүй болсонд хариуцагчийг дан ганц буруутгах үндэслэл болохгүй. Учир нь үүргийн харилцаанаас нэхэмжлэгч гүйцэтгэх хугацаа нь болсон хэрэгжүүлэх боломж бүхий үндсэн шаардах эрхтэй байх ёстой.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд эхлээд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргахдаа ямар ч гэм буруугүй байсан гэсэн нотолгоо гаргах ёстой болох ба ингэж нотлоогүй тохиолдолд хариуцлага хүлээх зохицуулалттай болно. Гэвч хариуцагчийн төлөөлөгчийн өөрийн гэм буруугаас болоогүй гэх нотлох үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж шүүхийн шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд үл нийцнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчилж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

******* нь *******тэй худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд оролцсон бөгөөд гэрээнд заасан нөхцөл байдлын дагуу гэрээнд заасан хугацаанд ажил үүргийг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл, Сангийн яам гэх гуравдагч этгээдтэй талууд гуравласан гэрээ байгуулсан эсэх эсвэл гуравдагч этгээдээр нотлох баримт гаргуулъя гэж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт үндэслэлгүй. Хариуцагч талын зүгээс бид урсгал засварын төсвийг баталж, манай байгууллагын дансанд байршуулж өгнө үү гэх албан тоотуудыг Сангийн яаманд хүргүүлж байсан тул тухайн албан тоотуудыг Сангийн яамнаас гаргуулъя гэх хүсэлтийг шүүхэд гаргадаг. Уг албан тоотуудыг хариуцагч талын зүгээс Сангийн яам руу хүргүүлж байсан учир тухайн баримтуудыг хариуцагч тал өөрөө хэрэгт гаргаж өгөх боломжтой нотлох баримт юм. Гэтэл хариуцагч тал өөрт байгаа нотлох баримтыг хэргийн болон гэрээний оролцогч биш этгээдээс гаргуулъя гэж шаардаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Хариуцагч тал тухайн хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед гаргахад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлд заасныг баримталж, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна гэж дүгнэсэн ба манай талын зүгээс мөн ийм байдлаар хариу тайлбар гаргасан учир тухайн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Гэвч тухайн баримт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийх болохоос хангаагүй хүсэлтэд эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135,069,880 төгрөг, алданги 34,577,889 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөг, нийт 178,407,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 135,069,880 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин алданги, хохирол төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Талууд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр УХТЭ/20250102010-1 дугаартай урсгал засварын бараа материал худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь нийлүүлэх барааны нийт дүн 135,069,880 төгрөгийн үнийн дүнтэй тендерийг хүлээн зөвшөөрч, гэрээнд заасан сантехникийн сэлбэг, материалыг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор нийлүүлэх, барааны үнийг ******* төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-4-11/

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

5. Мөн зохигч 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр УХТЭ/20250102010-1/2 дугаартай материал хүлээн авсан комиссын акт болон УХТЭ/20250102010-1 дугаартай гэрээг дүгнэсэн баримтыг тус тус үйлдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-12-13/

 

Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 135,069,880 төгрөгийг төлөх талаар маргаагүй ба анхан шатны шүүх хариуцагч *******ээс гэрээний үндсэн төлбөр 135,069,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

6. Талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 2.6-д Бараа нийлүүлэх хугацаа 2025.05.25-2025.06.30, 4.17-д Алданги тооцох эсэх: Тийм, Захиалагч болон нийлүүлэгч үүргээ гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6.1. Хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг төлөөгүй нь урсгал засварын төлбөрийг төсөвт суулгаагүйн улмаас төлөөгүй гэж тайлбарласан нь талуудын байгуулсан гэрээний дагуу хүлээх хариуцлагаас буюу алданги төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж анхан шатны шүүх дүгнэж алданги 32,957,051 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан.

 

Хариуцагч нь ******* нь эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага бөгөөд баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг байна.

 

6.2. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн болон тусгай эмнэлэг, амаржих газар, клиникийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн тухай хуулийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагч нь батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Дээрх тендерийг хариуцагч төсвийн байгууллага нь улсын төсвөөс олгогдсон санхүүжилтийн хүрээнд төлбөрийг төлөх боломжтой.

7. Хэргийн баримтаар тус эмнэлгээс 2025 оны цалин болон урсгал засварын зардал хүрэлцэхгүй байгаатай холбоотой цалингийн зардал 80101/210101, эмнэлгийн хэрэгслийн зардал, урсгал засварын зардал, бага үнэтэй түргэн элэгдэх зэрэг нийт 630,000,000 төгрөгийг зардал хооронд шилжүүлэн өгөх хүсэлтийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамны санхүү, эдийн засгийн бодлогын газарт хүргүүлж байсан, мөн Монгол улсын Эрүүл мэндийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №2/4931 тоот Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газар, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга нарт явуулсан Чиглэл хүргүүлэх тухай албан бичигт зэрэг нөхцөл байдлаас шалтгаалж Эрүүл мэндийн даатгалын сан нь 2025 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тодорхой хэмжээний өр төлбөр үүсэх төлөвтэй байна. санхүүгийн мөнгөн урсгалыг зохистой удирдах зорилгоор тухайн байгууллагын данс дахь мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, санхүүжилт, орлогын эх үүсвэрийг зөв зохион байгуулан, нэн тэргүүнд эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлс, НДШ-тэй холбоотой зардлыг санхүүжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг бууруулах зэрэг арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байна эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж, үйлчилгээний 2025 оны хүлээгдэж буй өглөгийг 2026 оны 01 дүгээр улиралд багтаан бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

 

Дээр үйл баримтаас дүгнэхэд хариуцагч *******т төсвийн ерөнхийлөн захирагчаас 2025 оны урсгал засварын зардлыг зарцуулах эрх нээгээгүйтэй холбоотойгоор тус байгууллагад аж ахуйн нэгж байгууллагуудын төлбөр тооцоог хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байх ба нэгэнт санхүүжилт олгогдоогүй тохиолдолд төлбөрийг төлөх боломжгүй юм.

 

Төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй тул түүнийг төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана.

 

8. Түүнчлэн, хариуцагч *******тэй урсгал засварын бараа материал худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нь Худалдаа хөгжлийн банктай 1,100,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх гэрээ байгуулан, тухайн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглахаар харилцан тохиролцсон нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүрэгт хамааралгүй байх тул гэрээнээс учирсан хохирол 8,759,731 төгрөгийг хариуцагч ******* хариуцахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

9. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс 135,069,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,337,621 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02215 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******ээс 135,069,880 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,337,621 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 998,085 гэснийг 833,299 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН