Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 1080

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/01080

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс 1а гудамж 3 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэнддоогийн Алтанцэцэг /НЮ66102001/ -ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Б.Байгалмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Төв аймгийн Барилга угсралтын конторт 1984 оны 07 сарын 02-ны өдрөөс 1989 оны 04 сарыг дуустал нормчноор, Төв аймгийн Нэгдсэн больницид 1991 оны 08 сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 сарыг дуустал хугацаанд сахиул, үйлчлэгч, өлгүүрчнээр тус тус ажиллаж байсан.

Намайг 5 настай бага байхад ээж З.Цэнд-Аюуш нь Цэнддоо гэдэг хүнтэй гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр олон жил хамт амьдарч, 8 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний дүү нар төрсөн эцэг Цэнд-Аюушаар овоглосон. Би өөрөө хойт эцэг Цэнд-Аюушаар овоглож сургуульд сурч, ажиллаж байсан боловч иргэний шинэчилсэн үнэмлэх авахад эх Цэнддоогоор бүртгэгдсэн байдаг. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал-ыг тогтоохоор заажээ.

 

Цэнддоогийн Алтанцэцэг нь Төв аймгийн Барилга Угсралтын конторт 1984 оны 07 сарын 02-ны өдрөөс 1989 оны 04 сарын 31-ний дуустал хугацаанд нормчноор,

Төв аймгийн нэгдсэн Больницид 1991 оны 08 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Төв аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 07 сарын 02-ны өдрийн 103 тоот Ажилд томилох тухай тушаалын хавсралтын 3 дугаар бригадын 1 дүгээрт, 1986 оны 01 сарын 24-ний өдрийн 16 тоот Ажиллах хүчийг зохион байгуулах тухай тушаалын хавсралтын 2 дугаарт, 1986 оны 06 сарын 10-ны өдрийн 142 тоот Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1987 оны 02 сарын 02-ны өдрийн 16 тоот тушаал, Ц.Алтанцэцэгийн 1987 оны 02 сараас 1989 оны 04 сар хүртэл хугацааны цалингийн түүврийн Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 770 тоот лавлагаа,

Төв аймгийн Нэгдсэн больницийн даргын 1991 оны 08 сарын 09-ний өдрийн б/137 тоот Ажилд томилох тухай тушаал, 1992 оны 05 сарын 12-ны өдрийн б/64 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1992 оны 09 сарын 11-ний өдрийн б/141 тоот тушаал, 1993 оны 01 сараас 1995 оны 12 сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолт, Төв аймгийн Барилга угсралтын конторт хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С.Оюунчимэгийн мэдүүлэг, нэхэмжлэгчий тайлбар зэрэг баримтуудаар, мөн нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хойт эцэг Цэнд-Аюушаар овоглож байсан болох нь гэрч Ц.Батцэцэг, Ц.Хишигжаргал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цэнддоогийн Алтанцэцэгийн Төв аймгийн Барилга Угсралтын конторт 1984 оны 07 сарын 02-ны өдрөөс 1989 оны 04 сарын 31-ний дуустал хугацаанд нормчноор, Төв аймгийн нэгдсэн Больницид 1991 оны 08 сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сахиул, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН