| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01032/и |
| Дугаар | 1079 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 1079
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 151/ШШ2016/01079 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Цогтөндөр эрдэнэтолгой 2 гудамж 4 тоотод оршин суух, Шарнууд овгийн Батсуурийн Уугандалай /РХ84093005/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Цогтөндөр эрдэнэтолгой 2 гудамж 4 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Шар хаданд оршин суух, Халх овгийн Отгон-Аюушийн Шинэбаяр /ГД87062571/-д холбогдох.
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Уугандалай, хариуцагч О.Шинэбаяр, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уугандалай шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь О.Шинэбаяртай 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарсан. Бид 2008 онд хүү Ш.Ууганбаяр, 2011 онд хүү Ш.Түмэнбаяр нарыг төрүүлж өсгөсөн. Нөхөр О.Шинэбаяр нь 2014 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлд зааснаар хорих ял эдэлсэн бөгөөд энэ хугацаандаа намайг дарамталдаг байсан. Ингээд би таарч тохирохгүй болоод одоо нутгийн нэг хүнтэй хамт амьдарч байгаа. О.Шинэбаяртай хамт амьдрах хүсэл сонирхолгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Ш.Ууганбаяр, Ш.Түмэнбаяр нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй. Биднийг гэр бүл болоход барьж өгсөн 5 ханатай гэр, 5 тооны үхрийг хүүхдүүдэд нь үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч О.Шинэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Б.Уугандалайтай 2006 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхэд төрүүлсэн. Өөрийн болчимгүй ажиллагаанаас гэмт хэрэгт холбогдож, хорих ял эдэлсэн нь үнэн. Хориход байхад Б.Уугандалайг өөр хүнтэй хамт амьдарч байгаа тухай сонсоод бухимдаж, үгээ хэлсэн, дарамталсан зүйлгүй. Би 2016 оны 06 сард суллагдсан. Одоо би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт айлын хашаанд гэр барин амьдарч, Нарантуул худалдааны төвд тогоочоор ажиллаж байгаа. Б.Уугандалай нь өөр хүнтэй нэг гэрт амьдарч байгаа тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй юм. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Том хүү Ш.Ууганбаярыг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байна. 5 ханатай гэр, 5 тооны үхрийг Б.Уугандалайд өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг зохигч тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уугандалай хариуцагч О.Шинэбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Батсуурийн Уугандалай, Отгон-Аюушийн Шинэбаяр нар нь 2006 оны 03 сарын 20-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Батсүмбэр сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 2008 оны 02 сарын 21-ний өдөр бүртгүүлж, 2008 оны 07 сарын 16-ны өдөр Ш.Ууганбаяр, 2011 оны 10 сарын 28-ны өдөр Ш.Түмэнбаяр нарыг төрүүлж өсгөн, гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн 0029980 2008/22, хүүхдийн төрсний 0136816 Г-89, 0770663 Г0152 гэрчилгээний хуулбарууд, Ш.Ууганбаяр нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол бага сургуулийн 3 дугаар ангид суралцаж байгаа тухай тус сургуулийн нийгмийн ажилтаны тодорхойлолт, Ш.Түмэнбаяр нь эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлсон Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн өрхийн эмч тодорхойлолт, Ш.Түмэнбаяр нь Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн Дэгдээхий цэцэрлэгт хүмүүждэг нь үнэн болохыг тодорхойлсон эрхлэгчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч О.Шинэбаярын ёс суртахууны байдлаас гэрлэгчид нь 2014 оноосс хойш тус тусдаа амьдарч байгаа, мөн хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж, гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн шүүхээс эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д...”гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал зэргийг харгалзан эцэг эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэжээ.
Хүү Ш.Ууганбаярын асрамжийн талаар гэрлэгчид нь маргаж байгаа боловч 8 настай Ш.Ууганбаяр нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар анги буюу бага ангийн сурагч бөгөөд түүний амьдрах орчныг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй ба түүний өсөж дассан орчныг солих шаардлагагүй байх тул эхийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч О.Шинэбаяр нь тодорхой оршин суух өөрийн гэр орон мөн хүүхэд хүмүүжих тохьтой орчныг бий болгосноор хүүхдийн асрамжийн талаар мөн нэхэмжлэгч Б.Уугандалай хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн боловч хариуцагч О.Шинэбаяр хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй мөн нэхэмжлэгч нь гэрлэлт цуцалснаас хойш хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Уугандалайгийн төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шарнууд овгийн Батсуурийн Уугандалай /РХ84093005/, Халх овгийн Отгон-Аюушийн Шинэбаяр /ГД87062571/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн хүү Шинэбаярын Ууганбаяр, 2011 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн хүү Шинэбаярын Түмэнбаяр нарыг эх Б.Уугандалайгийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч Б.Уугандалай хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг, гэр бүл хамтран өмчлөх эд хөрөнгөөс нэхэмжлэгчид 5 ханатай гэр, 5 тооны үхэр үлдээхийг хариуцагч О.Шинэбаяр зөвшөөрсөн болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
5. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдгээрт суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
6. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уугандалайгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч О.Шинэбаяраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН