Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

                               

 

 

 

 

 

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхээгийн Э.Гт холбогдох эрүүгийн 1806 0704 22008 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овогт Энхээгийн Э.Г, 1972 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 30 дугаар байр 46 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн .............. дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 76 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Р.Батцогтоос машин авна гэж хуурч 4.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Р.Батцогтын өгсөн: “...Тэгээд манай найз Э.Г нь “өө тэгье” гээд надаас 3.000.000 төгрөг зээлэхээр болсон ба “найз нь жижиг сажиг жаахан өр төлбөртэй байгаа энэ тэр” гээд байхаар нь би “за, за машинаа 3.000.000 төгрөгөөр ав, дээр нь нэмээд 1.000.000 төгрөг аваад өр зээлээ дараарай” гэж хэлсэн юм. ...Тэгээд Э.Г миний картыг авч гараад 4.000.000 төгрөг шилжүүлж авчихаад миний картыг эргүүлэн гэрт оруулж ирж өгсөн юм. Тэрнээс хойш өдийг хүртэл надтай холбоо бариагүй, алга болчихоод байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Даваанямын өгсөн: “…Батцогтын мөнгийг бага багаар цувуулж өгөхөөр болж тохирлоо гэж ярьж байсан юм. ...Ингээд нөгөө машин авах гэж Батцогтоос авсан мөнгөнөөс 1.400.000 орчим төгрөгийг нь миний эмчилгээ, шинжилгээ зэрэг зүйлд зарцуулсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-14 дүгээр тал/

Хохирогч Р.Батцогтын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

/хх-ийн 36 дугаар тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

           Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 76 дугаар байрны 21 тоотод оршин суух иргэн Р.Батцогтоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4.000.000 төгрөгийг авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:     

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Гын үйлдсэн гэмт хэргээ хүлээн өгсөн:

“...Р.Батцогт бид 2 одоогоос 2-3 жилийн өмнөөс нэг машин авах талаар ярьж байсан юм. Яаж машин авах вэ гэвэл Батцогт надад машины мөнгө зээлдүүлж өгөөд би өөрөө машинаа сонгож авах байсан юм. Тэгээд авсан машинаараа таксинд явж мөнгө олоод 7 хоногт 80.000-100.000 төгрөгийг би Батцогтод өгч явсаар байж өрөө дарж машинаа өөрийн болгож авах байсан юм. Харин Батцогтод ажил хэрэг гарсан үед би түүнд машинаараа үйлчилж жолоочоор нь явж түүнд үйлчилсэн өдрүүдэд би мөнгө өгөхгүй байх талаар ярилцаж байсан юм. ...Гэтэл Батцогт нь найзынх нь мөнгө бүтчихсэн байгаа, одоо хоёулаа ярьж байсан машинаа авъя гээд надад 3 сая төгрөг өгөхөөр болсон юм. ...Тэгээд би Батцогтын “ХААН” банкны виза картыг нь авч гараад 13 дугаар хорооллын замын урд талд автобусны буудлын харалдаа байх “ХААН” банкны АТМ ашиглан би өөрийн эхнэр Даваанямын ... тоот данс руу 4.000.000 төгрөг шилжүүлж авсан юм.” гэх /хх40-42/,

мөн хохирогч Р.Батцогтын өгсөн “...2018.7.03-ны өглөө манай найз Э.Г надруу утсаар яриад “найз нь Жоншинд яваад ирлээ, миний хийдэг ажил биш байна. Дээр ахтайгаа хэрэлдчихээд явсан, одоо гэртээ орвол ах зодох байх аа” гэж ярьсан. Тэгэхээр нь би “за, за миний найз манай гэрт хүрээд ир” гэж хэлээд утсаа тасалсан ба тэр өдөр 14 цагийн үед Э.Г нь манай гэрт ирж надтай уулзаад бид хоёр манай гэрт нэг хоол хийж идчихээд ганц шил архи хувааж уусан юм. Тэгээд архи ууж байх үед Э.Г нь урд ярьж байсан машин авах тухайгаа ярьсан юм. Тэр үед надад мөнгө ороод ирчихсэн байсан учир би найз  Э.Гт хандаж “за, за найз нь мөнгөний боломжтой байгаа, чи надаас мөнгө зээлээд машинаа авчих, тэгээд ажлын 5 өдөрт өдөр болгон 20.000 төгрөг, 7 хоногт 100.000 төгрөг надад өг, ийм байдлаар явсаар байгаад өр төлбөрөө дуусга. Найз нь ажил төрөлтэй үедээ миний машиныг унаж байх, тэгж унасан өдөртөө би чамаас мөнгө төгрөг авахгүй гэдэг санал тавьсан юм. Тэгээд манай найз Э.Г нь “өө тэгвэл тэгье” гээд надаас 3.000.000 төгрөг зээлэхээр болсон ба “найз нь жижиг сажиг жаахан өр төлбөртэй байгаа энэ тэр” гээд байхаар нь би “за, за машинаа 3.000.000 төгрөгөөр ав, дээр нь нэмээд 1.000.000 төгрөг аваад өр зээлээ дараарай” гэж хэлсэн юм. Маргааш нь буюу 7 дугаар сарын 04-ний өглөө Э.Гт өөрийнхөө ... данстай виза картыг өгөөд нууц үгээ хэлж энэ картнаас өөрийнхөө дансруу мөнгө шилжүүлээд авчих гэж хэлээд гаргасан юм. Тэгээд Э.Г миний картыг авч гараад 4.000.000 төгрөг шилжүүлж авчихаад миний картыг эргүүлэн гэрт оруулж ирж өгсөн юм. Тэгээд 7 дугаар сарын 06-ны өглөө эрт Э.Г нь харина гээд явсан ба Э.Гыг явсан хойгуур нь би Япон улс руу ниссэн юм. Тэгээд Япон улсад байхдаа 7 сарын 20-ны үед би Э.Гын эхнэр Даваагийн ... дугаарын утас руу залгаж ярихад Даваа нь “нөхөр жоншинд явсан, ирээгүй байна. Бид хоёр мөнгө нэмж байгаад олигтой машин авах гээд чамаас авсан мөнгөө хүүгийнхээ дансанд хийгээд хадгалчихсан байгаа гэж ярьсан. Тэрнээс хойш өдийг хүртэл надтай холбоо бариагүй, алга болчихоод байна.” гэх /хх-10/,

мөн гэрч П.Даваанямын өгсөн “…манай нөхөр Э.Г нь нөгөө 4 сая төгрөг дээрээ мөнгө нэмж машин авна гээд 7 сарын 16-ны өдөр Багануур дүүрэг рүү явж жоншны ажил хийж байгаад 7 дугаар сарын сүүлээр буцаж хотод ирсэн юм. Тэгээд дахиад 10 гаруй хоног байж байгаад буцаад жоншны ажилдаа яваад хэд хонож байгаад ирсэн юм. Ингээд нөхрийг 2 дахь удаагаа яваад ирэхэд нь би найзуудтайгаа уулзаж явж байгаад хүнд зодуулаад гэмтэл авсан юм. Тэгээд нөхөр ирчихээд намайг эмчлүүлье гээд хэд хоног эмнэлгээр явж эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн ба сүүлд нь манай ээжийн гэр болох Дамбадаржаагийн тэнд очиж гэрээр 1 сар гаруй эмчилгээ хийлгэсэн юм. ...Ингээд нөгөө машин авах гэж Батцогтоос авсан мөнгөнөөс 1.400.000 орчим төгрөгийг нь миний эмчилгээ, шинжилгээ зэрэг зүйлд зарцуулсан юм. Тухайн үед нөхөр бид хоёр хоёулаа ажилгүй болсон учир нөхөр маань машин авахаа болиод Батцогтоос авсан мөнгөө өр ширэндээ өгөөд, жижиг сажиг ахуйн хэрэглээндээ зарцуулаад л тэр мөнгө дууссан юм.” гэх мэдүүлэг /хх13-14/-үүд болон хавтаст хэрэгт цугларсан хохирогч Р.Батцогтын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-36/, шүүгдэгчийн эхнэр П.Даваанямын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх27-30/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Гыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Г нь хохирогч Р.Батцогтод учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Р.Батцогт мөрдөн байцаалтад шүүгдэгчээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ “Э.Г нь 4 сая төгрөгийг 2019.02.01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаа илэрхийлсэн тул хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн, хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт /хх36/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гын өгсөн мэдүүлэг зэргээр хохирогч Р.Батцогтод 4.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г нь хохирогч Р.Батцогтод 1 сая төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн, хохирогч Р.Батцогт хохирлыг цувуулан авахаар тохиролцон 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 1 сая төгрөгийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Гаас үлдэх 3 сая төгрөгийг гаргуулан хохирогч Р.Батцогтод олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Гт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Э.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.                                                                

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3, 36.5, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхээгийн Э.Гыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Г нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар  Э.Гаас 3.000.000 төгрөгийг  гаргуулан хохирогч Р.Батцогтод олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ОДОНТУУЛ