| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 191/2025/13293/И |
| Дугаар | 210/МА2026/01010 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01010
2026 05 06 210/МА2026/01010
Б.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02082 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Бүрэн финанс ББСБ ХХК-д холбогдох,
19,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Чулуунцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, М.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь хүргэн ах Д.Интэрбиштэй хамтран Toyota Aqua автомашиныг 17,200,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 3,500,000 төгрөгийг худалдагчид шилжүүлж, үлдэх төлбөрийг Бүрэн финанс ББСБ ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 13,700,000 төгрөгийг, сард 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж төлсөн. Тухайн өдрөө №D22/193-1 дугаар фидуцийн гэрээ байгуулж автомашины эзэмших эрхийг хариуцагч шилжүүлж авсан.
1.2. Зээлдэгч Д.Интэрбиш нь нас барсан ч түүний эхнэр болон хамтран зээлдэгч нар нь 2024 оны 11 сар хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж, 16,120,000 төгрөг болон урьдчилгаанд өгсөн мөнгөтэй нийлээд 19,620,000 төгрөг төлсөн. 2024 оны 11 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд энэ талаараа хариуцагчид удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд Бүрэн финанс ББСБ ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр фидуцийн гэрээний зүйлийг хураан авч, уг ажиллагааг хийхдээ зээлдэгчид мэдэгдээгүй.
1.3. Бид 19,620,000 төгрөг төлөөд машин ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдлээ. Зээлдэгч Интэрбиш нас барсан тул нэхэмжлэл гаргах боломжгүй, Б.Дуламсүрэн хамтран зээлдэгч тул хууль болон гэрээнд заасан шаардах эрхийн дагуу хохирол гаргуулах хүсэлтэй байна. Бүрэн финанс ББСБ ХХК нь гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан тул урьдчилгаа 3,500,000 төгрөг, зээл болон хүүнд төлсөн 16,120,000 төгрөг, нийт 19,620,000 төгрөгийг Бүрэн финанс ББСБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Д.Интэрбиш, Б.Дуламсүрэн нар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Toyota Aqua автомашиныг 17,200,000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа 3,500,000 төгрөг төлж, үлдэх 13,700,000 төгрөгийг зээлээр төлөхөөр болж, Бүрэн финанс ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, мөн автомашины өмчлөх эрхийг шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулан, 13,700,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр 620,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
2.2. Зээлдэгч нар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс графикийн төлбөрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, салбарын зүгээс байнга утсаар мэдэгдэж байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох Toyota Aqua машиныг зээлдэгчийн хүү И.Уугандаваагаас хураан авсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хамтран зээлдэгч Б.Дуламсүрэн нь ирж уулзан 630,000 төгрөгийн төлбөрийг төлж, машиныг хүлээн авах цаашид тухайн зээлийг цаг хугацаанд нь төлж байх талаар хүсэлт өгч машиныг авч явсан. 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дахин явцын хугацаа хэтрэлт үүсгэж, зээлдэгч нартай зээлийг төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд 2025 оны 02 дугаар сард фидуцийн гэрээний зүйл болох Toyota Aqua автомашиныг хураан авсан.
2.3. Toyota Aqua автомашиныг 10,100,000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд зээл хаах үед үндсэн зээл, 6,523,517.07 төгрөг, зээлийн хүү 2,050,957.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260,191.94 төгрөг, нийт дүн 8,834,667 төгрөг, торгууль 590,000 төгрөг, татвар 2022-2025 он хүртэл 371,609 төгрөг, зам ашигласны төлбөр 23,000 төгрөг, шинэ гэрчилгээний үнэ 49,500 төгрөг болсныг 10,100,000 төгрөгөөс хасч 231,524 төгрөг үлдсэнийг Ховд аймгаас автомашин ачиж ирсэн зардал 400,000 төгрөг болсныг тооцож үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453.1. дэх хэсэг, 235 дугаар зүйлийн 235.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн, хариуцагч Бүрэн Финанс ББСБ ХХК-н холбогдуулан гаргасан 19,620,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Миний бие шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Уг шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, бодитой, харьцуулан үнэлээгүй, хариуцагчийн нэг талын тайлбар, тооцоонд тулгуурласан, маргааны гол нөхцөл байдал болох автомашин хураан авах, борлуулсан ажиллагааны хууль зүйн үндэслэл, түүний тооцооллыг гүйцэт тогтоогоогүй гэж үзэж байна.
4.2. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын автомашин хураан авсан, улмаар борлуулсан үйл ажиллагааг зөв гэж үзсэн боловч дараах асуудлыг бүрэн тогтоогоогүй.
Үүнд: автомашин хураан авахаас өмнө алба ёсны мэдэгдэл хүргүүлсэн эсэх, автомашиныг хураан авсны дараа борлуулах ажиллагааны дараалал, хэлбэр, нөхцөл нь хууль, гэрээнд нийцсэн эсэх, борлуулалтын орлогоос хассан гэх зардлууд нь бодитоор гарсан, баримтаар нотлогдсон, шаардлагатай зардал мөн эсэх нь тодорхойгүй.
Автомашиныг 10,100,000 төгрөгөөр борлуулсан нь бодит зах зээлийн ханштай нийцэж байсан эсэх, хараат бус үнэлгээ хийсэн эсэх, хэдэн этгээдэд санал болгож, ямар журмаар борлуулсан талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх энэ нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогдсон мэтээр үнэлсэн. Маргааны зүйл болсон автомашин нь худалдан авах үедээ 17,200,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд хариуцагчийн зүгээс борлуулалтын үнийг бууруулсан шалтгаан, автомашины бодит техникийн байдал, элэгдэл, зах зээлийн жишиг үнийн талаар нотлох үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байхад уг үнийг шууд хүлээн зөвшөөрсөн нь үндэслэлгүй. Шүүхийн энэ дүгнэлт нь миний эрх ашигт сөргөөр нөлөөлсөн бөгөөд автомашиныг үнэгүйдүүлж борлуулсан эсэх асуудлыг бүрэн тогтоох шаардлагатай.
4.3.Мөн шүүх миний төлсөн төлбөрийн хэмжээг шүүх 15,056,870 төгрөгөөр тогтоосон боловч миний нэхэмжлэлд дурдсан урьдчилгаа 3,500,000 төгрөг болон зээлийн гэрээний хугацаанд хийгдсэн төлөлтүүдийг нэгдмэл байдлаар харьцуулж, эцсийн тооцоог тал бүрээс нь нягтлаагүй байна. Үндсэн зээлдэгч нас барсныг үүргийг дуусгавар болгох үндэслэл биш гэж дүгнэсэн. Миний зүгээс ч үүрэг бүхэлдээ автоматаар дуусгавар болсон гэж маргаагүй.
Үндсэн зээлдэгч нас барсны дараа хариуцагч байгууллагаас надад үлдэгдэл төлбөр, хугацаа хэтрэлт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэрхэн, хэзээ, ямар хэлбэрээр мэдэгдсэн, улмаар автомашин хураахаас өмнө бодитой төлбөр барагдуулах боломж олгосон эсэх нь маргааны чухал нөхцөл байдал байсан. Гэтэл шүүх энэ хэсгийг ерөнхий байдлаар дүгнэж, талуудын харилцааны бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй байна.
Маргааны гол асуудал нь зөвхөн зээлийн гэрээ хүчинтэй эсэх тухай биш, харин автомашин хураах ажиллагаа гэрээ, хуульд нийцсэн эсэх, автомашины борлуулалтын үнэ бодит эсэх, борлуулалтын орлогоос хассан зардлууд үндэслэлтэй эсэх, урьдчилгаа болон төлсөн төлбөрөөс эрх ашиг хамгаалагдах ёстой эсэх гэдгийг иж бүрэн тогтоох шаардлагатай байсан.
Машиныг үндсэн зээлдэгч Д.Интэрбишийн эхнэр Б.Отгонсүрэн нь 14,500,000 төгрөгөөр худалдан борлуулаад үлдэгдэл 6,000,000 төгрөгийг төлж барагдуулах талаар зээлдүүлэгчтэй ярьж байсан байхад шууд хөрөнгийг хураан авч зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсанд гомдолтой. Үндсэн зээлдэгч 28,656,870 төгрөг гаргаад машин ч үгүй мөнгө ч үгүй хохирч байгааг гайхаж байна.
Дээрх асуудлууд бүрэн тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй болгож байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02082 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүхэд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга
5.1. Үндсэн зээлдэгч нас барахаас өмнө үндсэн зээлдэгч, түүний эхнэр Б.Отгонсүрэн нартай холбоо барьж зээлийг төлбөрийг төл гэж удаа дараа шаардлага тавьдаг байсан. Нэхэмжлэгч нь төлбөрийн зөрчил гаргасан учраас 2023 оны 08 дугаар сард автомашиныг Дэнжийн 1000-д байрлах газраас үндсэн зээлдэгчийн хүү И.Уугандавгаас хурааж авч байсан. Тухайн үед зээлдэгч нарын хүсэлтийн дагуу хамтран зээлдэгч Б.Дуламсүрэн ирж дахин төлбөрийн зөрчил гаргахгүй гэж холбогдох баримтад гарын үсэг зурсан. Үүнээс хойш зээлдэгч нь төлбөрийн зөрчил удаа дараа гаргасан учир 2025 оны 02 дугаар сард автомашиныг Ховд аймгаас хураан авч Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Б.Отгонсүрэн нь хадгаламжийн хугацаа дуусаж байгаа учир зээл авч автомашинаа авна. Надад хугацаа өгнө үү гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Уг хүсэлтийн дагуу зээлдэгч нарыг хүлээж 2025 оны 10 дугаар сард unegui.mn сайтаас үнийн судалгаа хийж автомашиныг худалдан борлуулсан.
5.2 Маргаан бүхий автомашиныг хурааж авах үед бүтэн деталь байхгүй эвдрэлтэй байсан. 1,700,000 төгрөгөөр засвар хийж кузов болон гагнуурын ажлууд хийсэн. Мөн нэмэлтээр 400,000 төгрөгийн тээврийн зардал гарсан. Уг зардлыг нэхэмжлэгчээс шаардаагүй бөгөөд тухайн автомашиныг худалдан борлуулж гарсан зардлаас нь зээлийн төлбөрийг төлүүлсэн. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авснаас хойш татвар, торгууль зэргийг төлж барагдуулаагүй. Автомашинтай холбоотой гаргасан зардлыг автомашин худалдан борлуулсан үнийн дүнгээс хасаж худалдан борлуулсан. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр автомашиныг байгаа газраас нь хурааж авах бүрэн эрхтэй.
5.3. Зээлийн төлбөрийн зөрчил 2024 оны 11 дүгээр сараас эхэлж гарсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж гарсан. Тухайн өдрөөс хойш 2025 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд зээлдэгчид зээлээ төлөх хугацаа олгосон боловч зээлийн төлбөрийг төлөөгүй учир автомашиныг хурааж авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг гэрээний 4.3-т зааснаар сар бүр төлбөр төлөх ёстой. Уг төлбөрийг төлөөгүй учир талуудын байгуулсан гэрээний 4-д зааснаар автомашиныг зээлдэгчийн зөвшөөрөлгүй хураан авч худалдан борлуулж төлбөрийг барагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Дуламсүрэн нь хариуцагч Бүрэн финанс ББСБ ХХК-д холбогдуулан автомашин худалдан авахад урьдчилгаанд төлсөн 3,500,000 төгрөг, зээл, хүүнд төлсөн 16,120,000 төгрөг, нийт 19,620,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч фидуцийн гэрээний зүйл автомашиныг худалдан борлуулж зээлийн үлдэгдэл төлбөр бусад зардлыг төлж гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3.1. Зээлдэгч Д.Интэрбиш, Б.Дуламсүрэн, зээлдүүлэгч Бүрэн финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №D22/193 дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн №D22/193-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ тус тус хэрэгт авагдсан./хх-33-38/
Дээрх зээлийн болон фидуцийн гэрээгээр, зээлдүүлэгчээс зээлдэгчид 13,700,000 төгрөгийг, сард 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Тоёота акуа маркийн 9061 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
Гэрээ байгуулснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Д.Интэрбиш нас барсан. /хх-84/
3.2. Зээлдэгч нар гэрээний үүргээ биелээгүй тул хариуцагч Бүрэн финанс ББСБ ХХК нь фидуцийн гэрээний зүйл тээврийн хэрэгслийг зээлдэгч Д.Интэрбишийн хамаарал бүхий этгээдээс хураан авч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр худалдан борлуулсан 10,100,000 төгрөгөөс үндсэн зээл 6,523,517.07 төгрөг, зээлийн хүү 2,050,957.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 260,191.94 төгрөг, тээврий хэрэгслийн торгууль, татвар, бусад зардал 1,434,109 төгрөгийг хасч тооцон гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байхад нэхэмжлэгч Б.Дуламсүрэнгийн хувьд зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодруулах шаардлагатай байна.
Тухайлбал, нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйл автомашины үнийг болон урьдчилгаанд төлсөн мөнгийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй тул талууд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар бүрэн мэтгэлцээгүй гэж үзнэ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт зааснаар талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулж шаардлагыг хангасан хэлбэрээр гаргаж өгөх үүрэгтэй.
4.1. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлийн гэрээний тооцоолол, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, зээлийн барьцаанд хураагдсан автомашин худалдан борлуулахтай холбоотой гарсан татвар, торгууль, засварын зардлын баримтууд нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. /хх-46-49, 51, 53-59, 61-72, /
Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02082 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 256,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ц.ЦЭРЭНДУЛАМ
|
|