Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1078

 

 

 

 

 

           2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/01078

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар баг Хөшиг гэх газар оршин суух, Авгачууд овгийн Рэнцэнгийн Батдэлгэр /НС54022879/ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны нэхэмжлэлтэй,

Р.Батдэлгэрийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Батдэлгэрийн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Р.Батдэлгэр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж алга болсон аймгийн Архивын тасгаас дээрх хугацааны цалингийн түүвэр гаргасан. Иймд Р.Батдэлгэрийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун нэхэмжлэгч Р.Батдэлгэрийн  ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Рэнцэнгийн Батдэлгэр нь Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь 1981 оны 01 сараас 1989 оны 12 сарыг дуустал хугацааны сар тутмын цалин хөлсний түүвэр бүхий Төв аймгийн Архивын тасгийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 732 тоот лавлагаа, Сэргэлэн сумын Монгол-Вьетнамын найрамдалт Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 06 сарын 05-ны өдрийн 61 тоот тушаал, 1985 оны 09 сарын 14-ний өдрийн 120 тоот тушаал, Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оноос 1989 он хүртэл хугацаанд хамт ажиллаж байсан гэрч Ц.Батсайханы мэдүүлэг, гэрч Л.Хишигнямын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Рэнцэнгийн Батдэлгэрийн Төв аймгийн Сэргэлэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН