| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2023/01910/И |
| Дугаар | 210/МА2026/01017 |
| Огноо | 2026-05-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/01017
2026 05 06 210/МА2026/01017
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01351 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, *******нарт холбогдох,
41,614,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Ц.Анужин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1.Манай компани *******-тай 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн НБГ20/07-28-01 дугаартай 769,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл *******-ийн ерөнхий инженер *******, төслийн удирдагч *******, инженер *******нар “чи бидэнд туслаач, дотор нь ажилладаг болохоор өөрсдийн нэрээр гэрээ хийж болохгүй байна, бид нар *******-тай тохироод ажил хийлгэх газраа үзүүлчихсэн, гэрээгээ бэлдчихсэн, энэ гэрээний ажлыг бид нар хариуцаад найдвартай хийчихнэ, чи ажлын хөлснөөс урьдчилгаа өгчих” гэж гуйж ятгаад байсан.
1.2. Гуйгаад байхаар нь *******-аас таазыг тусгаарлагч бодисоор шүрших ажлыг 101,250,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 18/20/20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зуруулж, компанийн тамгыг даруулсан. Үүнээс өмнө 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөг надаас авсан байсан. *******нь *******-д 2020 оны 10 дугаар сарын 23-нд ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа гэж бичээд өгсөн. Манай компанид ажлын хөлсөнд 2020 оны 10 дугаар сарын 09-нд 100,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-нд 150,000,000 төгрөг тус тус *******-аас дансаар шилжүүлсэн. Үүнээс 2020 оны 10 дугаар сарын 09-нд 50,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 15-нд 125,000,000 төгрөг, нийт 175,000,000 төгрөгийг *******-ийн *******, *******, *******нарт бэлэн мөнгөөр өгсөн.
1.3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2022/01586 дугаар магадлалаар 41,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөг, нийт 41,614,200 төгрөгийг *******-аас гаргуулан *******-д олгохоор шийдсэн.
Иймд манай компаниас *******-д өгөх ажлын хөлс гэж 175,000,000 төгрөг авснаас 125,000,000 төгрөгийг нь хувьдаа завшиж ашигласан ерөнхий инженер *******, төслийн удирдагч *******, инженер *******нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардаж байгаа 41,614,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******-тай гэрээ хэлцэл байгуулаагүй, төлбөр мөнгө аваагүй, нэхэмжлэгч болон *******-ийг холбож өгсөн, уг гэрээт ажлын үеэр миний бие БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан учир төлбөр тооцооны асуудалд хамааралгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, тодорхой бус, нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн зүйлийг шаардаж байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон гэжээ.
3. Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
3.1 *******-тай ямар ч гэрээ хийгээгүй, өгсөн мөнгө нь *******-аас бусдад хийгдэх ёстой байсан ажлын зардалд зарцуулагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал байсаар байхад дахин нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, 10,000,000 төгрөг хэрэглэсэн гэж гэрчээр мэдүүлсэн боловч ажлын гүйцэтгэлийн үед өөрөөсөө гарган гүйцэтгэлийн төлбөрт тооцуулж зарцуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Бид гуравт *******-аас бэлнээр өгсөн 175,000,000 төгрөгөөс *******-тай байгуулсан ажлын урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн, энэ хоёр компанийн ажлыг хүлээлцсэний дараа үлдэгдэл 51,250,000 төгрөгийг өгөх ёстой байсан ч Ноён нуур ХХК-ийн захирал хөдөө яваад эзгүй байсан учраас 2021 оны 03 дугаар сарын 01-нд *******-ийн ажлыг би хүлээж авсан. Нутгийн буян групп ХХК-аас зөвшөөрөл авахгүйгээр *******-тай гэрээ байгуулсан үндэслэлээр гэрээ цуцлагдаж, үлдэгдэл төлбөр хийгдээгүй, 125,000,000 төгрөгийг бусад ажилд зарцуулсан. Би өөрийн машинаа 10,000,000 төгрөгт тооцож *******-д өгсөн. *******-иас авсан 175,000,000 төгрөгөөс 75,000,000 төгрөгийг *******-ийн ажилд ажилд тооцож авсан гэдгээр нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан, үлдэх 125,000,000 төгрөгийг 3500 м.кв талбайтай нэгдсэн гражийн дотор өрлөг, шавар, дотор заслын ажлын хөлсөнд зарцуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******, *******нараас тус бүр 13,871,400 төгрөг буюу нийт 41,614,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 366,021 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******, *******нараас 366,021 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.
6.Хариуцагч нар гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд гэдэгт хариуцагч нар болох *******, *******, *******нарыг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэдэгт нэхэмжлэгч ******* тодорхойлж, хариуцагч нар болон нэхэмжлэгч *******-ийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж шүүх дүгнэсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ *******-ийн ерөнхий инженер *******, төслийн удирдагч *******, инженер *******нартай харилцан тохиролцсон талаараа дурдсан. Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүхэд *******-ийн нэхэмжлэлтэй *******, *******-д холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалаар 42,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөг, нийт 41,614,200 төгрөгийг *******-иас гаргуулж, *******-д олгохоор шийдвэрлэсэн.
Уг хэрэгт ******* мэдүүлэгтээ: ******* нь шалны ажил, фотокс өндөрлөгөөний ажил хийдэг байсан, *******, *******бид гурав дотор заслын ажлыг нь хариуцаад хийж гүйцэтгэе гэж харилцан тохиролцоод ажил хийсэн,
Гэрч *******мэдүүлэгтээ: *******, ******* бид гурав *******тэй ярилцсаны үндсэн дээр энэ ажлыг хийсэн, тухайн барилга дээр ганцхан ******* ажиллаагүй, өөр компаниуд ажиллаж байсан, түүний хөлсөнд өгсөн, үлдэгдэл өрлөг, шавар, засварт бусад төлбөр зарцуулагдсан,
Гэрч ******* мэдүүлэгтээ: Нийт гэрээт ажил 250,000,000 төгрөг болсноос 75,000,000 төгрөгийг нь ******* өөрсдийн ажлын хөлсөнд авсан, 175,000,000 төгрөг үлдсэн, *******-тай Отгонбаатар харьцаад гаржийн засварын ажлыг хариуцаад хүмүүсээр хийлгэсэн, 50,000,000 төгрөгийг *******-д өгнө гээд *******надаас авсан, хоёр давхар гаржийн хөөс цацахаас өмнө заслын ажил гэх мэт жижиг сажиг ажлууд их байсан, гүйцэтгэлээ тэнд хуваарилаад таарсан гэж мэдүүлдэг.
Эндээс үзэхэд нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч *******, *******, *******нартай ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон үйл баримт, хариуцагч нарт ажлын хөлсөнд 175,000,000 төгрөг өгснөөс, *******50,000,000 төгрөгийг *******-д өгсөн, үлдэгдэл төлбөрөөр дотор заслын ажлыг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэж өгсөн гэж үзэхээр байна.
Иймд талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэл бий болоогүй байна.
6.2.Нэхэмжлэгч *******нь гэрчийн мэдүүлгүүд, шүүхийн шийдвэр, магадлалыг үндэслэж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрвээ ******* нь төлбөр төлөх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй бол хариуцагч нараас төлбөр нэхэмжлэхгүй байх байсан.
******* нь ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус, хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан, хийсэн ажил, хоорондын тохиролцоогоо үгүйсгэж, өр төлбөрийн акт тавиулсан гэж маргасан боловч энэ нь нотлогдоогүй, харин ******* нь гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн нь шүүхээр нэгэнт тогтоогдсон.
Энэ талаар ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч төлбөр огт төлөөгүй, төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан болно. Тийм ч учраас нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон дүнгээр тодорхойлж, шүүхийн шийдвэр, магадлал, гэрчийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.
Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтууд буюу шүүхийн шийдвэр, магадлалын хүрээнд хариу тайлбараа гаргасан, өөрөөр хэлбэл нэгэнт шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим алдагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилга буюу хүсэлтийн үндсэн дээр явагдах ёстой. Нэхэмжлэгч шаардлагаа хэрхэн тодорхойлж шаардах нь түүний эрхийн асуудал байхад шүүх хариуцагч нар мөнгө авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдгээр буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай ямар тохиролцооны үндсэн дээр мөнгө өгсөн, мөнгөө буцаан шаардаж байгаа үндэслэл нь гэрээний үүрэг, гэрээний бус үүрэг, хохирол алин болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч шаардлагаа шүүхийн шийдвэр, магадлалд зааснаар тодорхойлж, хохирсон гэх боловч нэхэмжлэгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийг төлөөгүй, төлөхөөс татгалзаж байгаа нөхцөл байдлыг шүүх дүгнэлтдээ анхаараагүй.
Хариуцагч нар нь *******, эсхүл ******* гэж хувь хүнтэй нь тохиролцсон эсэх, мөнгийг хуулийн этгээдээс эсхүл хувь хүнээс өгөөд байгаа алин нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар, нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
6.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол мөн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар заасан.
Гэрээнд *******-ийн захирал ******* төлөөлж гарын үсэг зурсан. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд компанийн гүйцэтгэх удирдлагаар тэрээр тэмдэглэгдээгүй, хуулийн этгээдийн хувьд гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт оруулах бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ гэж заасан. Гэтэл *******-ийн захирал *******ийн гүйцэтгэх удирдлагын төлөөлөх эрх нотлогдоогүй. ...Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж хуульд заасан байхад шүүх хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүйг нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нотлох үүргийн хуваарилалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэйгээ өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргах үүрэгтэй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01351 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1 Хариуцагч нарын зүгээс *******ийг ******* төлөөлөх эрхгүй гэдэг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ******* *******-ийг төлөөлөх эрхгүй этгээд гэдгийг нотлоогүй. *******-ийг ******* төлөөлж гэрээнд гарын үсэг зурж, шүүхэд төлөөлөх эрхтэй этгээд гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой тогтоодог.
7.2. *******, *******-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүхээс *******, *******-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 70,000,000 гаруй төгрөгөөс улсын тэмдэгтийг хураамжийг хасаж, 41,614,200 төгрөгийг *******-аас *******-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт хамаарахгүй үндэслэл нь магадлалаар "Соло мөнх" ХХК, *******-ийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр. *******-аас 175,000,000 төгрөгийг "Нутгийн буян групп" ХХК буюу үндсэн захиалагч компанийн төслийн удирдагч *******, ерөнхий инженер *******, техник хяналтын инженер *******нарт мөнгө өгсөн үйл баримт нотлогддог. *******, *******, *******нь "бид нар "Соло мөнх" ХХК-тай хамтраад энэ ажлыг хийлгэчихнэ, энэ мөнгөө чи 3 хувааж авч болохгүй, нэг мөсөн надад төл" гээд 2 удаа орж ирсэн мөнгөнөөс гэрээ байгуулахын өмнө "бид нар ингээд ажлаа тохироод гэрээгээ бэлдчихсэн, чи энд зөвхөн гарын үсэг зураад л тамга дарахад болно, үлдсэн ажил дээр санаа зоволгүй урьдчилгаа мөнгө болгоод 175,000,000 төгрөг өг" гээд 101,000,000 төгрөгийн гэрээтэй ажил дээр 175,000,000 төгрөг авсан гэдэгт *******, *******, *******нар маргадаггүй. "Соло мөнх" ХХК-д 50,000,000 төгрөгийг өгөөд 125,000,000 төгрөгийг хувьдаа ашигласан, нэг хүн 41,666,000 төгрөгийн цэвэр ашгийг олсон. Дээр дурдсан мөнгөнөөс 13,000,000 төгрөгийг төлөхөд цаана нь 27,800,000 гаруй төгрөг *******, *******, *******нарын халаасанд цэвэр ашиг болоод үлдэж байна. *******, *******, *******нар нь *******-ийн өмнөөс төлбөрийг авсны улмаас энэ маргаан үүссэн байдаг. *******, *******, *******нарын хувьдаа завшсан мөнгийг ******* нь төлөх үндэслэлгүй байна. 125,000,000 төгрөгийг өөр ажил зарцуулсан гэх боловч ажилд зарцуулсан гэх баримтыг гаргаж өгөөгүй ба энэ талаар мөн анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “нэхэмжлэгч уг хүчин төгөлдөр гэрээний дагуу *******, *******, *******нарт өгсөн мөнгийг *******-д өгөөгүйн улмаас төлбөр гаргуулахаар шаардаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байна.
7.3. Дээрх үндэслэлээр *******-д 41,666,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэл гэж үзэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан нь хууль зөрчөөгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
хариуцагч ******* “…*******-тай гэрээ хийгээгүй, төлбөр аваагүй, уг гэрээт ажлын үеэр би БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан тул хамааралгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй, эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргаагүй, шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн зүйлийг шаардаж байна” гэж,
хариуцагч ******* “...*******-тай гэрээ хийгээгүй, өгсөн мөнгө нь “Ноён нуур”-аас хийгдэх ажилд зарцуулсан, шүүхийн шийдвэртэй тул нэхэмжлэл үндэслэлгүй, би ашигласан мөнгөө сүүлд нь нөхөж төлөөд гүйцэтгэлийн төлбөрт зарцуулсан” гэж,
хариуцагч *******“...175,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг *******-д өгсөн, “Нутгийн буян” ХХК-аас зөвшөөрөл аваагүй үндэслэлээр *******-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, үлдэгдэл төлбөр хийгдээгүй, 125,000,000 төгрөгийг бусад ажилд зарцуулсан тул төлөхгүй” гэж тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №НБГ-20/07-28-01 ажил гүйцэтгэх гэрээгээр, *******-ийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдах үйлчилгээтэй 12 давхар орон сууцны хорооллын А8, С1 блокийн гаржийн хар шал, өнгөлгөө, шалны будаг, өрлөг, шавар, дотор заслын ажлыг гүйцэтгэгч ******* 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлсний 65 хувь 500,175,000 төгрөгийг бэлнээр, 35 хувь 269,325,000 төгрөгийг бартераар тооцож захиалагч төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-28-35/
3.2.Гэрээт ажлын хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр, *******, *******-ийн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр, дээрх гэрээний захиалгат барилгын 7500 м.кв талбай бүхий таазыг БНСУ-ын HICOTE SP-2 дулаан, ус чийг, дуу чимээ тусгаарлах будгаар будах ажлыг *******-аар хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 1 м.кв талбайг 13,500 төгрөгөөр нийт 101,250,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 50,625,000 төгрөгийг дансанд шилжүүлснээр гэрээ баталгаажих, ажил гүйцэтгэх явцад 30 хувь 30,375,000 төгрөг, ажил хүлээлцсэний дараа үлдэх 20,250,000 төгрөгийг захиалагч ******* төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-13-18/
4. *******-аас *******-д 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №НБГ-20/07-28-01 ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 150,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг өгснөөс, ******* нь 75,000,000 төгрөгийг авч, үлдсэн 175,000,000 төгрөгийг хоёр хувааж буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг *******-д, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 125,000,000 төгрөгийг *******, *******, *******нарт бэлнээр хүлээлгэж өгсөн тул ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу *******-д төлөх болсон 41,614,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж тайлбарлана.
5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/01546 шийдвэрээр, *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******-д холбогдох, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 76,875,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх шийдвэрлэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн магадлалаар, маргаан бүхий 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн №18/2020 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн, *******-аас 41,250,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 364,200 төгрөг, нийт 41,614,200 төгрөг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлага болон *******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. /хх-3-11/
6. Хариуцагч *******, *******, *******нар нь *******-д ажиллаж байхдаа дээрх 175,000,000 төгрөгийг *******-ийн ажлын гүйцэтгэлд *******-аас авснаас 50,000,000 төгрөг болон 10,000,000 төгрөгт автомашин тооцон, нийт 60,000,000 төгрөгийг *******-д өгсөн үйл баримтууд дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй.
7. Харин *******-иас авсан мөнгөнөөс үлдэх 41,614,200 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
7.1. ******* болон хариуцагч нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул маргааныг гэрээ зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
Хариуцагч нар *******-аас авсан мөнгийг бусад туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлсөнд зарцуулсан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч *******-аас өгсөн мөнгийг хариуцагч нарт *******-ийн ажлын гүйцэтгэлд төлөх байсан боловч зориулалтын дагуу шилжээгүйн улмаас ******* нь *******-д 41,614,200 төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болсон.
Шүүх 41,614,200 төгрөгийн хэмжээгээр хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн уг мөнгийг хариуцагч нараас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь буруу биш.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 41,614,200 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.
7.2. Хариуцагч нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тул тэдгээрийн үүрэг тэнцүү гэх дүгнэлт мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т нийцнэ.
8. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлж захирал ******* гэрээ байгуулсан тул хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдол хангагдахгүй.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01351 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.ЦЭРЭНДУЛАМ