Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1076

 

 

 

 

 

          2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/01076

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг Байдраг төв задгай 1 гудамж 1 тоотод оршин суух, Их монгол овгийн Самбуугийн Батхүү /НЧ61050413/ -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюуны нэхэмжлэлтэй, 

 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун, нарийн бичгийн дарга А.Солонго  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...С.Батхүү нь 1979 онд Төв аймгийн Баянчандмань дах ХАА-н Техник мэргэжлийн сургуулийг трактор, комбайнчаар төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэн баян нэгдэлд 1979 оны 07 сараас 1991 оны 01 сар хүртэл тракторчноор, Баяндэлгэр сумын Цацрал ХХК-д 1991 оны 1 сараас 1994 оны 12 сарыг дуустал хугацаанд тракторчноор тус тус ажиллаж байсан.  С.Батхүүгийн Цацрал ХХК-д ажиллаж байсан талаарх баримт гараагүй тул нотлох баримтын хүрээнд түүний нэгдэлд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Оюун нэхэмжлэгч С.Батхүүгийн ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох”-доо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэж, 135.2-д  эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д “ хүний ажиллаж байсан байдал”-ыг тогтоохоор заажээ.

 

Самбуугийн Батхүү нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 04 хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан болох нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1979 оны 07 сарын 05-ны өдрийн 81 тоот “Шинээр сургууль төгсч ирсэн мэргэжилтэн , ажилчдыг ажилд авах тухай” тушаалын 2 дугаарт ...С.Батхүүг 07 сарын 01-нээс трактор, комбайны жолоочоор ажиллуулсугай,

Баяндэлгэр сумын Нэгдлийн зөвлөл, Намын үүрээс 1981 оны 05 сарын 15-ны өдөр олгосон Баярын бичиг,1982 оны  05 сарын 15-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх,  1980 оны 08 сарын 25-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, 1985 оны 08 сарын 18-ны өдөр олгосон Талархал, 1987 оны 05 сарын 11-ны өдрийн 30 тоот, 1988 оны 11 сарын 24-ний өдрийн 69 тоот тушаал, 1990 оны 11 сарын 23-ны өдрийн 163 тоот тушаал, 1991 оны 01 сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтын 64 дүгээрт...С.Батхүү тракторчин гэж тус тус тэмдэглэгдснээр, Хэрлэнбаян нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч П.Сэрээтэр, С.Балжин нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч  П.Сэрээтэр, С.Балжин нь тухайн нэгдэлд ажиллаж байсан болох нь  хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байх тул тэдгээрийн мэдүүлгийг шүүх нэнэ зөв гэж үзэв.

 Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тул шүүх үнэн зөв гэж үнэллээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Самбуугийн Батхүүгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 сарын 04 хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН