Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 535

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Д р ХХК,

Хариуцагч:  Улаанбаатар хотын ерөнхий менежер,

Гуравдагч этгээд: Т з ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар тушаалын Т з ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д р ХХК-ийн захирал Г.Ш , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д р ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани нь 04/0288 тоот тусгай зөвшөөрлийг үндэслэн, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК-тай 6 жилийн хугацаатайгаар байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 8, V C худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт Диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Д р ХХК-иас тус шүүхэд Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын Т з ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. Иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй үндэслэлээр Улаанбаатар хотын Ерөнхий менежерт манай Д р ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Т з ХХК-д шилжүүлж манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа юм.

Учир нь манай компаниас тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хандаж өөрийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Т з ХХК-ийн нэр дээр шилжүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, мөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох аливаа зөрчил гаргаж байгаагүй тул Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн гаргасан захиргааны актыг илт хууль бус гэж үзэж байна.

Захиргааны актын улмаас Д р ХХК-тай тусгай зөвшөөрлийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж зөрчигдөөд байгаа бөгөөд түрээсийн төлбөр их хэмжээгээр хуримтлагдах, цаашлаад 14 ажилчдын цалин, нийгмийн даатгал, татвар төлөх орлогын эх үүсвэргүй болгож, хүнсний бүтээгдэхүүнүүдийн чанар байдал нь муудах сөрөг үр дагаварт хүргэж байгаа юм.

Хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон асуудлаар дээд шатны албан тушаалтанд бичгээр хандаж удаа дараа уулзсан боловч тусгай зөвшөөрлийг хуулийн үндэслэлгүйгээр шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрсөн атлаа 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/173 тоот албан бичгээр ... хууль хяналтын байгууллагад хандаж эцэслэн шийдвэрлүүл.. гэх хариу өгсөн болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын Т з ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хоёр. Хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б , Э.У нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

... Т з ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлтийг Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дамжуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 205 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам-ын дагуу шаардлагатай материалыг бүрдүүлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлсэн.

Т з ХХК нь хүсэлтдээ дээрх журмын 4.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /журмын хавсралтаар баталсан маягтын дагуу/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гадна дотно тохижилтын зураг, улсын байцаагчийн дүгнэлт, Хоолны газрын ангилал зэрэглэл үндсэн шаардлага стандартыг хангасан хуудас, галын аюулгүй байдлын дүгнэлт, Дүүрэгтэй худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ зэрэг баримтыг хавсаргасан байсан бөгөөд уг байршил Д р ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй байртай давхцаж байсан.

Уг асуудлыг тус албаны ХХҮХ-т шилжүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материалын бүрдлийг шалгахад Д р ХХК нь бичиг баримт байхгүй бөгөөд өмнө нь ажиллаж байсан Өнөр хаус ХХК-иас Д р ХХК-руу нэр шилжүүлэх хүсэлт өгөөгүй тул цуцлуулах тухай гомдол ирүүлсэн байсан.

Иймд Д р ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг олж авсан нь үндэслэлгүй байсан тул уг байранд шинээр тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан. Иймд Т з ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь Д р ХХК-ийн эрх ашгийг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Т з ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Манай компани нь тусгай зөвшөөрөл авах бүхий л шаардлагыг хангаж, бүх шаардлагатай материалыг бүрдүүлж бүхий л журмын дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар тусгай зөвшөөрлийг авсан болно.

Иймд манай компанийн эрх ашгийг илт хөндөж байгаа уг нэхэмжлэл нь агуулга, шаардлагын хувьд, зохих хуулиудын хувьд ч тэр хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Г.Ш нь Д р компанийн бичиг баримт, тусгай зөвшөөрөл, эд хөрөнгө, үйл ажиллагааг залилан мэхлэх замаар өөрийн болгож авсан хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж яллагдагчаар татагдан прокурорт шилжсэн байгаа тул уг захиргааны хэрэг нь хуулийн дагуу түдгэлзэх ёстой гэж үзэж байна. Шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д р ХХК нь шүүхэд Улаанбаатар хотын Ерөнхий менежерт холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын Т з ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Д р ХХК-д Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх 04/0288 тоот тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар Хотын ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны даргаас 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдөр олгожээ.

Захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон уг хүчин төгөлдөр зөвшөөрлийг үндэслэн, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК-тай 6 жилийн хугацаатайгаар байгуулсан түрээсийн гэрээний дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө 8, V C худалдаа үйлчилгээний төвийн 2 дугаар давхарт Диско баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 дугаар Тусгай зөвшөөрөл сунгах, шинээр олгох, нэр шилжүүлэх, эрх сэргээх, хүчингүй болгох тухай тушаалын 2 дугаар хавсралтын Баянгол дүүрэг нэр шилжүүлэх хэсгийн 11 дүгээрт Т з ХХК /Д р ХХК-иас нэр шилжсэн/ гэх тодотголтойгоор тусгай зөвшөөрлийн эрхийг нэхэмжлэгчийн нэр шилжүүлэх буюу хүчингүй болгуулах хүсэлт гаргаагүй байхад Т з ХХК-д шилжүүлсэн нь түүний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 205 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам-ын 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан гэх заалтуудыг маргаан бүхий А/166 дугаар тушаалд үндэслэл болгосон нь нэхэмжлэгч Д р ХХК-д холбогдох заалт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талаар Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 12д3/10769 тоот албан бичгээр ... тусгай зөвшөөрлүүдийг эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй холбогдуулан ирүүлэхийг хүссэн, мөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12в/3265 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж байсан байна.

Хариуцагч тайлбартаа ...Т з ХХК-иас Нийслэлийн захирагчийн албанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг холбогдох баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тул зөвшөөрөл олгосон нь хууль ёсны үйлдэл гэж тайлбарлаж байгаа хэдий ч тухайн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулах стандарт шаардлагад нийцсэн байртай байх шаардлагыг хангаагүй болох нь түрээслэгч Дасэн ХХК-ийн албан бичиг, төлбөрийн нэхэмжлэлээр 2016 оны 3 дугаар сараас уг байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулсан, мөн үргэлжлүүлэн түрээсийн гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлж байсан болох нь нотлогдож байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгуулага нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох; бүртгэх; хяналт тавих; түдгэлзүүлэх, сэргээх; сунгах, хүчингүй болгох эрхтэйг онцлон зааснаас гадна Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрлийг бусдад шилжүүлэх, мөн зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр худалдаа, үйлчилгээ явуулах байршлаа өөрчлөхийг хориглоно гэж заажээ.

Хэдийгээр хариуцагч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасны дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, хүчингүй болгох эрхтэй хэдий ч дээр дурьдсанчлан Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжийн нэр шилжүүлэх гэдэг ойлголт хууль, журамд байхгүй болно.

Учир нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий захиргааны байгууллага нь тухайн аж ахуйн нэгж хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан, хүчингүй болгох нөхцөл шалтгаанууд бий болсныг нягтлан үзэж хүчингүй болгоод тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн аж ахуйн нэгжид шинээр олгохыг хуулиар зохицуулж өгсөн.

Мөн захиргааны байгууллага нь шийдвэр гаргахын өмнө захиргааны акт гаргах үйл ажиллагааг явуулаагүйн зэрэгцээ Захиргааны Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн буюу нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй байна. Уг шийдвэр гарснаар Д р гэх компаний эрх ашиг хөндөгдөж болох нөхцөл байдлыг тодорхойлж, тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасан захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх, тайлбар гаргах хуулийн заалтыг биелүүлээгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байдал тогтоогдоогүй ба Цагдаагийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 12д/411 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д р ХХК-д олгосон 04//0288 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, Т з ХХК-д шилжүүлсэн болохыг анх мэдэгдсэн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ гэж заасныг ноцтой зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ... Д р ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг олж авсан нь үндэслэлгүй байсан тул уг байранд шинээр тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргасан, нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч байгууллагаас тухайн үед олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагааг явуулж байсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус-д тооцох үндэслэл нь илэрхий, ноцтой хор уршиг бүхий, засах боломжгүй алдааг ойлгох бөгөөд 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл огт байхгүй, эсхүл акт ямар ч хуульд үндэслээгүй гарсныг ойлгоно. Энэ нь захиргааны шийдвэр хуульд үндэслэх зарчим буюу эрх зүйт төрийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгаагаараа илт ноцтой алдаанд тооцогддог учиртай.

Иймд нэхэмжлэгч Д р ХХК-ийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын Т з ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106,3, 106.3.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14 дүгээр зүйлийн 14.2, 16 дугаар зүйлийн 16.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д р ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/166 тоот тушаалын 2 дугаар хавсралтын Т з ХХК-д холбогдох хэсэг буюу Д р ХХК-иас Спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийн нэр шилжүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА