| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 149/2023/0079/Э |
| Дугаар | 2025/ХШТ/27 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ХШТ/27
А.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 115 дугаар цагаатгах тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар магадлалтай, А.М-д холбогдох эрүүгийн 2332000310083 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... овогт А.М;
А.М нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... албан өрөө болон шүүхийн байран дотор албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Я.Д-ын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэн, зүүн талын гуяны дотор талд хазаж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх А.М-д холбогдох хэргийг нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын прокуророос А.М-д холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Д.Түвшинтөгс бичсэн эсэргүүцэлдээ “...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/115 дугаартай цагаатгах тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Магадлалыг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэн эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд прокурор, оролцогчийн эдлэх эрх, үүрэг, талуудын мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулжээ.
Гэтэл тухайн хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурорыг ээлжийн амралттай байх хугацаанд өөр прокурор шүүх хуралдаанд томилолтоор оролцсон бөгөөд давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ яллах дүгнэлт үйлдсэн прокурорын цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэл, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг шүүхэд танилцуулж, хууль зүйн дүгнэлт гаргах, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар өмгөөлөх талтай эрх тэгш мэтгэлцэх боломжийг үндэслэлгүйгээр хязгаарласан байна.
Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ магадлалын тодорхойлох хэсэгт “...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг хэргээс ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар чөлөөлөгдсөн Г.Т прокурор...” гэж дурджээ.
Гэтэл Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/431 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох” тухай тушаалаар Г.Т нь тус сум дахь сум дундын прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор томилогдон өнөөдрийг хүртэл тус прокурорын газарт ажиллаж байгаа ба дээрх хяналтын прокурорын хувьд ажлаас чөлөөлөгдсөн асуудал байхгүй, чөлөөлөгдсөн гэж дүгнэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Мөн магадлалд “...хэргийн оролцогч бус этгээд гомдол гаргасан гэж үзнэ” гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “оролцогч” гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” гэж заасан ба хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн хяналтын прокурорыг хэргийн оролцогч бус этгээд хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.20-д “талууд” гэж шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах, өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчийг ойлгохоор хуульчилсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх журмыг зөрчиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорын шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй.
2.Хяналтын прокурор Г.Т нь яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний хувьд Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно”, Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан “Улсын яллагч нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана” гэсэн хуулийн агуулгад нийцэж байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж хуульчилснаас үзэхэд тухайн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоогүй боловч шүүхийн “Цагаатгах” тогтоолыг эс зөвшөөрч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний хувьд улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Магадлалд “...Г.Т прокурорыг эргүүлж томилсон шийдвэр авагдаагүй...” гэжээ. Гэтэл Прокурорын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Прокурорын байгууллага нь нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх” зарчмыг тусгасан байдаг. Нэгдмэл төвлөрсөн удирдлага гэдэг нь Прокурорын байгууллагын онцлог бөгөөд хэн нэгэн прокурор ээлжийн амралттай, чөлөөтэй байгаа тохиолдолд түүний эзгүйд дээд шатны прокуророос өөр прокурорыг томилох зарчмын дагуу хяналтын прокурор Д.Ш-ыг энэ шүүх хуралдаанд томилж оролцуулсан. Харин яллах дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор Г.Т-ийн хувьд дээд шатны прокуророос дахин түүнийг эргүүлэн томилох шаардлагагүй бөгөөд энэ талаар заавал томилж оролцуулна гэж хуульчилсан зүйл байхгүй юм.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаартай Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар “... улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэдэг талаар дурдагдсан боловч магадлалд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас өөрөөр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ДШМ/97 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэрэгт заасныг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Эрдэнэ хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх эсэргүүцэл бичсэн прокурорыг “анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй боловч яллах дүгнэлт үйлдсэн прокурор эсэргүүцэл бичсэн” гэж үзэж, хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянаж үзэлгүй анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй” гэж хуульчилсан боловч мөн зүйлийн 3 дахь хэсэгт болон уг хуулийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах, хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах тухай зохицуулалтад улсын яллагч, прокурор, дээд шатны прокурор гэж нарийвчлан тусгаагүй бөгөөд эсэргүүцэл гаргах эрх бүхий субъектийг зөвхөн прокурор, дээд шатны прокурор гэж хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хуульд яллах дүгнэлт үйлдсэн прокурор, улсын яллагчаар оролцсон прокурорын хэн нь эсэргүүцэл бичих, шүүхийн шатанд прокурор оролцох тохиолдол бүрд оролцвол зохих прокурорыг томилох талаар нарийвчлан зохицуулаагүй. Харин Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6-т заасны дагуу Улсын ерөнхий прокуророос прокурорын хяналтын ажлыг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх аргачилсан заавруудыг баталж, хууль хяналтын чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх алхам бүрийг нарийвчлан зохицуулсан.
Тодруулбал, Улсын ерөнхий прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих болон шүүхэд төрийг төлөөлөх зэрэг прокурорын хяналт хэрэгжүүлэх аргачилсан заавруудыг Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн баталсан. Холбогдох заавруудаар зохицуулсны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих прокурор нь хяналтын шатны шүүх хуралдаанд оролцохоос бусад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд хэрэгт хяналт тавьж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хэрэгт хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас эхлэн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэг бүртгэлт нээхээс татгалзах, хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, хэргийг хэрэгсэхгүй болгох, яллах дүгнэлт үйлдэх зэргээр шүүхийн өмнөх шатанд бие даан шийдвэр гаргадаг бол шүүхийн шатанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор бэлтгэл ханган оролцох, анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд яллах тал болж оролцох, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт эсэргүүцэл бичих зэрэг чиг үүрэгтэй. Харин хяналтын шатны шүүх хуралдаанд Улсын ерөнхий прокурорын газраас прокурор оролцож, дүгнэлт гаргахаар холбогдох зааварт тусгасан. Хэргийн хувьд, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн буюу хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэрийг бие дааж гаргасан прокурор анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнийг давж заалдах шатны шүүх “тухайн тохиолдолд прокурорыг үйл ажиллагаанд оролцуулахаар томилох ёстой” гэх агуулгаар магадлалын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж, “эсэргүүцэл бичих эрхгүй этгээд эсэргүүцэл бичсэн” хэмээн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн.
Томилолт нь тухайлсан ажиллагаанд хүчин төгөлдөр байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч томилолтоор оролцсоноор уг томилгоо нь хүчин төгөлдөр бөгөөд үйлчлэл нь цааш үргэлжлэх агуулгагүй байдаг. Уг нөхцөл байдлыг хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Түүнчлэн эсэргүүцэл гаргасан прокурор нь тухайн хэрэгт хамааралгүй прокурор биш ба тэрээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн хэргийн ажиллагаа, шийдвэрт бүхэлд нь хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас эрхгүй этгээд эсэргүүцэл бичсэн гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү.
Хэрэгт хяналт тавьж ажиллаагүй, шүүхийн шатанд улсын яллагчаар оролцоогүй ижил шатны өөр прокурор эсэргүүцэл бичсэн бол эсэргүүцэл бичих эрхгүй этгээд эсэргүүцэл бичсэн гэж үзэж болно. Энэ нөхцөлд прокурор нь хэрэгт хяналт хэрэгжүүлээгүй, томилогдоогүй тул түүнийг эсэргүүцэл бичих эрхгүй этгээд хэмээн үзнэ. Харин энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх эсэргүүцэл бичих эрхгүй этгээд эсэргүүцэл бичсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч М.Гансүх хэлсэн саналдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж тодорхой заасан. Тэгэхээр давж заалдах шатны шүүхэд прокурор Г.Т эсэргүүцэл бичсэн нь буруу учир давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Прокурор Г.Т нь хэрэгт хяналт тавьж байсан прокурор болохоос биш шүүх хуралдааны оролцогч биш. Тэрээр нэг ч удаа шүүх хуралдаанд оролцоогүй. Шүүх хуралдаанд хэн дуртай нь орж болдог бол прокурор томилсон тухай албан бичгийг шүүхэд хүргүүлэх хэрэггүй. Тэрний оронд хэн дуртайд нь тогтоолоо тараасан нь дээр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг гардуулах тухай зохицуулалт тусгагдсан. Өөрөөр хэлбэл, шүүх шийдвэрээ шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчид гардуулдаг. Иймээс прокурорын бичсэн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй.
Хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хэлэхэд, миний үйлчлүүлэгч А.М нь прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүхийн байранд орж хэн нэгэн шүүгч, төрийн албан хаагч руу ямар ч эсэргүүцсэн үг, үйлдэл гаргаагүй, зүгээр л сууж байсан. Ерөнхий шүүгчийн туслахын гар утсаар хийсэн бичлэгээс бүх зүйл тодорхой харагдана. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн байрны камерын бичлэгийг шалгах гэтэл тэр өдрийн бичлэг олдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн ... н.Б бичлэгийг устгачихад өгөхгүй байгаа. Хэргийн бодит байдлыг шалгаж тогтоох гэж удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. А.М зөрчлийн арга хэмжээ авагдахад хүртэл тус бичлэгийг хэрэгт хавсаргах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан байсан. Гэтэл түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Захиргааны зөрчил гаргасан гэж түүнийг шийтгэсэн асуудал нь учир дутагдалтай байсан боловч давж заалдах шатны шүүх тус шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч сүүлд хэрэгт авагдсан гар утсаар хийгдсэн бичлэгт болсон үйл явдал бүгд тодорхой тусгагдсан. Шүүх “хазсан байж болзошгүй нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг шалгаж тогтоо” хэмээн хэргийг 60 хоногийн хугацаагаар буцаасан боловч энэ талаар шалгах ажиллагаа хийлгүйгээр хэргийг шүүхэд буцаан шилжүүлсэн. Хэрэгт авагдсан бичлэгээс үзвэл, А.М нь нэг ч зохисгүй үг, хэллэг хэрэглээгүй. Харин түүний эхнэр Б.Т тус шүүхийн ерөнхий шүүгчтэй маргасан болох нь хангалттай тогтоогдсон. Хэрэгт авагдсан бичлэгээс цагдаагийн албан хаагчид миний үйлчлүүлэгчийг хэрхэн чирч, толгой дээр нь өвдөглөж сууж байгаад гавлаж байгааг та бүхэн харж болно. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй, прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд баримтлах журам, гаргах шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулсан билээ.
2.А.М-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавин, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурор Г.Т анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр явагдсан бөгөөд уг хэрэгт томилолтын дагуу Д.Ш прокурор оролцож... 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр уг хэргээс ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар чөлөөлөгдсөн Г.Т прокурор эсэргүүцэл гаргасныг хэргийн оролцогч бус этгээд гомдол гаргасан гэж үзнэ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана” гэж заасан... шүүгдэгч А.М-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах дүгнэлт үйлдсэн прокурор Г.Т ээлжийн амралтаа авсан гэх шалтгаанаар Д.Ш-ыг тус Прокурорын газраас томилсон, Г.Т-ийг эргүүлэн уг ажиллагаанд оролцуулахаар томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй, дээрх хуулийн заалтын дагуу хэрэгт оролцсон прокурор эсхүл, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргахаар хуульчлагдсан байна...” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэлээ.
3.Прокурор нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэхийг шүүхэд нотлох, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсээс А.М-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Т нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, А.М-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавин ажиллаж, улмаар 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг харьяаллын дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Цагаатгагдсан этгээд А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаа товлогдож, үүнээс 7 удаагийн шүүх хуралдаанд прокурор Г.Т оролцохоор хүрэлцэн ирсэн боловч шүүх хуралдаан хуульд заасан үндэслэлээр хойшлогджээ.
Харин 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд прокурор Г.Т ээлжийн амралттай гэх шалтгаанаар оролцох боломжгүй нөхцөл байдал үүсэж, Прокурорын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэг, Монгол улсын Ерөнхий прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/47 дугаар тушаалын I хавсралтаар батлагдсан “Прокурор шүүхэд төрийг төлөөлөх аргачилсан заавар”-т заасны дагуу дээд шатны прокуророос прокурор Д.Ш-ыг анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцуулахаар томилж, улмаар анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А.М-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
4.Ийнхүү дээд шатны прокуророос А.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор Д.Ш-ыг улсын яллагчаар оролцуулахаар томилсон нь прокурор Г.Т-ийг тухайн гэмт хэрэгт хяналт тавьж ажиллах чиг үүргээс чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалын “Г.Т-ийг эргүүлэн уг ажиллагаанд оролцуулахаар томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй” гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь заалтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн прокурор нь анхан шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар улсын яллагчаар оролцоогүй явдал нь түүнийг эсэргүүцэл бичих эрхийг нь хязгаарлах үндэслэл болохгүй тул энэ талаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогч бус этгээд эсэргүүцэл гаргасан гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай “Шүүгчийн захирамж”, эсхүл “Шүүхийн тогтоол” гаргахын оронд “магадлал” гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно”, “Прокурор шүүхэд төрийг төлөөлөх аргачилсан заавар”-ын 2.7 дугаар зүйлийн 7.“Шүүгч, прокурорын эсэргүүцлээр хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эсэх асуудлыг дээд шатны прокурорт танилцуулж, шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг дурдах нь зүйтэй.
6.Давж заалдах журмаар хэргийг хянан үзэх эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж нотлогдсон эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хасаж хязгаарласан эсэх, анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх, түүнчлэн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв ойлгож хэрэглэсэн эсэхэд бүрэн дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах учиртай.
Цагаатгагдсан этгээд А.М-д холбогдох хэргийн хувьд давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримт, түүнд эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдал, үндэслэлийн талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, түүнчлэн давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэлд дурдсан асуудлыг хянаж дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
7.А.М-д Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн байранд хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж танхайрсан гэх зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь хэсэгт зааснаар 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай шийтгэвэр 1 дүгээр хавтаст хэргийн 106-114 дэх талд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ