Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1504

 

 

 

 

 

 

 

 

Н.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/04895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ганбаатарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд 12 600 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Нямсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Болорчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авагч Ц.Ганбаатар, Т.Дашдаваа нарын өмчлөлд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шар хад, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж, 248-4 тоот хаягт байрлах, 35 м.кв, 2 өрөө орон сууцыг шилжүүлсэн юм. Худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд зааснаар орон сууц худалдагч тал худалдан авагч талд 30 000 000 төгрөгөөр худалдах ба төлбөрийг 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана хэмээн заасан байдаг бөгөөд гэрээний энэхүү үүргээ худалдан авагч Ц.Ганбаатар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Мөн гэрээний 8 дугаар зүйлд алданги төлнө гэсний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 30 000 000 төгрөгт, өдрийн 0,1 хувь буюу 30 000 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 330 хоногоор тооцон 9 900 000 төгрөг болно. Ц.Ганбаатар нь гэрээ хийснээс хойш одоог хүртэл уг худалдсан орон сууцанд амьдарч байгаа тул 9 сарын хугацаанд амьдарсан хөлс сард 300 000 төгрөгөөр тооцон 2 700 000 төгрөг олох ёстой байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ч нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хохиролд буюу алданги 9 900 000 төгрөг, олох байсан орлого 2 700 000 төгрөг нийт 12 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Ганбаатар шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дашдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сард өөрийн орон байртай болохын тулд зар үзэж байгаад Н.Нямсүрэнтэй уулзан ярьж тохирон банкинд тавиад зээлээр авч болох уу гэхэд зөвшөөрөн шилжүүлэхээр болсон. Н.Нямсүрэн ярихдаа 2 жилийн дараа газарт орж, хот төлөвлөлтөнд орж, подвол биш 2 давхарт ирнэ. Энэ өвлөөс дулаан устай болно, цахилгаан станц ажилд орохоор халаалт ирнэ гэж хэлэхээр бид боломжийн юм байна, зээл тавиад ч хамаагүй авна гэж ярилцаад худалдан авахаар шийдвэрлэсэн. Гэтэл 0,2 хувийн татвар төлөх болохоор нь би мэдэхгүй хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлж 600 000 төгрөгийг нь төлөөд нэр дээр шилжсэн. Гэтэл хуулиндаа худалдаж байгаа иргэн төлдөг юм байна. Тус байрыг 0,8 хувийн зээлэнд хамруулах гээд банкуудаар явахад, талбайн хэмжээ хүрэхгүй, подвалийн, төвийн холболтгүй, цахилгаан халаалттай, чийгтэй, зогсоол хүүхдийн талбай байхгүй зэргээр шалгуур тавьж буцаагаад 4 cap болсон. Энэ талаар Н.Нямсүрэнд хэлэхэд, тэр бол та нарын асуудал гэж хариулсан. Тэр байранд амьдрах аргагүй, олон талаар учир дутагдалтай, цоожийг нь сольсон байсан. Бидэнд анхнаасаа байрны түрээс, алданги гэж яриагүй, одоо ийм асуудал гаргасанд гайхаж байна, бид татгалзаж байна. Байраа зарж чадахгүй, түүгээрээ мөнгө олох хүсэлтэй, зальтай хүн гэж үзэж байна. Нэгэнт байрыг шилжүүлэн авсан, 0,2 хувийн татвар төлсөн тул бид яаж ийж байгаад байрыг зараад ч гэсэн мөнгийг нь өгөх зорилготой байна. Тэгээд өөрийн хамаатандаа хэдэн малаар сольж мөнгийг нь өгье гээд үзүүлэх гэтэл цоожийг нь сольсон байсан. Бид тэр байранд засвар хийсэн. Ямар ч байсан 30 000 000 төгрөгийг нь гаргаж өгнө. Харин ямар нэгэн хүү, хохирол төлөхгүй, энэ байрны 30 000 000 төгрөгийг өгнө, эсвэл байрыг буцааж өгнө гэжээ.

 

Х.Сарантуяа шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Т.Дашдаваа, Ц.Ганбаатар нартай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийн гэрээний барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024726 дугаартай, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шар хад /13280/ Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 248 дугаар байр, 04 тоот хаягт байршилтай, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалан хуулийн дагуу гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Т.Дашдаваа, Ц.Ганбаатар нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд барьцаанд тавьсан байрныхаа өмчлөх эрхийг шилжүүлж өгье гэж бичиг үйлдэн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 410 000 төгрөгийг тус тус надаас авсан болно. 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүүнд 6 000 000 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар 221 хоногт тооцвол 11 492 000 төгрөг буюу нийт 37 492 000 төгрөгийг нэхэмжлэхээр тооцоо гарч байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд тэдний өмчлөлийн орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авч болохуйц нөхцөл байдал бий болоод байна. НамайгТ.Дашдаваа, Ц.Ганбаатар нартай зээлийн гэрээ байгуулах үед тэдний нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн хуулийн дагуу үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байсан тул гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашгийг хөндөлгүйгээр үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ байгуулж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус зааснаар хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан болно. Мөн бидний хооронд зээлийн болон барьцааны гэрээг үндсэлэн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байгаа болно. Миний бие гэрээ болон хуульд зааснаар барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Ганбаатарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, түүнээс учирсан хохирол 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Нямсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 489 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчид нь анхнаасаа л боломжгүй атлаа боломжтой мэтээр нөхцөл байдлаа итгүүлсэн. Түүнчлэн тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсаны дараах үйлдлүүд нь тухайн хөрөнгийг барьцаалж зээл авах, цаашид бусдад шилжүүлэхээр гэрээ байгуулсан нь тухайн гэрээг урьдчилан тооцоолж, энэхүү байдлаа нуун дарагдуулсан гэж үзэж байна. Хариуцагчид нь төлбөрийг банкны зээлээр төлнө гэдгээ нотлох гэж гэрчилгээний хуулбарыг нэхэмжлэгчдээс аваад банкны ажилтанд үзүүлсэн зохигчид тайлбарладаг. Хариуцагчид нь ийнхүү тайлбарлаад тодорхой хугацааны дотор төлбөрийг төлөхөөр тохиролцоод өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Тохирсон хугацаандаа болон өнөөдрийг болтол нэг ч төгрөг төлөөгүй. Банкны зээлээр төлнө гэсэн атлаа байрыг хувь хүнд барьцаалуулж зээл авсанаас гадна энэхүү зээлээс нэг ч төгрөг төлөөгүй. Ийнхүү барьцаалуулсанаа  нэхэмжлэгч шүүхэд хандахад мэдсэн. Гуравдагч этгээд хэрэгт оролцсон үеэс энэхүү орон сууцыг барьцаалуулсаныг болон гуравдагч этгээдэд зээлийн төлбөрт шилжүүлэхээр хэлцэл байгуулсныг мэдсэн. Хариуцагч нь дээр дурдсанаар хувь хүнд барьцаалуулж мөнгө зээлдсэн болон энэхүү төлбөртөө орон сууцыг гуравдагч этгээдэд шилжүүлж байгаа талаараа шүүхэд гаргасан тайлбартаа огт дурдаж байгаагүй. Хариуцагчид нь ийнхүү нуун дарагдуулсан, хууль зөрчсөн гэм буруутай байсаар байхад анхан шатны шүүх түүнийг зөвтгөх мэт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь харамсалтай. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нөхцөл байдал бүх талаар батлагдаж байгаа энэ тохиолдолд шүүх "хүний эрхийг хамгаалах, буруутай этгээд хариуцлага хүлээх" зарчмуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж давж заалдаж байна. Анхан шатны шүүх бидний нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хариуцагч талд гардуулж, хариу тайлбар авах ажиллагааг хийгээгүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчдад гардуулж, тайлбар авах хангалттай хугацаа байсан. Харин өөрсдийн гүйцэтгэх ёстой үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй атлаа шүүх хурал дээр "тулгах мэт асууж" нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзуулсанд гомдож байна. Учир нь энэ хэргийг шийдвэрлэх хугацаа хэтэрхий их алдсан байснаас нэгэнт болж байсан шүүх хурлыг дахин хойшлуулахаас аргагүй эрхэнд татгалзахад хүрсэн. Иймээс, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлээ бүрэн хангуулахыг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Нямсүрэн нь хариуцагч Ц.Ганбаатарт холбогдуулж худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хохирол 12 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Нямсүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Х.Сарантуяаг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 38044 дүгээр захирамжаар хангаж, бие  даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Х.Сарантуяаг оролцуулжээ. /хх-ийн 29-30 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Н.Нямсүрэн нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хэлцлийн үр дагаврыг шийдвэрт тусгуулах, хохиролд 12 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Т.Дашдаваа, Х.Сарантуяа нарыг тодорхойлсон байна. /хх-ийн 87-88 дугаар тал/

 

Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ц.Ганбаатарт гардуулаагүй, мөн Х.Сарантуяад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар биш хариуцагчийн хувиар гардуулаагүй, Т.Дашдаваа, Х.Сарантуяа нарыг хариуцагчийн хувиар шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг бүрэн хангаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн  67.1.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан  хэргийн оролцогчдийн  эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Н.Нямсүрэн нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг эсхүл барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах эсэх нь тодорхойгүй, тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд орон сууц худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах хүсэл зоригтой байсан гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд тухайн шаардлагуудын алийг нь ямар үндэслэлээр дэмжиж шүүх хуралдаанд оролцсон нь тодорхой бус байна.

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээнээс татгалзах зэрэг ойлголтууд нь тус бүрдээ эрх зүйн өөр үр дагаварыг илэрхийлдэг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодорхой болгох, хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой болно.

 

Иймд хуульд заасан дээрх ажиллагааг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн 101/ШШ2016/04895 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 450 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                       

                                                          ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА                                                                                                   

                                                                                                          Г.ДАВААДОРЖ