Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 000081

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баярсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2017/0129/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Б.Бүжинлхам

               Шүүгдэгч                                           Б.Баярсайхан

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                О.Сарантуул, А.Нацагдорж

               Хохирогч                                           Б.Эрдэнэмөнх

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой Батчулууны Баярсайханд холбогдох, 201614000523 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  Б.Баярсайхан болон түүний өмгөөлөгч А.Нацагдарж, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11 дүгээр байрны 10 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй. НШ 79061576 регистрийн дугаартай, Хаминиган овгийн Батчулууны Баярсайхан.

 

Б.Баярсайхан нь 2015 оны 01 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-10 дугаар байрны 11 тоотод согтуугаар хэрүүл маргаан хийж, эхнэр Б.Эрдэнэмөнхийн цээжин тус газарт нь хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан, эхнэр Б.Эрдэнэмөнхтэй хамтран амьдрах хугацаандаа 2013 оны 10 сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран багийн 61-09 тоотод хадам эх Нямсүрэнгийн гэрт агсам тавьж Б.Эрдэнэмөнхийг өшиглөж зодсон, 2014 оны 11 сарын 22-ны өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11-10 тоотод Б.Эрдэнэмөнхийн хоолойд заазуур тулгаж хоолойг нь зүссэн, 2014 оны 07 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11-10 тоотод согтуугаар Б.Эрдэнэмөнхийн үснээс зулгаан чирж цохиж зодсон, 2015 оны 04 сарын 10-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-11-10 тоотод согтуугаар хэрүүл маргаан хийж Б.Эрдэнэмөнхийг хутгаар чичиж байнга зодож тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Хаминиган овгийн Батчулууны Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханыг 5 жил, 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.-д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханаас 442 820 төгрөг гаргуулж хохирогч Б.Эрдэнэмөнхөд олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие нь шүүгдэгч А.Баярсайханы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар мэтгэлзээгүй бөгөөд бусдад учруулсан хүнд гэмтэл, энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж мэтгэлзээн явуулсан. Уг хэрэг үйлдэл 2015.01.09-өөс 10-нд шилжих шөнө хохирогч Б.Эрдэнэмөнхөд хутганы гэмтэл учруулсан байдаг. Үүнээс хойш жилийн дараа хохирогчийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдсан.

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.09.21-ний өдрийн 672 дугаартай дүгнэлтийн 1-т: Эрдэнэмөнхийн биед цээжний хөндийд нэвтэрсэн, хатгагдсан шарх 2017.01.11-ний өдрийн 89 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн заалтыг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял халдаасан.

 

Эдгээр дүгнэлтийг гаргахдаа 2015 оны 01 сард 5 хоног эмнэлэгт хэвтсэн эмнэлэгийн өвчтөний түүхт дурдагдсан 2.5*0,4 мл-ийн урттай ирмэг тэгш шарх 4-5 см-ийн гүнд нэвтэрсэн гэх бичилтийг үндэслэн дээрх дүгнэлт хийгдсэн.

 

Цээжний гүнд нэвтэрсэн гэх энэ заалт нь үндэслэл муутай гэж үзэж байгаа. Учир нь цээжний гүнд нэвтэрсэн шархны улмаас шингэн хуримтлал бий болсон гэдэг боловч хохирогчийн биенээс нэг ч удаа шингэн соруулж авч байгаагүй. Энэ гэмтлээс болж хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлсөн гэх үйлдэл явдал болоогүй. Хохирогч одоогоор хөдөлмөр эрхэлж байгаа. Дахин эмнэлэгт үзүүлж хэвтэж байгаагүй зэрэг эргэлзээтэй байдал байгаа юм. Хүний амь насанд гэмтэл учруулсан асуудал нь :

-Амь тэнссэн байдал үүсгэгдсэн,

-Гэмтэл авснаас их хэмжээний үлдэц, уршиг үүссэн байдаг.

 

Хөдөлмөрийн чадвар алдалт их хэмжээгээр буюу 35%-иас дээшгүй байдлаар алдагдсан байхыг шаарддаг байхад хохирогч Б.Эрдэнэмөнхийн хувьд 2015 оны 1-р сард авсан гэмтлийн улмаас 5 хоног эмнэлэгт хэвтсэн. Түүнээс хойш биеийн эрүүл мэндийн хүндрэлээс болж дахин эмнэлэгт хэвтээгүй байдаг.

 

Шинжээч томилох тогтоолдоо эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа, гэмтэл үүссэн үлдэц, уршиг байгаа эсэх. Энэ нь хөдөлмөрийн чадвар алдалтанд хэрхэн нөлөөлөх, яагаад мэс засал хийх боломжгүй гэсэн асуултуудыг тавьж хариулт авсанаар шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл шинжээч нар үлдэц уршиггүй хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэлтэнд дурдсан нь учир дутагдалтай байна.

 

Иймд эмнэлэгийн өвчтөний түүх болон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах үндэслэлтэй байх тул тогтоолыг хүчингүй болгон, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 04-ны өдрийн 128 тоот шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

 

Б.Баярсайхан нь 2015 оны 01 сарын 10-нд эхнэр байсан Эрдэнэмөнхтэй маргалдсаны улмаас түүний цээжин хэсэгт хутгаар гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтэл нь учрах үед БОЭТ-д очиж оёо хийлгэн, 1 сарын 11-нд эмнэлэгт хэвтэн үзүүлэх явцад уг гэмтэл хүнд хор уршиггүй байсан тул 5 хоног дусал тариа хийлгэн гарсан байдаг. 2015 оны 1 сарын 10-наас 2015 оны 6 сар хүртэл уг шархны улмаас эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэж байгаагүй. 2015 оны 6 сараас 2016 оны 11 сар хүртэл хохирогч Эрдэнэмөнх, шүүгдэгч Баярсайхан нар гэрлэлт цуцлуулах асуудлаар 3 шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үөд ч энэ гэмтлийн талаар зовиурлаж байсан талаар нэг ч удаа ярьж, эмнэлэгт үзүүлж байсан нөхцөл байдал үүсээгүй.

 

Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны шатанд хохирогч Эрдэнэмөнх нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж өгнө үү гэдэг гомдлыг гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн билээ.

 

Хэрэг шалгах мөрдөн байцаалтын шатанд 2016 ны 9 сарын 21-ний 672 тоот шүүх эмнэлгийн дүгнэлтээр "... цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх...” зэрэг гэмтэл үүсчээ. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн байна. Уг гэмтлийн зэргийг эс зөвшөөрч мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргахад мөрдөн байцаагч гэмтэл ойлгомжтой, өөрчлөгдөхгүй гэсэн бөгөөд прокурорт хандаж хүсэлтээ гаргахад хүсэлтийг хүлээн авч орон нутагтаа бүрэлдэхүүнтэй шинжээч томилчье гэсэн.

 

Ингээд 2017 оны 1 сарын 11-ны өдрийн 89 тоот дүгнэлтээр 672 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Эрдэнэмөнхийн биед тухайн үед цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хуралдалт.... шарх үүсчээ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр цээжний хөндийд шингэн хуралдалт гэсэн нэмэлт онош тавигдсан. Цээжний хөндийд шингэн хуралдалт гэсэн оношийг юуг үндэслэсэн нь ойлгомжгүй бөгөөд историос харахад шингэн хуралдалт байсан тухай бичилт байгаагүй. Гэмтлийн зэрэг тогтоох зааврын хоёр 2.2-т хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг ХЕҮА их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба знэ атиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.

 

Үүнд: Амь насанд аюултай, амь тэнссэн байдал, гэмтлээс үүссэн үлдэц уршиг ХЕҮ их хэмжээгээр /35-100%/ тогтонги байдлаар алдагдсан байхыг шаарддаг юм байна. Гэтэл Б.Эрдэнэмөнхөд хүнд гэмтлийн зэргийн дээрхи шалгуур шинж тогтоогдоогүй байна.

 

Гэмтлийн зэргийн зааврын 3.1.11-д зааснаар гэдэг нь зөвхөн цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэдгээр тогтоогджээ. 2015 оны 1 сарын 10-ны өдөр хохирогч БОЭТ дээр очиж оёо тавиулсан. Тэрнээс өөрөөр хагалгаа зэрэг үйлчилгээ хийгдээгүй. Мөн давтан шинжилгээг ахалсан шинжээч эмч Буянзаяа нь шүүх эмнэлгийн шинжээч эмчээр ажиллах лицензтэй эсэх нь эргэлзээтэй. Уг бүрэлдэхүүнд нь орсон эмч нар шинжилгээний объектод хийсэн шинжилгээн дээр үндэслэхгүйгээр хэргийн байдалд болон ганц нэг нотлох баримт үндэслэн дүгнэлт гаргасан байх эргэлзээг төрүүлж байна.

 

ЭБШХ-ийн 95 дугаар зүйлийн 95.1 мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ. 95.3 мөрдөн байцаагч прокурор, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямарч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчиж урьдаас хөдөлбөргүй үнэн гэж нотлох баримтыг үзэж, оролцогчийн гаргасан хэрэгт ач холбогдолтой байж болох шалгах тогтоох ажиллагааг хийгээгүй нь хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтыг болон шүүхийн хэлэлцүүлгийг явууллаа. Иймд хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

 

Миний бие нь хохирогч Б.Эрдэнэмөнхтэй гэр бүл болж амьдрах хугацаанд ах дүү, хамаатан сандангаас болж маргалдах асуудал зөндөө гарч байсан. 2015 оны 01 сарын 09-өөс 10-нд шилжих шөнө ажлын газрын залуу болох Чүлтэмсамбуугийнд хамт архи ууж байгаад гэртээ орж ирээд маргалдаад уг хэрэг болсон. Тухайн үед бид хоёрын утсаар залгаж дуудсанаар Мягмарсүрэн хүү Мөнх-Эрдэнэтэй хамт ирсэн.

 

 Удалгүй түргэний эмч болон ахмад Алтаншагай өөр нэг цагдаагийн хамт ирсэн. Эрдэнэмөнхийг эмнэлэгийн машинаар, намайг цагдаагийн машинаар БОЭТөв рүү авч яваад очоод хоёр тусдаа өрөөнд байлгасан. Тэгээд бид хоёрын шарханд оёдол тавьсан. Ингээд намайг баривчлах байр руу, Эрдэнэмөнхийг гэррүү нь явуулсан байсан. Маргааш нь би батлан даалтаар гарч эмнэлэгт очиж Эрдэнэмөнхтэй хоносон. Тэгээд эмчтэй нь уулзахад рентген зурганд харсан, шарх дотогшоо нэвтэрч уушгинд хүрээгүй, шингэн дотогшлоогүй байна. Хагалгаа хийх, шингэн соруулах шаардлагагүй, хүндрэл байхгүй эмчилгээ хийнэ гэж хэлсэн.

 

2015.01.10-аас 5 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Үүнээс хойш 2015 оны 05 сар хүртэл хамт амьдарч байхдаа, мөн 2015 оны 05 сараас 2016 оны 11 сар хүртэл хугацаанд гэрлэлт цуцлуулах маргаан шүүхээр явж байхад нэг ч удаа гэмтсэн гэмтэл шархаа өвдөж байна, эмнэлэгт үзүүлсэн, үзүүлье гэж ярьж байгаагүй.

 

2016 оны 09 сараас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах гэж хөөцөлдөж эхэлснээс хойш эмнэлэгийн байгууллагаар явж эмчийн бичиг гаргуулсан байдаг.

 

Ингээд Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016.09.21-ний өдрийн 672 дугаартай дүгнэлтийн Б.Эрдэнэмөнхийн биед хатгагдсан шарх нь гэмтлийн хүнд зэрэг гэж гарсан. Мөн 2017.01.11-ний өдрийн 89 дугаартай дүгнэлтээр шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн гаргасан 672 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэж гарсанд эргэлзээтэй байна гэж мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүхэд дахин шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Иймд дахин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан ..., шинээр мөрдөгдөж байгаа хуультай холбогдуулан мөн түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцоход ялын хэмжээ өөрчлөгдөхгүй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Б.Баярсайхан нь 2015 оны 01 сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-10 дугаар байрны 11 тоотод согтуугаар хэрүүл маргаан хийж, эхнэр Б.Эрдэнэмөнхийн цээжин тус газарт нь хутгалж биед нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн эхнэр Б.Эрдэнэмөнхтэй хамт амьдрах хугацаандаа түүнийг 2013 оны 10 сарын 25-нд хадам эх Нямсүрэнгийн гэрт агсам тавьж өшиглөж зодсон, 2014 оны 11 сарын 22-нд согтуугаар хоолойд нь заазуур тулгаж хоолойг нь зүссэн, 2014 оны 07 сарын 10-нд үснээс зулгаан чирж цохиж зодсон, 2015 оны 04 сарын 10-нд согтуугаар хэрүүл маргаан хийж Б.Эрдэнэмөнхийг хутгаар чичиж байнга зодож тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1., 100 дугаар зүйлийн 100.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Батчулууны Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдыг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоод,  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.д зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханыг 5 жил, 1 хоног хорих ялаар шийтгэж мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 5 жил 1 хоног хорих ялаас 2 жил хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 1 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Баярсайханд оногдуулсан 3 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд Б.Баярсайханд холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг  хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед учирсан хохирлын зэргийг тогтоосон дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Баярсайхан нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн учраас түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу шинээр мөрдөж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь хуульд нийцэх боловч харьцуулж үзэхэд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, мөн түүнд оногдуулсан ялыг дүйцүүлэн тооцоход оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээ өөрчлөгдөхгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж, О.Сарантуул нарын гаргасан “.....шинжээчийн дүгнэлтэнд гэмтэл нь үлдэц уршиггүй хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байгаа бөгөөд эмнэлэгийн өвчтөний түүх болон шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагатай байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...”,  “ .... шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад дахин дүгнэлт гаргаагүй бөгөөд хэт нэг талыг барьж мөрдөн байцаалтыг болон шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан тул хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн,

 

шүүгдэгч Б.Баярсайханы гаргасан “.... 2016.09.21-ний өдрийн 672 дугаар дүгнэлт нь  Б.Эрдэнэмөнхийн биед хатгагдсан шарх нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн..., мөн 2017.01.11-ний өдрийн 89 дугаар дүгнэлт нь 672 дугаар дүгнэлт үндэслэлтэй гэснийг зөвшөөрөхгүй байгаа учраас дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Баярсайхан болон түүний өмгөөлөгч А.Нацагдарж, О.Сарантуул нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ЦЭЦЭГМАА

 

               ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                   Ц.ТУЯА