Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00274

 

О.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Д.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаар магадлалтай,

О.П-гийн нэхэмжлэлтэй,

“Л К-” ХХК-д холбогдох,

Ноосны урамшууллын мөнгө 630.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Л.Ч, өмгөөлөгч Б.М нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Л.Ч, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч компанид өөрсдийн малын 700 кг ноосыг тушаасан. ...Улмаар бид улсаас жил бүр олгодог ноосны урамшууллаа авахаар харьяа сумын захиргаандаа ноос тушаасан баримт, малын А данс зэрэг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Гэтэл 2017 оны 4 дүгээр сард улсаас малчдад ноосны урамшуулал олгосон боловч манайд олгогдоогүй. Хариуцагч компаниас ноосны баримтаа яаманд ирүүлээгүй, тайланд тусгагдаагүйн улмаас манайх ноосны урамшууллын мөнгөө авч чадахгүй хохирсон. ...хариуцагч компанийн буруутай үйл ажиллагаанаас болж манайх авах ёстой ноосны урамшууллаа авч чадахгүй хохирсонд тус компани буруутай. 2017 онд улсаас малчдад 1 кг ноосонд 1.000 төгрөгийн урамшуулал олгогдсон бөгөөд манайд 700.000 төгрөгийн урамшуулал олгогдох ёстой, үүнээс 10 хувийн татварын шимтгэлийг хасаад 630.000 төгрөгийн урамшуулал ирэх ёстой байсан. Өнгөрсөн жил 700 кг ноос тушааж, 0190109 дугаартай падаан авсан. Манайх ноосны урамшуулал авахад бүрдүүлдэг бүх материалаа бүрдүүлж сумын Засаг даргын тамгын газарт өгсөн. Тэгээд 2017 оны хавар 04 сард ноосны урамшуулал малчдад олгож байсан ч манайд урамшуулал ороогүй. Дээд газраас нь лавлахад ноос авсан үйлдвэрээс мэдээ нь ирээгүй учраас танайх орсонгүй гэсэн. ...Одоо болохоор төлөөлөгч Л.С- гэх хүнээс ноосны урамшууллын мөнгөө ав, манайх хариуцахгүй гэсэн тайлбар хэлээд байна. Манайх танай компанид л итгэж ноосоо өгсөн учир Л.С- гэх хүн бидэнд хамаагүй. Иймд хариуцагч компаниас нийт 630.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон түүний өмгөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллага нь Л.С-тай 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулж, 190001-190150, 198341-198400 гэсэн 210 ширхэг падаан өгсөн нь үнэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- нь иргэн О.П-гийн ноос болон ноосны падааны эх хувийг үйлдвэрт хүлээлгэж өгөөгүй тул ноосны падааны мэдээлэл шивэгдээгүй үлдсэний улмаас урамшуулал нь олгогдоогүй байна. Ийм учраас манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хариуцлагаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- хүлээх ёстой. Л.С- нь манай компанийн төлөөлөгч мөн бөгөөд падаан дээр тамга, тэмдгээ дараад тоо ширхэгтэйгээр хүлээлгэж өгдөг. Хэрэв дутаасан тохиолдолд хариуцлагыг төлөөлөгч өөрөө хүлээхээр гэрээ байгуулсан. Л.С-тай тооцоо хийхэд 5 ширхэг падаан дутсаны нэг нь О.П-гийх байсан. Гэрээнд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч манайд ноос бэлтгэж өгөөд, бэлтгэсэн ноосны хэмжээний дагуу падааныг нь хараад бид шивэлтэнд оруулснаар малчдын урамшуулал ордог. ...Иймд О.П-гийн ноосны урамшууллын мөнгө 630.000 төгрөгийг Л.С- хариуцах ёстой, манай компани төлөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Л К- ХХК-с ноосны урамшууллын мөнгө 630.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.П-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.П-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л К- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 19.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.П-д олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 39 дүгээр магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Чинболд, өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хууль хэрэглээний талаар: Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газраас 2015 оны 3-р сарын 30-нд баталсан 122 дугаар “Хонь, тэмээний ноос бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын 3.9-д заасан үүргээ “Л К-” ХХК-ийг биелүүлээгүй гэж Засгийн газрын тогтоолын заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Дээрх журмын 3.9 дэх заалт нь “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо нь гишүүн боловсруулах үйлдвэр тус бүрээс ч ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулах бөгөөд тухайн жилийн 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Мал хамгаалах сангийн “Цахим бүртгэлийн систем рүү илгээнэ” гэж Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн Холбооны хэрэгжүүлэх үйл ажиллагааны дарааллыг заасан заалт байна. Түүнээс биш үндэсний боловсруулах үйлдвэрт үүрэг өгсөн заалт биш болно. Мөн боловсруулах үйлдвэр нь холбоонд малчнаас ноос худалдан авсан тухай бүртгэл, чанар шалгагчийн дүгнэлтийг нэгтгэн хүргүүлэх гэсэн агуулга харагдаж байгаа нь малчны ноос тухайн үйлдвэрт тушаагдсан байх, чанар шалгагчийн дүгнэлтээр баталгаажсан байх зэрэг шаардлагыг харуулж байна. Гэтэл шүүх хуралдааны явцад талуудын тайлбарт ноосыг “Л К-” ХХК-ийн тамга тэмдэг бүхий падаантай хүнд худалдсан болохоос биш яг үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тушаагаагүй, мөн үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- гэж хүнийг огт танихгүй, харж байгаагүй гэдгээ нэхэмжлэгч илэрхийлж байсан. Иймээс огт үйлдвэрт биетээр ноос тушаагдаагүй нөхцөлд боловсруулах үйлдвэр нь тааж аль нэг сумын малчныг хэдэн кг ноос тушаасан, тэр тушаасан ноос нь 1-р зэрэглэлийн ноос байсан эсэхийг шалгаж дүгнэлт гаргах, тэр тухай баримт бүрдүүлэн Холбоонд хүргүүлэх ямар ч боломжгүй зүйл юм. Үйлдвэрт тушаагдаагүй ноосны малчинд очих урамшууллыг хариуцах нь үндэслэлгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх хугацаанд боловсруулах үйлдвэр нь журмын 7.1-д заасны дагуу “Боловсруулах үйлдвэр нь ...энэ журамд заасан хугацаанд холбогдох мэдээллийг ирүүлээгүйгээр малчинд учирсан хохирлыг уг үйлдвэр бүрэн хариуцна” гэж заасныг үндэслэсэн нь буруу байна. Энд мөн адил огт үйлдвэрт биетээр ирж тушаагдаагүй, падааны нэг хувь нь үйлдвэрт ирээгүй байхад үйлдвэр дур мэдэн материал таамгаар хүргүүлэх эрх зүйн үндэслэл, үүрэг байхгүй байна.

         Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ боловсруулах үйлдвэрийг заасан хугацаанд ноос тушаасан падаан, дүгнэлтийг ирүүлээгүй нь урамшуулал олгогдохгүй болох цорын ганц үндэслэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Засгийн газрын 122-р тогтоолоор баталсан журамд хэд хэдэн тохиолдолд буюу журмын 4 дүгээр зүйлд малчинд ноосны урамшуулал олгохоос татгалзах зохицуулалттай. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “малчны үнэмлэх буюу хоршооны гишүүн үү, танай А данс байгаа юу” гэхэд А данс хэрэгт байгаа гэх боловч хэрэгт байгаагүй, малчны үнэмлэх байхгүй гэсэн. Энэ нь малчин өөрөө аль хоршооны гишүүн болохоо нотолж чадаагүйг харуулж байна. Мөн “Танайд ноосны урамшуулал мөнгө олгохоос татгалзсан албан ёсны байгууллагын гаргасан бичиг баримт шийдвэр байна уу” гэхэд “байхгүй тийм зүйл өгөөгүй” гэж хариулсан байдлаас хархад нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас үүдэн ноосны урамшуулал ороогүй байх боломжтой байна. Журамд заасан ноосны урамшуулал олгохоос татгалзсан үндэслэлүүдийн аль нь вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр “Л К-” ХХК хугацаандаа материал хүргүүлээгүйгээр малчин ноосны урамшуулал авч чадалгүй хохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Нотлох баримтыг үнэлэхдээ: Шүүх хуралдаан дээр “танайх хэн гэдэг хүнд ноосоо тушаасан юм бэ?” гэж асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ”Таныг хэн гэдэг вэ? гэж бол асуугаагүй, гарын үсэг зурахдаа С- гэсэн байсан” гэх тайлбар, мөн шүүх хурлын хэлэлцүүлэг эхлэхийн өмнө “Хариуцагч солих тухай” хүсэлтийг хэлэлцэж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бид нар С- гэх хүнийг танихгүй, С- гэж хүнтэй уулзах гэж зөндөө оролдсон, бидэнд олдохгүй юм билээ” гэх тайлбар нь С- гэж хүнийг танихгүй болохыг харуулж байна. Мөн түүнд ноос тушаагаагүй “Л К-” ХХК-ийн падааныг ашиглаж ноос авч байсан ченжид ноос тушаасан болохыг харуулж байгаа. Харин хариуцагч талаас 0190109 дугаартай падаанаар ноос тушаагдаагүй, энэ падааныг итгэмжлэгдсэн төлөөлөгч Шинэ-Идэр сумаас ноос цуглуулах гэрээтэй Л.С- авч явсан боловч алга болсон падаан гэсэн бүртгэлээр бүртгүүлсэн гэсэн тайлбар, Л.С-ын өөрийн гараар бичсэн өргөдөлд 5 ширхэг падааныг Отгонбаяр гэж хүнд дамжуулсан гэж бичсэн зэргээс харагдаж байна. Энэ нь нэхэмжлэгч Пүрэвсүрэнгийн Тосонцэнгэл сумаас тушаасан гэх 700 кг ноосыг үйлдвэрт бодитоор тушаасан гэдгийг нотолж чадахгүй байна. Гэтэл шүүхээс Пүрэвсүрэн нь 700 кг хонины ноос “Лидер кашимер” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С-т тушаасан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна гэж талуудын тайлбарыг буруу гуйвуулан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэдгийг харуулж байна. Эндээс шүүх ноос “Л К-” ХХК-д тушаагдсан байтал боловсруулах үйлдвэр 09-р сарын 25-ны дотор ноос тушаасан баримт, ноосны чанар шалгасан дүгнэлтийг хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэж бүхэлд нь дүгнэсэн нь үндэслэлгүй. Нотлох баримтыг дутуу үнэлсэн буюу хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн “Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Л К-” ХХК-ийн хооронд байгуулсан гурвалсан гэрээг нотлох баримтаар үнэлээгүй. Энэхүү гэрээний 4.4-т заасны дагуу “энэхүү гэрээний 3.7-д заасан хугацаанаас /8-р сарын 15-ны дотор гэрээ хийсэн үйлдвэрт падааны нэг хувийг хүлээлгэн өгөх/ хожимдож падааныг үйлдвэрт ...өгснөөс ноос тушаасан малчинд олгогдох мөнгөн урамшууллыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасныг зөрчиж падааныг өнгөн цагаан хувийг үйлдвэрлэгчид хүлээлгэн өгөөгүй байхад гэрээний энэхүү заалтыг хэрэглээгүй. Энэхүү гэрээг шүүхээс шийдвэр гарахаас өмнө шүүгч нотлох баримт биш гэж үзэж нэг талыг барьсан асуулт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууж байсан.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй учир хуулийн хүрээнд хүсэлтийг хангахаас татгалзсан. Үүний дараа дахин хариуцагчаар татан оролцуулах гэсэн Л.С-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь ИХШХШтухай хуулийн 25-р зүйлийн 25.1.3-т заасан “гэрч асуулгах” тухай хүсэлт гаргах эрхээ эдлэх боломжийг хаасан. Шүүгч зохигчдын мэтгэлцэх эрхийг зөрчиж, шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг нэг ч удаа сонсоогүй. Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ эрх, ашгийг хуулийн хүрээнд хамгаалах, хэргийг бодит үнэнийг тогтооход туслах чиг үүрэгтэйгээр оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр зөвхөн асуулт асуух, нотлох баримт шинжлэн судлах эрх, үүрэгтэй оролцож мануухайн үүрэг гүйцэтгэх ёсгүй. Гэтэл анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад ноцтойгоор саад учруулж, хуульд заасан эрхийг зөрчиж, үйлчлүүлэгчийн өмнө өмгөөлөгч гэдэг хүн, энэ мэргэжил шүүх хуралдаанд ямар ч эрх хэмжээгүй асуулт асуухаас өөрөөр оролцох боломжгүй мэтээр буруу ойлголт төрүүлэхэд хүргэсэн. Шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр хуулийн хугацаанд гараагүйгээс хуульд заасан хугацаанд хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнд өөрчлөлт оруулах тухай хүсэлтээ гаргах боломж, эрхийг зөрчсөн. Шүүх хуралдааны тэмдэглэл 8-р сарын 23-нд шүүхийн шийдвэр гардан авах үед бэлэн болоогүй байсан бөгөөд 2 хоногийн дараа бэлэн болсон. Хуралдааны тэмдэглэлтэй танилцаж байхад “хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүгч талуудаас нэмж ярих зүйл байна уу” гэж асуугаагүй байтал тэмдэглэлд асуусан “байхгүй гэв” гэж худлаа бичсэн нь өмгөөлөгчийг асуугаад байхад тайлбараа хэлээгүй, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалаагүй мэтээр ойлгогдоход хүргэж байна. Шүүх хуралдаан дуусах үед шүүгч зөвхөн нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой тодруулах зүйл байгаа эсэхийг асуугаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг сонсоод хурлыг завсарлуулсан. Талуудаас нэмэлт тайлбар сонсоогүй, мэтгэлцэх боломж олгоогүй болно. Үүнийг шүүх хуралдааны видео бичлэг үзвэл нарийн тодорхой харж болно.

Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

О.П- Л К- ХХК-д холбогдуулж ноосны урамшууллын мөнгө авч чадаагүйгээс учирсан хохиролд 630.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлжээ.

Анхан шатны шүүх О.П- болон Л К- ХХК-ийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй байна. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажилах үүргийг хүлээдэг бөгөөд гэрээнд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, эрх, үүрэг, ашиг, алдагдлыг хуваарилах журмыг тодорхойлдог байна. Хамтран ажиллах гэрээгээр гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлдөг бөгөөд эдгээр шинж зохигчдын хооронд үүссэн харилцаанд үгүйсгэгджээ.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан дүгнэлт хуульд нийцээгүй тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүх талуудын хооронд гэрээний бус буюу зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан зүйлд буюу эд хөрөнгөд гэм хор учирсан байх, уг гэм хор нь хариуцагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээс болсон, үйлдэл, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх, уг үйлдэлд хариуцагч гэм буруутай байх нөхцлийг шаардана.

Хэргийн баримтаас үзвэл Л К- ХХК-ийг төлөөлж тус компанийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С- Хөвсгөл аймгийн малчдаас ноосыг падаанаар хүлээн авах, малчин уг падааныг малын А баримтын хамт тухайн орон нутгийн Мал эмнэлэгийн үржлийн тасагт бүрдүүлэн өгөх, ноос хүлээн авсан компани падааныг тайландаа тусгаж Мал хамгаалах сангийн цахим мэдээлэлд бүртгүүлснээр ноосны үнийг Засгийн газар төлөх үүргийг харилцан хүлээх харилцаа байсныг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгч ноос болон ноосны падааны эх хувийг компанид хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэл зааж маргасан байна.

Зохигчдын хоорондох маргааны зүйл нь Л.С- гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн асуудал бус харин нэхэмжлэгч О.П- болон Л К- ХХК-ийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчийн ноосыг тухайн компанийн төлөөлөгч хүлээн авсан эсэх бөгөөд Л К- ХХК-ийн төлөөлөгч Л.С- гэсэн гарын үсэгтэй, тус компанийн тамга тэмдэгтэй хонины ноос бэлтгэлийн орлогын 0190109 дугаартай  падаанаар О.П- тус компанид 2016 онд 700 кг 1-р зэргийн ноос тушааж, уг падааныг малын А баримтын хамт сумын мал эмнэлэгийн үржлийн тасгаар дамжуулж 414 дугаарт эрэмбэлэгдэн Мал хамгаалах санд хүргүүлсэн гэх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тодорхойлолтыг хариуцагч няцааж чадаагүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд талуудын хооронд гэрээний бус харилцаа үүссэн гэх нөхцөл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийсэн боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний төрөл, нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн худалдан авсан ноосны үнэ Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу урамшуулал хэлбэрээр төлөгдөх байсан бөгөөд хариуцагч компани ноосны баримт, падааныг нэгтгэж хүргүүлэх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон тул тэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хохирлоо шаардах эрхтэй.

Хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч О.П- иргэн Л.С- нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргээ хэрхэн биелүүлсэн нь төлөөлүүлэгч, төлөөлөгчийн хоорондох маргаан тул хохирлыг Л.С- хариуцна гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн хариуцагч Л К- ХХК-г Л.С-аар солих хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь нэхэмжлэгч хариуцагчаа тодорхойлох, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг солих  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1-д заасантай нийцсэн байна.

Хариуцагчийг солих хүсэлтийг хэрэгсэхгүй болгосны дараа хариуцагчийн өмгөөлөгч гэрчээр Л.С-ыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчөөгүй байна. Тухайн хүсэлтийг хариуцагч шүүх хуралдаанаас өмнө нь гаргах боломжтой байсан бөгөөд  хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 835 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Чинболд, өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

                                      ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ