Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1072

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151/ШШ2016/01072

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Сумт 5 гудамж 4 тоотод оршин суух, Сутай овгийн Идшингийн Бямбасүрэн /ДД72090901/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Алтанбулаг 1 дүгээр баг Өлийн 7-4 тоотод оршин суух, Оточ лам овгийн Доржийн Пүрэвсүх /ЧМ68051073/ -д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмлэгч И.Бямбасүрэн, хариуцагч Д.пүрэвсүх, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие 1993 оны 10 сарын 2-ны өдөр Д.Пүрэвсүхтэй гэр бүл болж 1994 онд охин П.Лхамсүрэн, 2000 онд хүү П.Санжааг төрүүлсэн. Д.Пүрэвсүх нь 2012 оноос хойш архи ууж аавындаа амьдраад гэртээ ирэхээ больсон. Би эвлэрэхийг хүсч удаа дараа гэртээ найзуудтай нь гуйж явж авч ирж байсан. Гэртээ ирээд удалгүй буцаад явчихдаг. Д.Пүрэвсүхэд бид нас тогтож яваа хүмүүс, одоо хүүхдүүдийнхээ төлөө л амьдаръя гэж хэлсэн. Гэтэл охин П.Лхамсүрэнгээ 1 дүгээр курсэд орохоос эхлээд гэртээ ч ирэхээ больсон. П.Санжаа маань 12 дугаар ангийн сурагч, хүүгээ хүртэл тоохгүй, хэцүү байна. Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа өгсөн боловч, Д.Пүрэвсүх нь эвлэрэх талаар ямар ч санаачлага гаргаагүй, би ч гэсэн эвлэрье гэж хүсэхгүй байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү П.Санжаа нь миний асрамжид үлдэнэ гэж саналаа өгсөн тул хүүгээ өөрийн асрамжид үлдээж, эцгээс тэтгэлэг тогтоож өгнө үү. Манай гэр бүлийн дундын өмч болох П.Лхамсүрэн, П.Санжаа бид нарын амьдарч байгаа Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр баг Өлийн хооо 3 гудамж 2/б тоотод орших газар, байшинг 2012 онд С.Оюун гэдэг хүнээс 14500 000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ газар байшингийн өмчлөлийг С.Оюунаас шилжүүлж аваагүй, бидэнд зөвхөн худалдах, худалдан авах гэрээ л байгаа. Энэ хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд хуваах хүсэлтэй байгаа боловч нотлох баримт бүрдээгүй тул дараа нь шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Д.Пүрэвсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Миний бие 1993 онд Бямбасүрэнтэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн 2 жил бидний харьцаа таарамжгүй болж, би аавындаа амьдарч байна. 2012 онд С.Оюун гэх хүнээс хашаа байшинг миний цалингийн зээлээр авсан. Тусдаа амьдарч байгаа ч гэсэн би зээлээ төлж байгаа, бүх хөрөнгө И.Бямбасүрэнд байгаа. Оюутан охинтойгоо утсаар ярьдаг, мөнгө төгрөг өгдөг. Бага хүү П.Санжааг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Дундын эд хөрөнгийн баримтаа бүрдүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Бямбасүрэн хариуцагч Д.Пүрэвсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Идшингийн Бямбасүрэн, Доржийн Пүрэвсүх нар нь 1993 оны 10 сарын 03-ны өдөр гэр бүл болсныг Төв аймгийн Алтанбулаг сумын Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 1993 оны 10 сарын 03-ны өдөр бүртгүүлж, 1994 оны 01 сарын 26-ны өдөр П.Лхамсүрэн, 2000 оны 02 сарын 29-ний өдөр П.Санжаа нарыг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн ПА7 тоот гэрчилгээ, хүүхдийн төрсний 0185633-23 тоот гэрчилгээ, П.Санжаа нь Алтанбулаг сумын сургуулийн 11 дүгээр ангид суралцаж байгаа тухай тус сургуулийн захирлын тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа, тэдгээрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон мөн шүүхээс өгсөн хугацаанд эвлэрээгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх...харилцан тохиролцож болно гэж, хуулийн 14.7-д хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэжээ.

Иймд 2000 онд төрсөн 16 настай хүү П.Санжаа нь эхийн асрамжид үлдэнэ гэсэн өөрийнх нь санал мөн гэрлэгчдийн харилцан тохиролцсон байдлыг үндэслэн эх И.Бямбасүрэнгийн асрамжид үлдээж, эцгээс тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 2012 оны 08 сарын 24-ний өдөр иргэн С.Оюунаас 14500 000 төгрөгөөр худалдан авч одоо амьдарч байгаа газар, байшин хувааж, өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч маргааны зүйл болох Төв аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багийн Өлийн хороо 3 гудамж 2/б тоотод орших эрхийн улсын бүртгэлийн Г-1401000003 дугаарт бүртгэгдсэн газар, улсын бүртгэлийн Ү1401000056 дугаарт бүртгэгдсэн барилга нь Сандагдоржийн Оюун /НА57050165/-ы өмчлөлд бүртгэлтэй болох нь Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 1176 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. Иймд гэрлэгчид нь дундын эд хөрөнгө болох дээрх хөрөнгийн эрхийн зөрчлийг арилгаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, өөрт ногдох хэсгийг гаргуулан авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэж буй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Пүрэвсүхээс нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 46496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Сутай овгийн Идшингийн Бямбасүрэн /ДД72090901/, Оточ лам овгийн Доржийн Пүрэвсүх /ЧМ68051073/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар 2000 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн П.Санжааг эх И.Бямбасүрэнгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2000 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн П.Санжааг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Д. Пүрэвсүхээр тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4 дэх хэсэгт зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

6.Нэхэмжлэгч И.Бямбасүрэн гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаарнэхэмжлэгч И.Бямбасүрэнгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Д.Пүрэвсүхээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 46496 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН