Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01087

 

 

 

 

 

 

    2026           05            13                                       210/МА2026/01087

                                               

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11472 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******нар

Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.  Миний бие *******нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 захирамжаар, ******* м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Гаар эзэмших эрхийн 000619656 дугаар гэрчилгээтэй газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч ******* нь Хадат вилла төслийг хэрэгжүүлэх үүднээс *******эзэмшил газар төслийнхөө 1ш хувийн сууцыг барьсан тул газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах, эзэмших боломжгүй болсон. *******-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд *******-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас *******газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул газар дээр байрлах нэг ширхэг хувийн сууцыг албадан чөлөөлж өгнө үү.

1.2. Газар дээр байгаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь *******байна. Нэхэмжлэгч нь *******болон *******-тай хамаатан биш, ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Тийм учраас ******* нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй газар дээр нь барилга барьсан. Итгэмжлэлийг би мэдэхгүй байна. Надад олгосон итгэмжлэл дээрх гарын үсэгтэй тэр итгэмжлэл дээрх гарын үсэг тохирох эсэх нь эргэлзээтэй байна. Гарын үсгээ хүмүүс нэг л стандартаар зурдаг гэж ойлгодог. ******* нь хаус барьсан нь газар эзэмших эрх, эзэмших эрхээ шилжүүлэхэд саад болж байгаа тул Иргэний хуулийн 92.1-ээр шударга эзэмшигчийн эд хөрөнгө нь түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болсон бол өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу ямар тоот газраас үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх ёстой юм.

2.2. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга мөн хуулийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу газар эзэмших ашиглах талаар үүссэн маргааныг Дээд шатны Засаг дарга шийдвэрлэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газрын албанд эхэлж хандах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу 65.1.3-т Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан маргаан юм. 

*******нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд хэргийн материалд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн буюу дээд шатны Засаг даргад маргааны талаар хандсан баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан, хариуцагч *******-д холбогдох Баянзүрх дүүргийн 20 хороо Улиастай ам Их цуурай хаягт байрлах газар дээрх 1 ширхэг хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. *******нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11472 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйн сацуу уншиж сонсгосноос өөрөөр бичигджээ. Учир нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэлээ тайлбарлахдаа зөрчигдсөн эрхийг мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжлэх боломжтой гэх агуулгаар тайлбарласан атал бичгээр гарсан шийдвэрт энэ талаар огт тусгайгүйн сацуу шийдвэр уншин сонсгоход танилцуулаагүй үндэслэл буюу ******* нь хариуцагч биш гэх үндэслэлийг шинээр гарган иржээ. Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгээр тодорхойлсон боловч шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд хариуцагчийн үйлдлээс үүдэн өөрийн хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газраа бодитоор эзэмшиж чадахгүй байхад тухайн барилгыг барьсан компанийг хариуцах эрхгүй этгээд гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны үед уншиж сонсгосон шийдвэрээс өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Шүүгч шийдвэрийн үндэслэлийг бүгдийг нь дурдах боломжгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэлээ товч дурдаж, шийдвэрийн дүгнэлт хэсэгт хариуцагч биш гэх агуулгыг дэлгэрүүлж дурдсан байх. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх үнэхээр уншиж сонсгосон шийдвэрээс өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн гэж маргаж байгаа тохиолдолд шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаж, энэ талаарх гомдлоо нотлох ёстой байсан. Ямар нэгэн зөрүүтэй утга агуулга бүхий шийдвэрийн үндэслэл хэргийн материалд тусгагдаагүй байна. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч биш гэх үндэслэлийг шинээр гаргаж ирсэн гэж тайлбарлаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд энэ талаар анхнаасаа маргаж байсан бөгөөд талуудын маргааны зүйлд шүүх дүгнэлт хийсэн асуудлыг яагаад шинэ үндэслэл гаргаж ирж дүгнэсэн гэж тайлбарлаж байгааг нь ойлгохгүй байна. Төсөл хэрэгжүүлж байгаа этгээд нь *******бөгөөд ******* зээлийн судалгаа хийж, зээл олгохдоо *******тухайн барилгын төслийг хэрэгжүүлж байгаа гэх агуулгаар зээл олгосон. Харин ******* уг зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон. Тухайн компани маргаан бүхий төслийг хэрэгжүүлэхдээ 10 гаруй хүний нэр дээр буюу найз нөхөд, хамаатан садан гэх мэт ойр дотно хүмүүсийнхээ нэр дээр 0,7 га газар авсан болов уу гэж бодож байна. Түүнчлэн явцын дунд дээрх хүмүүсээс итгэмжлэл авч газрыг барьцаалж төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа хэтэрсэн байгаа боловч *******-ийн зүгээс нэхэмжлэлээ гардуулж чадахгүй, барьцааны эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалтай байна. Маргаан бүхий газар дээр баригдсан барилгын өмчлөгч нь *******буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч байдаг. Тухайн барилгад захиалга өгсөн хүмүүсийн эрх ашиг, барьцаалагчийн эрх ашиг мөн Ц.Баасандоржийн эрх ашиг гээд 3, 4 хүний эрх ашиг хөндөгдөж байна. Гэтэл нэхэмжлэгч итгэмжлэл хийж өгч, тухайн хөрөнгийг зээлд барьцаалж захиран зарцуулах эрхийг нь бүрэн олгосон атлаа гэнэт миний газар дээр байшин барьсан байна, би эзэмших эрхээ хэрэгжүүлэх гэхэд саад болж байна гэх зүйл ярьж байгаа нь тохиромжгүй. Иймд гуравдагч этгээд болон бусад этгээдүүдийн эрх ашгийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч *******нь *******-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 20 хороо, Улиастай ам Их цуурай хаягт байрлах, ******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбай бүхий газар дээр байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, *******нар эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Нэхэмжлэгч *******Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай Их цуурайт гэх газарт байрлах, 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 16-нд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-4-5, 8/

3.2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/167 дугаартай захирамжаар “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, байршил, зориулалт өөрчлөх” шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастай Их цуурайт гэх газарт байрлах, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг *******эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураглал хийгдсэн байна. / хх-28-36/

3.3. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр  *******-д *******хаягт байршилтай, газар эзэмших эрхийн 000619656 дугаар бүхий гэрчилгээтэй, 700 м.кв талбай бүхий газрыг захиран зарцуулах итгэмжлэл олгосон байна. /хх-130-131/

3.4. Нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй газарт *******нь хувийн сууц барьж *******дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан, *******-тай 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулан барьцаанд бүртгүүлсэн байна. /хх-54-81, 130-151/

4.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч *******нь газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн тул өөрийн газрыг хууль бусаар ашиглаж байгаа этгээдээс газраа чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.

4.1. Гэвч маргааны үндэслэл болж буй нэхэмжлэгчийн газар дээр баригдсан хувийн сууцны өмчлөгч нь ******* биш, өөрөөр хэлбэл газрыг чөлөөлүүлэхийн тулд буулгах, нүүлгэх шаардлагатай байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь өөр этгээд байхад зөвхөн *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хариуцвал зохих этгээдэд холбогдоогүй гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан эзэмшигч, өмчлөгчийн шаардах эрх нь тухайн эд хөрөнгө буюу эрхийн зөрчил үүсгэж байгаа эд хөрөнгийг бодитоор эзэмшигч, өмчлөгч, эсхүл эрх зөрчигч этгээдэд чиглэх ёстой. Харин хувийн сууцны өмчлөгч биш этгээд тухайн сууцыг маргаан бүхий газраас чөлөөлөх үүрэг хүлээх боломжгүй юм. Ийм нөхцөлд хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд өмчлөгчийн шаардах эрхийг *******-ийн эсрэг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч *******эзэмших эрхтэй газар дээр баригдсан хувийн сууцны өмчлөгч нь хариуцагч ******* биш байх тул хувийн сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг *******-д холбогдуулан гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т нийцээгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.Bottom of Form

Иймд “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгээр мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг үндэслэсэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, хариуцагчийн үйлдлээс үүдэн нэхэмжлэгч газраа бодитоор эзэмшиж чадахгүй байхад тухайн барилгыг барьсан компанийг хариуцах эрхгүй этгээд гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдахгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосноос өөрөөр бичигдсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ