| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01001/и |
| Дугаар | 1071 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 1071
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 151/ШШ2016/01071 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө Виста оффис Ану сервис ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг Заамар сумын Соёлын төвийн эрхлэгч Боржигон овгийн Тэрбишийн Лхам /НЭ78011903/-д холбогдох
Дулааны төлбөр 50 684 340 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ану сервис ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...”Ану сервис” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Соёлын төвтэй 2015 оны 9 сарын 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг байгуулсан. Халаалтын хугацааг 2015 оны 10 сарын 10-ны өдрөөс 2016 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилэхээр тохиролцсон боловч 04 сарын 31-ний өдрөөс халаалтыг зогсоосон. Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний 3.6-д заасны дагуу төлбөл зохих дулааны төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн хувиар алданги тооцох тухай тохиролцсон. Иргэний хуулийн 232.6, 232.4-т тус тус заасны дагуу төлвөл зохих 33 789 560 төгрөгийн 50 хувиар буюу 16 894 780 төгрөгийн алданги тооцон нэхэмжлэх эрх хангагч буюу Ану сервис ХХК-д үүссэн. Иймд Төв аймгийн Заамар сумын Соёлын төвөөс дулааны төлбөрт 33 789 560 төгрөг алданги 16 894 780 төгрөг нийт 50 684 340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Төв аймгийн Заамар сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Лхамаас дулааны төлбөр 50 684 340 төгрөгөөс 20 475 417 төгрөгийг татгалзаж, Хариуцагч Заамар сумын Соёлын төв 7 080 637 төгрөгийг төлсөн. Алдангийг 13 394 780 төгрөгөөр багасгаж үлдэх 3 500 000 төгрөг, нийт 30 208 923 төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Заамар сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Лхам шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ...Ану сервис ХХК-ний нэхэмжилсэн 30 208 923 төгрөгийг 2016 оны 10 сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ану сервис ХХК хариуцагч Төв аймгийн Заамар сумын Соёлын төвд холбогдуулан 50 684 340 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ...”Ану сервис” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Соёлын төвтэй 2015 оны 9 сарын 25-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээг байгуулсан
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Төв аймгийн Заамар сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Лхам нь дулааны төлбөр 30 208 923 төгрөгийг 2016 оны 10 сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 411 371 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас Төв аймгийн Заамар сумын Соёлын төвөөс тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 205 685 төгрөг, төрийн сангаас 205 685 төгрөг тус тус нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ану сервис ХХК-ний нэхэмжилсэн 30 208 923 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Соёлын төвийн эрхлэгч Т.Лхам 2016 оны 10 сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Төв аймгийн Заамар сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Лхамаас 205 685 төгрөг, төрийн сангаас 205 685 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН