Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 918

 

 

 

 

 

 

 

    2019          10           28                                     2019/ШЦТ/918

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

          улсын яллагч Т.Жавхлантөгс,

          хохирогч Г.Үүрцайх,

          шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хишигбадрах овогт Г-ийн От холбогдох эрүүгийн 1909032950954 дугаартай хэргийг 2019 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Адислалт шугам” ХХК-д дүпүний ажилтан ажилтай, ам бүл-2, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Хишигбадрах овогт Г-ийн О, (регистрийн дугаар   ),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" нэртэй бааранд хохирогч Б.Үүрцайхтай маргалдаж архины аяга авч шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…лакс бааранд үйлчлүүлж байгаад архиндаа нэлээн согтсон байсан тэгээд би үл таних 4 залуу гарч ирээд манай найзтай маргалдаад ширээн дээр гарч гүйгээд байсан тэгэхээр нь ширээн дээр байсан жижиг архины шотыг шидсэн чинь нэг залуугийнх нь нүүр хэсэгт оночихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-19-20/

 

Хохирогч  Б.Үүрцайх нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр миний төрсөн өдөр болж байсан. Би найзуудтайгаа согтууруулах ундаа хэрэглэн гадуур явсан. Тухайн бааранд ороход “суудал байхгүй байна” гэж нэг ширээнд шахаж суулгасан. Тэнд сууж согтууруулах ундаа хэрэглэсэн удалгүй нэг залуутай маргалдсан тухайн маргаанаас болж миний өөдөөс Г.О нь аяга шидсэн тухайн үед цагдаа дуудсан. Хохирол барагдуулсан би одоо гомдолгүй, Г.Оээс нэхэмжлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн“...тэгээд манай найз нар ширээ олдохгүй болохоор нь зөөгчөөр нь ширээ заалгаад шахаж суусан. Тэгээд ширээн дээр сууж байгаад тухайн ширээн дээр сууж байсан нэг залуутай маргалдсан. Тэр үед маргалдаж байсан залуугийн хажууд байсан эмэгтэй архины хундага аваад шидсэн тэр шидсэн хундага нь миний нүүр хэсэгт оносон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10452 тоот актын “…Б.Үүрцайхийн биед баруун хөмсөг, хамрын хянганд шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-12/

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-22, 24-25, 38/, хохирлын баримт /хх-32-34/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-35-36/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.О нь 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лакс" нэртэй бааранд хохирогч Б.Үүрцайхтай маргалдаж, архины аяга авч шидсэний улмаас хохирогч Б.Үүрцайхийн нүүр тус газарт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Б.Үүрцайхийн мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10452 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Оийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Үүрцайхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Оийг дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Үүрцайхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 435.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь шүүхийн шатанд уг 435.000 төгрөгийг төлж барагдуулсан мөн хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Оийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   

1.Шүүгдэгч Хишигбадрах овогт Г-ийн Оийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

4.Г.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй тэрээр цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР