Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01089

 

 

 

 

 

 

     2026          05            13                                       210/МА2026/01089

                                               

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02937 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

Автомашин худалдах гэрээний дагуу үүссэн үүрэгт 45,200,000 төгрөг, алданги 34,600,000 төгрөг, нийт 74,600,000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “...Миний бие 2024 оны 09 сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн *******арлын дугаартай *******машинаа иргэн *******зарахдаа машиныхаа төлбөр болох 40,000,000 төгрөгийг 2024 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн авахаар тохиролцож нэр шилжүүлсэн.

1.2. Төлбөрөө хугацаандаа өгөөгүй тул утсаар хэд дахин шаардахад элдэв шалтаг тоочин төлбөрөө авч чадалгүй байсаар 2025 оны 3 сарын 13-ны өдөр төлбөр төлөх сүүлийн хугацааг 2025 оны 4 сарын 20-ны өдөр гэж тогтоон өөрсдийн биеэр Нийслэлийн тойргийн нотариатын төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тусгасан. Гэрээний хугацаа дуусгавар болсон тул утсаар хэд хэд шаардахад элдэв шалтаг тоочин одоог хүртэл төлбөр барагдуулаагүй.

1.3. Иймд төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй хариуцагч автомашины төлбөр 40,000,000 төгрөг болон төлөх хугацаа хэтэрсэн 173 хоногийн алданги 34,600,000 төгрөг, нийт 74,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “... *******аас 2024 онд *******машин авсан нь үнэн бөгөөд тус машины төлбөр тооцоог барагдуулж чадаагүй байгаа.

2.2. *******болон *******-ийн компанийн хооронд байгуулсан ажлын гэрээний төлбөрийн мөнгө өгөх байсныг 2024 онд дуусах үед компани мөнгөгүй гээд машин өгсөн. Машиныг авсны дараа 40,000,000 төгрөгөөр зарах гээд хэд хэдэн удаа зар оруулахад зарагдаагүй. Зарагдтал нь ажил хийх мөнгө хэрэгтэй юм чинь гээд 20 гаруй сая төгрөгөөр зарсан. Компани нь энэ хүнд мөнгөө төлнө гэж байтал хийсэн ажил дээр маргаан үүсээд, үлдэгдэл мөнгөө өгөхөө болиод бид өгөх шаардлагатай болсон. Бид *******ад мөнгөө төлөөд, дараа нь компанитайгаа учраа олъё гэж бодоод 40,000,000 төгрөгийн гэрээг *******тай хийсэн. Бид машиныг чинь хямд зарсан ч энэ талаар яриагүй. Иймд үндсэн төлбөр 40,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги 36,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй.

2.3. Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ хүчин төгөлдөр гэрээ биш. Тухайн гэрээнд талууд нотариатаар орж гарын үсэг зурсан ч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал байхгүй байсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1-т зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Гэрээ хийгдсэн бол алданги тооцох ёстой гэж бодохоор алданги нь үндсэн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн агуулга байдаг. Алданги тооцлоо гэж бодоход 20,000,000 төгрөгийн алданги тооцохоор байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Н.Санжаагаас 60,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 714,900 төгрөгийн 688,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 26,000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Санжаагаас улсын тэмдэгтийн хураамж 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Хариуцагч нь дээр дурдсан үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үндсэн үүрэг 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3- т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч, шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байх тул алданги төлөхгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй..." гэсэнд гомдолтой байна.

4.2. Миний нөхөр *******нь *******аас *******машиныг авснаа үгүйсгэдэггүй боловч анхнаасаа тус машиныг барилгын бартерт оролцуулж өгч байгаагаа ******* нь сайн мэдэж байсан. Гэвч тохирсон хугацаанд төлбөр мөнгө нь орж ирээгүйгээс *******машины төлбөрийг өгч чадахгүй болж, энэ хугацаанд ******* нь дахин дахин нөхөр *******руу утсаар ярих, ажил дээр нь ирэх зэргээр байж суух газаргүй болгож байсан учир аргагүй эрхэнд *******тай гэрээ байгуулж, алданги тооцохоор болсон. Гэхдээ нөхөр *******энэ гэрээг хийх ямар ч шаардлага байгаагүй. Аргагүй эрхэнд шахаанд орж, гэрээ хийсэн гэдгийг шүүх хуралд хэлж байсан боловч авч үзэлгүйгээр, үндсэн төлбөр дээр алданги нэмж гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги гаргуулахтай холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс надад автомашин өгье гэж хэлж байсан. Би өөрийн автомашины мөнгө болон алдангийн мөнгийг бүгдийг нь тооцож хариуцагчаас гаргуулж авмаар байна. Миний ээжийн бие муу, надад мөнгө хэрэгтэй байсан учир би тухайн үед автомашинаа хариуцагчид худалдан борлуулсан.

5.2. Хариуцагч миний автомашиныг авсан атлаа тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаа өнгөрч байхад надад ямар ч мөнгө өгөөгүй. Хариуцагч гуйсаар байгаад надтай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор автомашины мөнгийг төлөхгүй бол 0.5 хувийн алдангийг чамд өгье гэж хэлсэн учир бид тухайн гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан автомашин худалдах худалдан авах гэрээний үүрэгт 74,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...*******маркын машиныг төлбөр 40,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 34,600,000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1.Талуудын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч *******эзэмшлийн *******автомашиныг хариуцагч *******40,000,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар амаар тохиролцсон.

3.2. Тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул талуудын хооронд 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь *******маркын ATH208026464 арлын дугаартай, 1649 УАС улсын дугаартай автомашины төлбөр 40,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр, тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 3.4-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-3/

4. Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн бөгөөд гэрээний агуулга, нөхцөлийг харилцан зөвшилцөн тогтоож, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу уг хэлцэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

4.1. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******нь нэхэмжлэгч *******эзэмшлийн *******маркийн автомашиныг худалдан авч, үнийн төлбөр болох 40,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч анх тохиролцсон хугацаанд төлбөрөө барагдуулаагүй байна. Үүнтэй холбоотойгоор талууд төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулах зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөх, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр хүлээсэн эрх, үүргийн шинж чанарыг харгалзан үзвэл хариуцагч нь мөнгөн төлбөр төлөх үүрэг, нэхэмжлэгч нь уг төлбөрийг шаардах эрх бүхий Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

4.2. Түүнчлэн талууд гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болгон алдангийн нөхцөл тусгасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймээс хариуцагч нь үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан хэмжээгээр алданги төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан хэмжээнд нийцүүлэн хариуцагчаас 20,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Аргагүй эрхэнд шахаанд орж, гэрээ хийсэн гэдгийг авч үзэлгүйгээр, үндсэн төлбөр дээр алданги нэмж гаргуулахаар шийдсэн...” гэх гомдол үндэслэлгүй болно.

5.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/02937 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ОЮУНТУЯА

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ