Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 924

 

 

 

 

 

 

 

    2019          10           31                                     2019/ШЦТ/924

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Ш.Хосбаяр,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хар сэрхэт овогт Бямбажавын Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909035311097 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, "Эм Си Эс-Скай ресорт" ХХК-д ХАБ-ын инженер ажилтай, ам бүл-4, эхнэр, Хар сэрхэт овогт Б-ын Б, (РД:),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бреверк бааранд найз Н.Бямбацогттой согтуурсан үедээ маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд “биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бреверк бааранд найз Н.Бямбацогттой согтуурсан үедээ маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд “биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-ний шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бреверк бааранд найз Н.Бямбацогттой согтуурсан үедээ маргалдан түүний нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд “биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Бямбацогтын "...Би өөрийн гурван найз болох Бямбасүрэн, Баттулга, Б нарын хамт Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн тэнд байрлах Намуун пабад дотор 22 цагийн үед жоохон архи ууж сууцгаасан. Ууж сууж байгаад 00 цагийн үед Бтэй жоохон маргалдсан ба тухайн үед Б миний хамар хэсэг рүү нэг удаа нударга зангидаж цохисон. Тэгэхэд миний хамар хугарч хамрын мах тасарсан тэгэхээр нь шууд гэмтэл дээр очиж хамраа оёулсан тэгээд дараа гэртээ харьсан. Намайг гэртээ харихад гэрийнхэн маань цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэсний дагуу цагдаад мэдэгдэж байгаа юмаа. ... Хамар хугарч. хамрын мах тасарч, хамартаа 4 оёдол тавиулсан байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар хуудас/,

          хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ¹11173 тоот актын “…Н.Бямбацогтын биед тархи доргилт, хамрын ясны цөмөрсөн хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, зулгаралт, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/,

            яллагдагч Б.Бийн “... Би 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 02 цагийн үед өөрийн найз Баттулга, Бямбасүрэн, Бямбацогт нарын хамт Брэвэрк нэртэй пабад уулзаад пиво ууж суугаад янз янзын юм хоорондоо ярьж байгаад Бямбасүрэн бид 2 маргалдахад Бямбацогт дундуур орж ирж гурвуулаа хоорондоо маргалдсан юм. Тэгээд би Бямбацогтын хамар руу нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон юм. Ингээд бид 4 тэндээс гараад нөгөө 2 найзыгаа явуулчхаад би өөрөө Бямбацогтыг аваад ГССҮТөв рүү явсан ба анхны тусламж авчхаад Бямбацогтыг гэрт нь хүргэж өгчхөөд би гэр рүүгээ харьсан. ...Жижиг зүйлээс хэрүүл маргаан болоод үүний улмаас би Бямбацогтыг цохих болсон. Бямбацогтын хамрын гол хэсгээр язарсан, хамар хугарсан. Тухайн үед хажууд Баттулга Бямбасүрэн 2 байсан...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Бд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Хар сэрхэт овогт Б-ын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

           

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР