| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0922/Э |
| Дугаар | 925 |
| Огноо | 2019-10-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 925
2019 10 31 2019/ШЦТ/925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч П.Бямбасүрэн,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бадамсүрэнгийн Пийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909024571151 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Өгөөмөр" зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Боржигон овогт Б-ийн П (РД: )
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.П нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Г.Тунгалагтай марган улмаар зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Пийг хохирогч Г.Тунгалагийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүх шүүгдэгч Б.Пт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.П нь 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 23-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж явсан хохирогч Г.Тунгалагтай марган улмаар зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Г.Тунгалагийн “...Гэндэндуламын төрсөн өдөр болсон, архи уусан, хэсэг хугацааны дараа н.Гэндэндулам нөхрийн хамт байхгүй болсон байхаар нь би хойноос нь гарсан чинь машиныхаа хажууд нөхөртэйгөө хэрэлдээд зогсож байсан, яасан юу болсон бэ гэтэл нөхөр нь машиндаа суу явъя гэж хэлсэн, н.Гэндэндулам бид хоёр машинд хойд талын суудал дээр суутал нөгөө ирсэн 4 найзын нэг эрэгтэй найз бас машинд урд талын жолоочийн талд суусан, н.П нь эхнэр н.Гэндэндуламтай хэрэлдээд нэг зогсоод машин дотор эргэж хараад зодоод байсан, н.Гэндэндулам нь н.П миний хөл руу хутгалаад байна гэхээр нь би хутгалаад байгаа юм байхдаа гээд н.Пийн гарыг түлхээд боль гэж хэлтэл энэ хутга уу гээд баруун гартаа чулуу барьсан, тэгээд намайг зүүн гараараа миний нүд руу цохисон, гэмтлийг н.П машин дотроо байхдаа миний нүд руу гараараа нэг удаа цохиж энэ гэмтлийг учруулсан, гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 23 дугаар хуудас/,
хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ¹7801 тоот актын “…Г.Тунгалагийн биед зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч Б.Пийн “...би урьд нь мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй, би Г.Тунгалагийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.Тунгалагаас би уучлалт гуйсан, намайг уучилж, надад гомдол саналгүй, надаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Пт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Пт 450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Пийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Пийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.П нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР