Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 926

 

 

 

 

 

 

 

    2019          10           31                                     2019/ШЦТ/926

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Т.Жавхлантөгс,

          шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Бямбагаравын Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909036511081 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Боржигон овогт Б-ын М (РД:),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.М нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мая войс” караокед 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед иргэн Б.Тамжидчамбыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Мийг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мая войс” караокед 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед иргэн Б.Тамжидчамбыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Б.Мэд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мая войс” караокед 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цагийн үед иргэн Б.Тамжидчамбыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Тамчидчамбын “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо мая войсе караокед Б.М, Хандмаа, Ишжамц нарын хамт сууж байтал Мийн эхнэр намайг манай найзыг оролдлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ гэж хэлэхийн завдалгүй М хажууд сууж байснаа намайг нүүр лүү тохойлдсон. Тэгэхээр нь би доошоо тонгойгоод босох хооронд ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгойн орой хэсэг рүү цохиод нуруун дээрээс цохиод байсан. Ингээд би дээшээ бостол бүгд гараад явчихсан байсан бөгөөд удалгүй Ишжамц ганцаараа орж ирээд юун сүртэй юм гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

          хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ¹11621 тоот актын “…Тамчидчамбын биед зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, зүүн шанаанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх шарх гэмтэл ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 12 дугаар хуудас/,

            яллагдагч Б.Мийн “...2019 оны 9 дүгээр сарын 22-ны орой найзын төрсөн өдөр болж мая войс караокед гэр бүлээрээ очоод цаг гаруй сууж байтал гаднаас өрөөнд эхнэр орж ирээд Тамчаа руу ус цацахаар нь яаж байгаа юм гэтэл наадах чинь хүн амьтан оролдоод байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэрийг маань оролдсон юм байна гэж ойлгоод Тамчаатай би муудалцаад Тамчаа намайг манай эхнэр цагдаа би чамайг шоронд суулгана гэхээр нь уур хүрээд ширээн дээр байсан пивоны шилээр Тамчаагийн дагз хэсэгт нь нэг удаа цохисон юм. Тэгтэл найзууд салгаад гараад явцгаасан. Би дээрх тогтоолыг уншиж танилцаад хүлээн зөвшөөрч байна. би Тамчидчамбын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Мэд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Б.Мэд 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Боржигон овогт Б-ын Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Мийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.М нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР