| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/0882/Э |
| Дугаар | 932 |
| Огноо | 2019-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 932
2019 10 09 2019/ШЦТ/932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шарнууд овогт Г-н Сэд холбогдох эрүүгийн 1909027040906 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Увт инвест" ХХК-д замын туслах ажилтан ажилтай, ам бүл-3, эхнэр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Шарнууд овогт Г-ын С, (регистрийн дугаар),
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.С нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Жоби” худалдааны төвийн ард таксинд үйлчлүүлж байсан иргэн Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “35-65 УНБ” улсын дугаартай, саарал өнгийн “Приус 20” маркийн автомашинтай таксинд явж байтал 2019.7.03-наас 2019.7.04-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жоби төвийн ард талд үл таних эрэгтэй хүн нь замын хажууд гараа өргөөд зогсож байхаар нь аваад машиндаа суулгаад хаашаа явах уу гэж асуухад үл таних эрэгтэй хүн нь 100 айлын буудлын түц орж тамхи авна гэхээр нь машинаа хөдөлгөөд явсан юм. Машинтайгаа 100 айлын буудал дээр очиход үл таних эрэгтэй хүн нь эхлээд намайг авсан газар руу явъя гэхээр нь эргээд очоод зогсоход нөгөө үл таних эрэгтэй хүн нь машинаас бууж ирснээ жолооч талын хаалгыг онгойлгоод намайг татаж буулгаад машины жолооч талын суудал дээр суухаар нь би машиныхаа түлхүүрийг хурдан аваад ах машинаас буугаач гэж хэлсэн чинь шууд миний элэг рүү гараараа нэг удаа цохиод авчихсан юм. Та яагаад байгаа юм бэ та буугаач гэж хэлсэн чинь машинаас бууснаа ахын дүү намайг уучил таксины жолооч хөлслөөд явсан гэж бодоод суусан юм гэж хэлсэн тэгснээ миний гар утсаар ганц яръя гэж хэлээд авснаа эхнэрээ гэрийнхээ гадаа дуудаад байгаа юм шиг байсан. Удалгүй таксинд суусан хүний эхнэр гэх эмэгтэй хүн гарч ирснээ наад хүн чинь таксины мөнгөө өгсөн юм уу гэж асуухаар нь тиймээ таксины мөнгө өгсөн гэж ярьсан тэгээд би танай нөхөр чинь намайг нэг удаа элэгдэж цохисон шүү гэж хэлэхэд нөгөө залуу шууд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиод чи ямар овоо бацаан бэ гэж хэлээд байсан.Та яагаад байгаа юм бэ машинаас буучих гэж хэлсэн чинь машины хаалгыг 2 удаа өшиглөөд авахаар нь та одоо яагаад байгаа юм бэ гэж хэлээд цаашаа түлхсэн чинь дахин намайг нүүрэн тус газарт гараараа цохиод заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад авчихсан дахин над дээр гүйж ирээд цохиод авахаар нь барьцалдаж аваад газарт унасан юм. Тэгээд хоёр гурав удаа газарт үл таних залуутай дээр доороо ороод өнхрөөд бие биенээ гараараа цохиод аваад газарт өнхөрсөн юм. Босож ирээд нөгөө залуу нь миний толгой руу гараараа цохиод авахаар нь нөгөө залуугийн эхнэр чи боль гэж хэлээд нөхрөө болиулсан юм. Удалгүй манай ах Ёндонжамц нь ирээд цагдаа дуудаад надтай маргалдсан залууг цагдаагийн байгууллага руу өгөөд явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
Хохирогч Г.Мягмарсүрэнгийн "...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр би төрсөн өдрөө тэмдэглээд согтуу байсан. ...Тэгээд такси бариад гэр рүүгээ орох гэтэл миний халаасанд тамхи байхгүй болохоор нь 100 айлын автобусны буудал ороод тамхи авах гээд цагаан өнгийн Приүс-20 маркийн машинд суугаад 100 айлын автобусны буудал ормоор байна гэж хэлээд явсан юм. Би их ядарсан байсан болохоор таксиндаа унтсан байсан хэсэг хугацааны дараа таксины жолооч залуу нь авсан газартаа буцаад ирлээ гэж хэлээд намайг сэрээсэн юм. Тэгэхээр нь таксины мөнгө хэд болсон бэ гэж асуухад 2000, 3000 төгрөг болсон байна гэхээр нь 100 айл энэ хоёрын хооронд явахад уу гээд нөгөө хүнтэй ам зөрөөд маргалдаад машинд сууж байтал манай эхнэр Жавхланцэцэг нь гэрийн гадаа гарч ирээд гэртээ орлоо гээд ярьсан хаашаа алга болсон юм бэ гэж хэлсэн. Таксины жолооч би цагдаа дуудсан, танай нөхөр чинь намайг цохисон гээд намайг явуулахгүй байхаар нь машинаас буугаад зогссон чинь таксины жолооч залуу би чамайг оруулахгүй гээд заамдаж авахаар нь зөрүүлээд заамдаж аваад барьцалдаад таксины жолооч залуу нь намайг татаж газарт унагаад бид хоёр дээр доороо оролцоод нэг нэгийнхээ бие бие рүү гараараа цохилцоод зодолдсон юм..." гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,
Гэрч С.Жавхланцэцэгийн “...нөхөр маань таксин дотор жолоочтой маргалдаад байж байсан. Би бодохдоо тооцоон дээрээс болоод маргалдаж байна гэж бодсон. Би тэр жолоочид зөндөө хэлсэн согтуу хүнийг зүгээр явуулчих гэж гуйсан би тооцоог нь хийе гэсэн чинь явуулахгүй би ингээд хохироод үлдэх үү би танай нөхөрт зодуулсан гэж таксины жолооч хэлсэн. Тэгээд манай нөхрийг явуулахгүй гээд таксины жолооч ахыгаа дуудчихсан. Тэр жолооч ахыгаа хараад дуу нь чангараад манай нөхөр рүү орилоод хэл амаар доромжлоод байхаар нь манай нөхөр өөдөөс нь хэрэлдээд тэр хоёр дахиад л маргалдаад зодолдсон. Би дундуур нь салгах гэж зөндөө үзсэн. Тэр таксины жолооч ах энэ хоёрыг зодолдож байхад ерөөсөө салгахгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹8325 тоот актын “…Г.Мягмарсүрэнгийн биед эрүү, хүзүү, баруун тохой, баруун зүүн шуу, баруун алга, баруун, зүүн шилбэ, зүүн шагайнд зулгаралт, цээж, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна…” гэсэн дүгнэлт /хх-25/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-48-49/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-51-52/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.С нь 2019 оны 7 дугаар сарын 04ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Жоби” худалдааны төвийн ард таксинд үйлчлүүлж байсан иргэн Г.Мягмарсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Сийн хохирогч Г.Нямсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Сийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Г.Мягмарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардал болон энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Сийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Шарнууд овогт Г-ын Сийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.С нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч Г.Мягмарсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардал болон энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР