Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01091

 

 

 

 

 

 

     2026          05            13                                      210/МА2026/01091                                         

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Б.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02286 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нь *******-ийн *******-аас бартераар авсан *******хотхон, *******хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцанд *******-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан, төлбөр 233,401,500 төгрөгийг 125,320,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг өөрийн өмчлөлд байсан ******* улсын дугаартай Ландкруйзер маркийн автомашиныг өгч, төлбөрийг бүрэн төлж, тус орон сууцыг худалдан авсан. Үүнийг нь *******-аас баталгаажуулан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр *******нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэсэн тодорхойлолтыг гаргаж өгч байсан.

1.2. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тухайн хотхоныг Улсын комиссоос хүлээн авч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Комиссын дүгнэлт гармагц нэхэмжлэгчийн зүгээс *******-ийн захирал болон хуулийн зөвлөх нартай удаа дараа уулзан байраа авъя гэж хүсэхэд танай байр төлбөр тооцооны үлдэгдэлтэй, орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй гэж хүлээлгэн өгөхөөс татгалзсан учир *******нд байрлах *******хотхон, *******хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтуудыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Манай компани нь *******-тай 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******хотхоны В, С блок барилгын төмөр бетон карказ угсралтын ажил хийлгэхээр АП72022/76 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээгээр *******нь Улаанбаатар хот, *******, *******хотхоны В, С блок барилгын төмөр бетон карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан боловч ажлын гүйцэтгэлийг бүрэн гүйцэт манай компанид хүлээлгэн өгөөгүй. Манай компанийн зүгээс ажлын хөлсөнд *******-ийн хүсэлтээр *******2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ABTA2/2023/141 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Тус орон сууц захиалгын гэрээний ерөнхий нөхцөлийн 3.6-д ...Захиалагч гэрээний хуваарьт төлбөрийг төлбөрийн нөхцөл хэсэгт тохиролцсоны дагуу төлж барагдуулан, улсын комисс ашиглалтад хүлээн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авна... гэж заасны дагуу гэрээнд заасан төлбөрийн нөхцөлийн дагуу төлбөрийг төлсний дараагаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг *******нэр дээр гаргаж өгөх нөхцөл бүрдсэн. Гэрээний төлбөрийн нөхцөлийн 2.3-т *******ХХК-ийн карказ угсралтын ажлыг орон сууц захиалгын гэрээний 100 хувь буюу 233,401,500 төгрөгт тооцон хүлээн авснаар *******орон сууц захиалгын гэрээний үүрэг дуусгавар болох юм. Гэтэл карказ угсралтын ажлыг *******нь бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчин ажлыг орхиж явсан тул Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг *******хүлээлгэн өгөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Бага долоон овогт *******ийг *******, *******хотхон, *******хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,395,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,395,158 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нотлох баримтыг дутуу, буруу үнэлсэн.

Хариуцагч ‘‘*******цамхаг’' ХХК болон нэхэмжлэгч *******нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан ABTA2/2023/141 дугаартай орон сууц захиалгын гэрээний 3.6-д “Захиалагч гэрээний хуваарьт төлбөрийг бүрэн төлж, улсын комисс ашиглалтад  хүлээн авсны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулна”, 2.3-т *******ХХК-ийн каргаз угсралтын ажлыг 100 хувь буюу 233,401,500 төгрөгт тооцон хүлээн авснаар захиалагчийн үүрэг дуусгавар болно” гэж тус тус заасан. Гэтэл бодит байдалд *******нь карказ угсралтын ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчин ажлыг орхисон тул нэхэмжлэгчийн төлбөрийн үүрэг бүрэн биелсэн гэж үзэх боломжгүй. Мөн гэрээний 2.4-т төлбөрийг заавал хариуцагч компанийн нэр дээрх тодорхой дансанд төлөхөөр зохицуулсан байхад нэхэмжлэгч нь өөр этгээдийн дансанд шилжүүлсэн нь гэрээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл нь анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үл харгалзан нэхэмжлэгчийн үүргийг бүрэн биелсэн гэж дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэнд тооцогдоно.

4.2. Мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иргэний хуулийн 243.1-д худалдан авагч нь гэрээнд заасан үнийг төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ бүрэн биелүүлсний дараа өмчлөх эрх шилжих үндэслэл бүрдэнэ гэж заасан. Гэтэл төлбөрийн бүрэн гүйцэтгэл маргаантай, бартер хэлбэрийн төлбөр (автомашин)-ийн үнэлгээ тодорхойгүй, төлбөрийг гэрээнд заасан этгээдэд төлөөгүй байхад шүүх нэхэмжлэгчийн үүргийг бүрэн биелсэн гэж үзсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

4.3.Хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.

Шүүх дараах чухал нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Учир нь талуудын хоорондын төлбөр тооцооны эцсийн үлдэгдлийг, бартер хэлбэрийн төлбөрийг зөвшөөрсөн эсэх, түүний бодит үнэлгээ, гэрээний хэрэгжилтийн явц дахь талуудын харилцан тохиролцоо, гуравдагч этгээдийн болох *******ХХК-ийн үүргийн биелэлт зэргийг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02286 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Б.*******ийг *******-ийн өмнө хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй гэх агуулгыг дурдсан байна. Талуудын хооронд 2023 онд орон сууц захилгын гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь ерөнхий болон тусгай нөхцөлөөс бүрдсэн. Гэрээний 2.3-т 233,401,500 төгрөгийн төлбөрийг *******ХХК-ийн гүйцэтгэсэн каркас угсралтын ажлын 100 хувийн үнэлгээгээр буюу бартер арилжаагаар тооцон төлөхөөр тусгасан. Гэрээний 2.4-д ... дансанд холбогдох төлбөрийг шилжүүлнэ гэж заасан бөгөөд талууд тухайн дансанд мөнгө хийхийг тохиролцоогүй. Харин каркас угсралтын ажлыг бартерын төлбөрт шилжүүлнэ гэж тохиролцсон. “*******” ХХК болон *******нарын хооронд каркас угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний үнийн дүн 3,300,000,000 төгрөг бөгөөд үүний 50 хувь буюу 1,650,000,000 төгрөгийг бартер арилжаагаар төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр болгож нийт дүнгийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Үүний дагуу 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулагдсаны дараа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тухайн урьдчилгаа төлбөрт тооцсон хөрөнгийн нэг хэсэг болох орон сууцыг орон сууц захиалгын гэрээгээр баталгаажуулан авсан. Маргаан бүхий орон сууц нь ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн хөрөнгө болохыг нотолж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч тайлбарлахдаа “барилгын каркас угсралтын ажил 16 давхар байхаас 10 давхар хүртэл гүйцэтгэгдсэн, үлдэгдэл ажил дутуу байгаа” гэж тайлбарладаг. Гэвч *******ХХК-тай холбоотой үүссэн гэх маргаан, төлбөрийн үлдэгдэл, эсхүл үүнээс үүдэлтэй хохирлын талаарх ямар нэгэн бичмэл нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь шүүх хуралдааны явцад “төлбөр тооцооны асуудалтай, хохирол учирсан” гэж тайлбар гаргадаг боловч *******ХХК-тай үүссэн төлбөр тооцооны баримтыг шүүхэд гаргаж өгдөггүй. Тухайлбал, төлбөр дутуу төлөгдсөн эсэх, учирсан хохирлын хэмжээ болон маргааныг гэрчлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч *******нь гэрээнд заасан бартер арилжааны нөхцөлийн дагуу *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.******* дансанд мөнгөн хөрөнгө болон автомашиныг шилжүүлэн өгсөн бөгөөд холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч “*******” ХХК нь 2023-2024 онуудын төлбөртэй холбоотой асуудлаар ямар нэгэн санал, гомдол гаргаж байгаагүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал *******нь төлбөр тооцооны үлдэгдэлгүй болох нь үнэн” гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Эдгээр үйл баримтаас үзвэл, хариуцагчийн давж заалдах гомдолдоо дурдсан “төлбөрийг төлөөгүй бөгөөд бид төлөх ёстой байсан” гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байна. Бид төлбөрийг бартерын нөхцөлөөр төлж барагдуулна гэж тохиролцсон бөгөөд төлбөрийг бартераар төлж холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч ******* -д холбогдуулан *******, *******хотхон, *******хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг *******-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг,

хариуцагч “... “Орон сууц захиалгын гэрээ”-ний хавсралтын 2.4-т орон сууцын үнийн үлдэгдэл төлбөр болох ... төгрөгийг хуваарийн дагуу *******-ийн Хаан банкны *******тоот, Голомт банкны ******* тоот, Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансанд төлж барагдуулах үүрэгтэй. Гэтэл энэ гэрээний гол нөхцөл буюу төлбөрөө нэхэмжлэгч *******нь *******ХХК-ийн данс руу төлж барагдуулсан. Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг *******хүлээлгэн өгөх боломжгүй...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3.1. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн № АВТА2/2023/141 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулагдаж, гүйцэтгэгч нь *******нд байрлах *******хотхон, *******хаягт байрлах 68,85 м.кв 3 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх, *******XXК-ийн карказ угсралт ажлын 233,401,500 төгрөгт тооцон төлөхөөр тохиролцсон. /хх6-8/

3.2. *******болон ******* нарын хооронд  2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №АГГ/2022/76 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, Улаанбаатар хот, *******, “*******” хотхоны В,С блок барилгын төмөр бетон карказ угсралтын ажлын үр дүнг хүлээн авахаар, нийт ажлын хөлс 3,373,773,975 төгрөг буюу гэрээний нийт үнийн 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгт харилцан тохиролцож бартер хийхээр, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээт ажлын гүйцэтгэлтэй уялдуулан шилжүүлэх, бартераар төлбөрөө хийхээр тохиролцсон 50 хувь буюу 1,686,886,987 төгрөгийн 20 хувьтай тэнцэх хөрөнгийг гэрээ байгуулагдсаны дараа захиалагч нь гүйцэтгэгчид шилжүүлэн өгөх бөгөөд үлдэгдэл 30 хувьтай тэнцэх төлбөрт энэхүү гэрээт ажлын төслийн байрнаас бартерт шилжүүлэхээр тохиролцсон. /хх-47-52/

4. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ, түүнтэй холбоотой үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.1. Хариуцагч ******* нь баригдаагүй орон сууцыг барьж, ашиглалтад оруулан *******ХХК-ийн ажлын хөлсөнд шилжүүлэн өгөхөөр тохиролцсоноос гадна *******ХХК-иас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д заасны дагуу орон сууцыг шаардах эрхийг нэхэмжлэгч *******шилжүүлснээр *******2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №АВТА2/2023/141 дугаартай Орон сууц захиалгын /Төлбөрийн нөхцөл-Арилжаа/ гэрээг байгуулж, орон сууц болон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

4.2. Хэрэгт авагдсан банкны дансны гүйлгээний баримт, “*******” ХХК-ийн тодорхойлолт болон бусад нотлох баримтаар нэхэмжлэгч *******нь гэрээний 2.3-т заасан 233,401,500 төгрөгийн төлбөрийг *******ХХК-ийн захирал *******дансанд 125,365,146 төгрөг, мөн түүнд *******улсын дугаартай Тоёота ландкрузер маркийн автомашиныг шилжүүлэн төлж, төлбөр тооцооны үлдэгдэлгүй болсон нь тогтоогдож байна. /хх-8, 10, 65/

4.3. Иймд нэхэмжлэгч *******нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, *******хотхон, А блок, 2 дугаар орц, 15 дугаар давхар, 1506 тоот хаягт байрлах 68.85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, түүнчлэн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулан авах эрхтэй.

4.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг үндэслэн талуудын тайлбар, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь зөв байна.

4.5. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн, бодитой үнэлээгүй” гэх агуулгатай давж заалдах гомдол хангагдахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2026/02286 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,396,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА

 

                 ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ