| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 183/2024/01397/И |
| Дугаар | 210/МА2026/01092 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01092
2026 05 13 210/МА2026/01092
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00952 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******холбогдох,
290,475,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга
1.1. ******* нь Оросын Холбооны улсын *******хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 496/71782727/0320 дугаартай, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тухайлбал шар буурцгийн шахдас худалдан авахаар тохиолцсон. Дээрх гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хавсралт №5, хавсралт №6 гэрээнүүдийг байгуулж, нийт 130 тонн шар буурцгийн шахдасыг нийт 5,774,860 рублиэр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. 2022.12.27-ны өдөр 290,475,460 төгрөгийг Оросын холбооны улс руу мөнгөн гуйвуулга хийх зорилгоор иргэн *******ийн данс руу шилжүүлсэн. Ийнхүү иргэн *******ийн данс руу шилжүүлэх болсон шалтгаан нь түүний нөхрийн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан *******ХХК-тай байгуулсан шар буурцагны шахдас авах зорилготой байсан. Гэтэл гэрээний дагуу шар буурцагны шахдас ирээгүйн улмаас *******ХХК-тай холбогдоход төлбөр дутуу төлөгдсөн гэх үндэслэлээр бараа материалыг шилжүүлээгүй, харин дутуу төлбөрийг шилжүүлсэн этгээдэд буцаасан гэх тайлбарыг өгсөн. *******ийн зүгээс бидэнд 290,475,460 төгрөгийг буцаан шилжүүлээгүй. Шаардахад өгнө гэх тайлбарыг тухайн үед гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээдээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн гэх *******ин дахь өөрийн дансыг эзэмшиж ашиглаж байгаагүй. Талийгаач нөхрийн маань ажиллуулдаг байсан банк бус санхүүгийн байгууллага их хэмжээний өр төлбөрийн улмаас хуулийн этгээдийн дансыг ашиглах боломжгүй, харин миний дансыг ашиглаж зарим гүйлгээг хийдэг байсан. Тухайн мөнгийг би өөрөө захиран зарцуулаагүй, хаашаа ямар гүйлгээ хийснийг мэдэхгүй. Нөхөр маань 2022.07.12-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан учир хэрхэн зарцуулсныг мэдэхгүй байна. Иймд мөнгийг авч ашиглаж, захиран зарцуулсан этгээд нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* /РД:*******/-аас 290,475,460 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* /РД: *******/-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,610,328 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,610,328 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх нь хариуцагч *******ийг мөнгөн төлбөрийн үүргийг буюу төгрөгийг рубльд шилжүүлэн нэрлэсэн этгээдэд шилжүүлэхэд оролцсон бодит үүрэг, оролцоог бүрэн тогтоолгүйгээр зөвхөн дансны гүйлгээнд тулгуурлан хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болно. Хариуцагч ******* их хэмжээний валют солилцох үйл ажиллагааг явуулах эрхтэй субъект биш, *******-тай очиж ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, хаана ямар газар байдгийг ч мэдэхгүй, ямарваа нэгэн мөнгөн төлбөрийн ханш тохиролцож байгаагүй, мөнгө гуйвуулах үүрэг хүлээж байгаагүй, мөнгийг буцаан төлөх талаар илэрхийлж байгаагүй, тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөр шилжүүлж байгаагүй, анхнаасаа ч оролцоогүй огт танихгүй мэдэхгүй компаниас мөнгө авч захиран зарцуулсан гэж хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэрлэсэн.******* нь 2022 оны 12 дугаар сард мөнгөн гуйвуулга шилжүүлгийн гүйлгээ хийлгэхээр 290,475,460 төгрөгийг валют арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын данс руу шилжүүлэхийн оронд иргэн *******ийн данс руу яагаад шилжүүлэх болсноо мэдэж байсан. ******* нь тухайн 290,475,460 төгрөгийг өөрийн ашиг сонирхолд зарцуулаагүй бөгөөд гуйвуулга хийх эрхтэй “*******” ХХК-ийн харилцагч *******буюу гуравдагч этгээдэд дамжуулсан зуучлагчийн байр суурьтай байсан болохыг “*******” ХХК анхнаасаа мэдэж байсан бөгөөд шилжүүлсэн мөнгийг авч болох дээд хязгаараар гаргах үйлдэлд ******* оролцоогүй бөгөөд шүүх уг нөхцөл байдлыг бусад нотлох баримт, талуудын тайлбарт хамааруулан хангалттай дүгнээгүй.
4.2.Маргааны зүйлийг хүлээн авч валют арилжааны гүйлгээ эрхлэх эрхтэй *******ББСБ-ын (захирал байсан *******)-аас ОХУ-ын *******компанид рубль шилжүүлэхэд хаанаас шилжсэн, дутуу шилжигдсэн гэх рубль “ *******ийн дансанд орж ирээгүй байхад тэдгээрийн оролцоо нь маргааны гол үндэс бөгөөд эдгээр этгээдийн үүрэг, хариуцлагыг тодорхойлоогүйгээс маргааныг хэт нэг талд шийдсэн.
4.3.Анхан шатны шүүхээс үндэслэлгүй хөрөнгөжих гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн: Учир нь хариуцагч ******* тухайн мөнгөн хөрөнгийг өөртөө хадгалж ашигласан эсэх, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулсан эсэх талаар харьцуулж дүгнээгүй, тодорхой тогтоогоогүй нөхцөлд хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4.4.Нотлох баримтыг хэт нэг талыг барьж үнэлж, зөвхөн нэхэмжлэгч *******-ийн гаргаж өгсөн баримтад тулгуурлан шийдвэр гаргаж, хариуцагч *******ийн тайлбар болон нөхцөл байдлыг хангалттай үнэлээгүй, хариуцагч *******гэр бүлийн хүнийх нь үүсгэн байгуулсан валют арилжааны ББСБ-ын баримтыг үзэх, шалгах боломжгүй, гэр бүлийн хүн нь тусдаа амьдарч байгаад өвчний улмаас нас барсан. Мөн тухайн байгууллагын болон иргэний хувьд эзэмшиж байсан харилцах данс битүүмжтэй байсныг нотлох баримтууд олдох боломжгүй зэргийг харгалзаагүй.
4.5.*******ийн өмгөөлөгч *******нь эрүүл мэндийн шалтгааны улмаас Хөх хотод эмчилгээнд явсан байсан. Энэ талаар баримт хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн, хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх тэгш байх зарчмыг зөрчсөн болно.
Иймд Анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00952 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүх хуралдааныг явуулахад саад болохгүй тул түүний оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
5.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүлээцтэй хандсаар ирсэн. 2024 оны 02 дугаар сараас хойш буюу 2 жил гаруй хугацаанд хэрэг удааширсан нь зөвхөн хариуцагч талын гаргасан хүсэлтүүд, шинжээч томилох, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах зэрэг ажиллагаатай холбоотой байсан. Хариуцагч нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй гэж маргадаг. Уг баримтад шинжилгээ хийлгэхээр хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагч шинжилгээнд шаардлагатай баримтыг гаргаж өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээ хийхэд шаардагдах баримт, гарын үсгийн хэв загварыг гаргаж өгөхийг хариуцагчаас 2 удаа шаардсан боловч шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Шүүх өөрийн хийж гүйцэтгэх ажлаа бүрэн дүүрэн хийсэн бөгөөд шаардлага баримт бичиг гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг юм.
5.3. Хариуцагч *******ийн гэр бүлийн хүн болох *******нь нэг хувьцаа эзэмшигчтэй “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. ******* болон *******нар нь гэр бүлийн бизнес эрхэлдэг бөгөөд тус компани нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байсан. ******* нь өөрийн хувийн дансаар компанийн үйл ажиллагаатай холбоотой орлого, зарлагыг гаргадаг байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Хэрэв "*******" ХХК нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй байсан бол нэхэмжлэгч ******* нь *******ийн данс руу мөнгө шилжүүлэх шаардлагагүй байсан. Нэхэмжлэгч нь *******ийн данс руу нийт 290,475,460 төгрөг шилжүүлсэн болох нь банкны гүйлгээний баримтаар тогтоогдсон. Энэ талаарх үйл баримтад хариуцагч маргадаггүй бөгөөд тэрээр “мөнгө орж ирсэн бөгөөд компанийн үйл ажиллагаанд зарцуулсан” гэж тайлбарладаг. Маргаан бүхий мөнгийг Оросын Холбооны улсын *******ХХК руу шилжүүлэх ёстой байсан боловч шилжүүлэх үүргээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд тухайн мөнгийг хариуцагч завшиж буцааж төлөөгүй. Хариуцагчаас маргаан бүхий мөнгийг удаа дараа шаардсан боловч зайлсхийсэн учир шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан 290,475,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн гэх *******ин дахь өөрийн дансыг эзэмшиж ашиглаж байгаагүй. Талийгаач нөхрийн маань ажиллуулдаг байсан банк бус санхүүгийн байгууллага их хэмжээний өр төлбөрийн улмаас хуулийн этгээдийн дансыг ашиглах боломжгүй, харин миний дансыг ашиглаж зарим гүйлгээг хийдэг байсан. Тухайн мөнгийг би өөрөө захиран зарцуулаагүй, хаашаа ямар гүйлгээ хийснийг мэдэхгүй. Нөхөр маань 2022.07.12-ны өдөр хүнд өвчний улмаас нас барсан учир хэрхэн зарцуулсныг мэдэхгүй байна. Иймд мөнгийг авч ашиглаж, захиран зарцуулсан этгээд нь биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч *******2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ******* нь мөнгөн гуйвуулгын ажил эрхэлдэггүй бөгөөд тухайн мөнгийг ******* авсан эсэх, хэн захиран зарцуулсныг эсэхийг тодруулахаар “*******” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан *******гэрчээр асуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/53680 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлд хамаарч байна. /хх-ийн 110-111, 123/
Учир нь "*******" ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан *******гэрчээр оролцуулах нь талуудын маргааны зүйлд хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхээр байна.
3.2. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаргасан хүсэлтийг хангаж, “*******” ХК-аас *******ийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргуулахдаа нотлох баримтыг дутуу бүрдүүлж, талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *******-аас 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч *******ийн данс руу 290,475,460 төгрөг шилжүүлсэн байх боловч уг мөнгийг хариуцагч нь цааш заасан этгээдэд шилжүүлсэн эсэх, улмаар хариуцагчийн дансанд буцаж орж ирсэн эсэх нь маргаанд хамааралтай байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийн хүрээнд талуудыг мэтгэлцээнд чиглүүлээгүй, энэ талаар тодруулах шаардлагатай байжээ.
4. Нотлох баримтыг бүрдүүлснээр маргааны үйл баримт бүрэн тогтоогдож, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.
5. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00952 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,610,328 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ