Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

  2019          11           07                                     2019/ШЦТ/951

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

          улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

          хохирогч Ж.Цолмонгэрэл,

          шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Зэхц овогт С-ынын Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909036921107 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Сумо” дэлгүүрт зохион байгуулагч ажилтай, ам бүл-4,

          2016 ны 11 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Зэхц овогт С-ынын Э (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сумо” дэлгүүрт хохирогч Ж.Цолмонгэрэлтэй хэрүүл маргаан хийж зүүн нүдний орчимд хөлдүү махаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч С.Эыг хохирогч Ж.Цолмонгэрэлийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх шүүгдэгч С.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч С.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сумо” дэлгүүрт хохирогч Ж.Цолмонгэрэлтэй хэрүүл маргаан хийж, улмаар зүүн нүдний орчимд хөлдүү махаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Ж.Цолмонгэрэлийн "...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Дөлгөөн нуурын хойд хэсэгт Сумо нэртэй хүнсний дэлгүүрт орсон юм. Бид 3 дэлгүүр рүү орохдоо хүүхдэд уулгаж байсан жижиг гоёын ундаа бариад орсон юм. ...хөргөгчнөөс нь мах авч граммлуулахад 4200 төгрөг болсон. Тэгээд махаа худалдагчийн кассын хажууд тавиад ундаагаа бас хажууд нь тавьсан. Би буцаж тойроод хөргөгчнөөс зайрмаг авсан. Зайрмаг аваад очиход миний урдуур 3-4 хүн юм аваад зогсож байсан. Тэгсэн худалдагч эмэгтэй тооны машинаа бариад бид нарын авсан мах, зайрмаг, махны хажууд байсан ундааг тооны машин дээр үнийг нь бодоод 8200 төгрөг боллоо гэж хэлсэн...Би худалдагч эмэгтэй өөдөөс хараад зогсож байхад худалдагч эмэгтэй яриан дундуур над руу 2-3 удаа далайсан. Тэгээд хэрүүл үүссэн. Би худалдагч эмэгтэйд худалдагч юм байж хүнтэй аятайхан харьцаач гэж хэлсэн чинь тэр эмэгтэй би энэ дэлгүүрийн худалдагч биш, би чиний нүдэнд юу гэж харагдаж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хүнтэй лангууны наана цаанаас барьцалдаж авсан. Тэр үед манай эгч Цолмонтуяа яав гээд ирсэн. Тэр эмэгтэй лангуунаас зайрмагаа авч хөргөгчиндөө хураагаад буцаж ирээд лангуун дээр байсан махыг хураах гэж байгаад дахиад надтай зууралдсан. Худалдагч эмэгтэй гартаа миний авах гэж байсан махыг барьчихсан надтай цохилцохдоо миний зүүн нүдийг хөлдүү махаар цохисон. Би ч гэсэн тэр эмэгтэйг гараараа цохисон. Тэгэхэд манай эгч хүүхдээ тэврээд бид 2-ын дундуур орж ирээд салгасан. Худалдагч эмэгтэй надтай зууралдаж байхдаа бас намайг хөлөөрөө өшиглөөд байсан. Би тэр эмэгтэйтэй зууралдаж байгаад салахад миний зүүн нүдний орчимд хавдчихсан байсан. Би нүдээ хавдсаныг мэдээд уурандаа лангуун дээр байсан талх чихэр ХХК-ны пирожийг шидэж шалчийлгасан. Ээж Сэвлэгмаа гаднаас орж ирээд намайг цохиулсныг хараад уурлаад худалдагч эмэгтэйг чи миний охиныг ийм болгодог хэн бэ гэж хэлээд лангууны наана цаанаас худалдагч эмэгтэйг үсэдсэн. Тэр худалдагч эмэгтэй манай ээжийг гуйлгачин хар авгай минь, зайл гэж хэлсэн. Манай ээж Сэвлэгмаа худалдагч эмэгтэйг үсдэж байхад тэр эмэгтэй зөрүүлээд ээж рүү дайраад байсан. Тэгээд лангуун дээр байсан хуйлаастай торыг аваад шидэхэд 1 шил Соёрхол архи хагарсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

          гэрч Ж.Цолмонтуяагийн "...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дүү Цолмонгэрэл, охины хамт Сумо дэлгүүр рүү орсон юм. Тухайн үед уугаад дуусаж байсан жижиг гоёын ундаа бариад орсон юм. Тэгээд дэлгүүрээс жижиг мах аваад худалдагчаар жинлүүлээд үнийг нь мэдээд лангуун дээр тавиад манай дүү ботасын зайрмаг цаашаагаа явж махан дээрээ нэмсэн. Тэгээд нэг харсан чинь манай дүү Цолмонгэрэл дэлгүүрийн худалдагч эмэгтэйтэй маргалдаад лангууны наана цаанаас маргалдаад байсан. Тэгснээ худалдагч эмэгтэй бид нарын авах гэж байсан хөлдүү махаар манай дүүгийн зүүн талын хөмсөгний дээр нь цохисон. Тэгээд манай дүү зөрүүлээд ундааны саваараа лангууны үзүүрт байсан пирожийг цохиод унагаасан. Тэгсэн чинь худалдагч эмэгтэй лангууны араас гарч ирээд чи энийгээ төл гэж хэлсэн. Тэгснээ тэр эмэгтэй манай дүүг миний хажуугаар ирээд хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн. Тэгээд манай дүүг хохь чинь биеийнхээ харьцааг хар би өндөр болохоороо чамайг цохичихлоо гэж хэлсэн. Тэр худалдагч эмэгтэй би дэлгүүрийн худалдагч биш, тэгээд яах юм гээд хэрүүл маргаан хийгээд байсан. Тэгээд би ээж Сэвлэгмааг дуудсан. Манай ээж орж ирээд Цолмонгэрэлийг хараад уур нь хүрээд тэр худалдагч эмэгтэй рүү дайраад үсэдсэн. Тэр эмэгтэй ч гэсэн манай ээжтэй барьцалдаж авсан. Тэгээд би голоор нь орж салгасан. Тэгээд ээж лангуун дээр байсан дамартай уутыг нь аваад архины лангуу руу шидсэн. Дамартай уутанд оногдоод 1 архи л хагарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

          хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ¹11615 тоот актын “…Ж.Цолмонгэрэлийн биед зүүн хөмсөгний дээд хэсэг, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой“ гэх дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,

   яллагдагч С.Эын "...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сумо дэлгүүрт худалдаалагдаж байгаа бараатай ижил төрлийн барааг авч орж ирсэн эмэгтэйтэй маргаан болсон юм. Тэр эмэгтэй өөрийн авч орж ирсэн ундааны саваар намайг цохих гээд далайгаад энийг хараач уугаад дуусгах гэж байгаа биш үү дээ гэж ундааны саваараа цохих гэж сүрдүүлсэн, тэгэхээр нь би та нарт үйлчлэхгүй гар гэж хэлсэн юм, тэгтэл нөгөө эмэгтэй чадахгүй гэж хэлээд хэрэлдээд байхаар нь би чамд бараа зарахгүй гэж хэлээд худалдан авах гэж байсан бараа буюу хөлдүү махыг нь хураах гээд аваад явж байсан тэр үед нөгөө эмэгтэй гартаа барьсан ундааны саваараа цохисон, тэгэхээр нь би биеэ хамгаалах үүднээс гараа сарвайсан, тэгээд гараа дээш өргөөд буулгах үедээ гартаа барьсан байсан хөлдүү махаар санамсаргүй тухайн эмэгтэйн зүүн талын хөмсөгний гадна талд цохигдсон байсан. Тухайн үед цохисон талаараа ч мэдээгүй юм, маргаан болоод салсан байх үед хавдсан байсан, тэгээд хараад цохигдсон байна гэж харсан. Тэгээд тэр 2 хүн дэлгүүрээс гарахгүй маргаад зогсон байх үедээ ээжийгээ дуудсан бөгөөд ээж нь ирээд намайг үсдэж аваад лангуун дээр дараад нүүр лүү цохин гар маажсан. Мөн дэлгүүрийн худалдаалагдаж байгаа бараанаас авч шидсэн юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч С.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Эт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч С.Эт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Зэхц овогт С-ынын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

          4.Шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

         

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

           

 

         

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР