Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 159

 

 

        Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Г.Ж, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б.Б-д холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1998 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 11-22 тоотод оршин суудаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Б.Б, регистрийн дугаар:.......

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд зочид буудлын урд талын засмал зам дээр 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 07-нд шилжих шөнө иргэн Г.Жыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003080170 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Ж-ы мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн “...Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ...Б бид хоёр хонио аваад аймгийн төвд байх тэдний гэрт 22 цагийн орчимд ирсэн. Б хөдөөнөөс авчирсан малаа янзалж байх үеэр найз Д тэдний гэрт хүрч ирээд мэнд ус мэдээд юм ярьж байгаад “амны цангаа тайлах юм авч ирэх үү?” гэж хэлэхээр нь би тэгээч  гэж хэлэхэд найз Д дэлгүүр рүү явж 2.5 литрийн хэмжээтэй Боргио нэртэй пиво авчирсан. Уг пивыг Д бид хоёр юм ярингаа ууж дуусгасан ба бид хоёр Бийн гэрт хонох бодолтой байж байтал Б хүнтэй гар утсаар ярьсныхаа дараагаар “хадам ээж хөдөөнөөс орж ирж байгаа юм байна. Манайд хонох юм шиг байна” гэж хэлэхээр нь Д бид хоёр хоорондоо ярилцаж байгаад “Гранд” зочид буудалд очиж хонохоор болоод Бийн гэрээс гарч явсан. Д бид хоёр “Гранд” зочид буудлын урд талын явган хүний зам дээр явж байтал дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй хүүхэд бид нарын хажуугаар зөрж байсан ба тэд нарын дундаас нэг эрэгтэй хүүхэд нь найз Д-аас тамхи асуухад Д өөрийн өмдний халааснаас хайрцагтай тамхи гаргаж ирээд тухайн хүүхдэд тамхи өгч байсан ба “одоо миний тамхи дууслаа” гэж хэлэх үед Даас тамхи гуйж байсан залуу үгийн зөрөөгүй цохиод авсан. Тэр мөчөөс эхлээд хүүхдүүд Дыг тойроод бужигнаж эхэлсэн. Тэд нар хоорондоо таталцаж түлхэлцэж Гранд зочид буудлын хажуугаар зөрөөд гэр хороолол тал руугаа яваад байхаар нь би араас нь яваад тэд нарын хажууд очиход нөгөө залуучууд Дыг газар унагаачихсан хөлөөрөө өшиглөж байсан. Тухайн үед би та нар болиоч ээ наад хүн чинь үхлээ ш дээ гэж хэлтэл миний араас нэг хүн цохих шиг болсон. Би хүнд цохиулсны улмаас ухаан алдсан байсан ба нэг сэрэхэд газар сууж байсан. Ухаан орсны дараа эргэн тойрноо ажиглахад Д газар хэвтэж байхаар нь би Даа гэж дуудахад Д босож ирээд миний хажууд хүрч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,

Хохирогч Г.Ж-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гранд зочид буудалд очиж амрах гээд явж байтал 7, 8 залуу өөдөөс ирж байсан. Ирээд тамхи байна уу? гэж Даас асуусан. Д ч байна гээд өгөөд байсан. Хамгийн сүүлд Б.Б ирж авах гэхээр нь тамхи дууслаа гээд өгөөгүй. Тэгээд тэр хоёр муудалцсан. Улмаар зодолдож, бужигналдаад яваад өгөх шиг болсон. Би араас нь очтол намайг араас өшиглөсөн. Би газар руу доошоо хараад ухаан алдсан байсан. Босож ирээд Д-ыг дуудсан. Д бас тэнд зодуулчихсан байсан. Бид хоёр Гранд зочид буудал руу ороод толинд харахад нүүр ам, цус болчихсон байсан. Маргааш нь айлд очиж хоносон бөгөөд хэрэг гарсны нөгөөдөр нь Цагдаагийн байгууллага дээр очиж гомдлоо гаргасан. Цагдаагийн албан хаагчид камер шүүгээд тэдгээр хүмүүсийг олж илрүүлсэн. Б.Б-д зодуулснаас болж миний 2 шүд хугарсан, нэг шүд сэтэрсэн. Би Улаанбаатар хот руу шүдээ эмчлүүлэхээр 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр яваад 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. Би шүд хийлгэсэн эмчилгээний төлбөр болох 5,132,422 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,

2. Гэрч Б.Д-ын “...Бид хоёр “Гранд” зочид буудлын урд талд явган хүний зам дээр явж байтал дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй хүүхдүүд бид хоёрын хажуугаар зөрсөн ба тэд нарын дундаас нэг хүүхэд нь миний хажууд хүрч ирээд “тамхи байвал өгөөч” гэж хэлэхээр нь би өөрийнхөө хайрцагтай тамхийг халааснаасаа гаргаж ирээд 2 ширхгийг өгөхөд уг залуу миний хайрцагтай тамхи руу гараа сарвайлгахаар нь би “ямар олон тамхи авдаг юм бэ? миний тамхи дууслаа” гэж хэлтэл миний нүүр лүү нэг хүн цохисон. Түүнээс хойш болж өнгөрсөн явдлыг нэг бүрчлэн хэлж мэдэхгүй байна. Миний санаж буйгаар тухайн үед намайг цохиж эхлэхээр би тэр хүүхдүүдээс биеэ хамгаалахаар ноцолдож эхэлсэн ба тухайн хүүхдүүдтэй намайг ноцолдож байх үеэр найз Ж бид нараас хол байсан. Тухайн хүүхдүүд надтай хөөцөлдөж, ноцолдож /зодолдож/ байгаад нарийн гудамж руу зугтаад орчихоор нь би буцаад Гранд зочид буудлын зүг алхахад надаас 2 метр орчмын зайнд найз Ж сууж байхаар нь босгож аваад Гранд зочид буудал руу ороод гэрэлд найзынхаа царайг харахад үүдэн хоёр шүд нь дундуураа хугарсан, хамрын гануу хэсгийн арьс шалбарсан цус гоожсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

3. Гэрч Г.С-гийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 06-ны орой 22 цагийн орчим найз Н, Заяа хоёртой Цэдэнбалын талбай дээр уулзаад юм яриад сууж байгаад тэнд Ч, Б, Б, Г нартай тааралдсан юм. ...тэгээд бид нар 2019 оны 8 дугаар сарын 7-ны 00 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харихаар долоолуулаа хамт эхлээд намайг гэрт хүргэж өгөхөөр Гранд зочид буудлын урд талаар явж байтал ...Гранд буудлын үүдэн дээр тамхи татаад зогсож байсан миний танихгүй хоёр ах руу Б эхлээд явсан тэгээд Б тэр хоёр ахтай уулзаж байгаад гэнэт маргалдаад барьцалдаад автал Б-ын араас Б, Ч, Г нар яваад очсон. Тэгээд Б-ыг тэр хоёр ахаас салгах гээд тэд нар хоорондоо маргалдаж байгаад барьцалдаад, ноцолдоод бужигналдаад Гранд буудлын урд талын засмал зам дээр гараад ирсэн. Тэгэхээр нь бид гурав Ч, Б, Б, Г нарыг дуудахад нөгөө хоёр ахаас салаад нааш эргээд явж байтал дахин Быг нэг ах дуудахаар нь Б очоод нөгөө ахыг засмал зам дээр зогсож байгаад нөгөө дуудсан ахыг өшиглөтөл нөгөө ах Гранд буудал тал руу замын хажуу руу түрүүлгээ хараад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

4. Гэрч Ц.Н-н “...Грандын өмнө зогсож байсан хоёр ахын нэг нь бид нартай хамт явсан залуучуудыг дуудахад нь Б ганцаараа нөгөө хоёр ах дээр гүйгээд очсон юм. Тэгээд Бтай нэг ах нь юм ярьж байгаад маргалдаад зогсож байгаад Б нөгөө ахыг нэг удаа нүүр лүү нь алгадахад нөгөө ах эргүүлээд Быг нэг удаа алгадсан. Тэгээд барьцалдаад авахаар нь Ч, Б нар салгах гээд Б руу гүйгээд очсон ба харин энэ үед Г, Заяа хоёр бид нараас түрүүлээд явчихсан байсан учир тийш ээ очоогүй. Тэгж байтал Ч, Б нар Б-ыг нөгөө хоёр ахаас салгах гээд ноцолдож барьцалдаад байсан ба тэр хугацаанд Б нэг ахыг замын хажуу руу араас нь жийгээд өшиглөтөл нөгөө ах зам руу Гранд талдаа түрүүлгээ нүүрээрээ нэлээн эвгүй уначихаар нь С бид хоёр Б, Б, Ч нарыг салгаж аваад хойшоо эргээд явж байхад араас нөгөө хоёр ах дагаад дуудаад явж байгаад ард хоцорсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

5. Гэрч А.Б-ын “...Тухайн үед шөнийн 00 цаг өнгөрч байсан учир хамт явсан 3 охиноо хүргэж өгөхөөр хамтдаа Гранд буудлын урдуур явж байгаад Ч Гранд буудлын урд талд машины зогсоолын тэнд танихгүй хоёр ах зогсож байхаар нь тэр хоёроос тамхи асуухаар эхлээд Б-тай хамт очоод нэг ширхэг тамхи аваад хариу бид нар луу явж байтал гэнэт нөгөө хоёр ахын нэг нь Быг дуудсан ...тэгэхээр нь Б хариу буцаад ганцаараа яваад очсон. ...нэг өндөр ах нь Бтай юм ярьж байгаад маргалдаад эхэлсэн ба гэнэт Б нөгөө ахыг нэг удаа гараараа алгадаад авсан тэгээд дахин нэг удаа алгадаад авсан ба тэгээд барьцалдаад ноцолдоод эхэлсэн. ...Б-тай барьцалдаж байсан ах Ч-той барьцалдаад Гранд буудлын урд талын засмал замаас Гранд тал руу буугаад ноцолдоод эхэлсэн ба тэр хоёрын араас Б явтал нөгөө нэг ах нь Быг гараас нь татаад эргүүлтэл Б нөгөө нэг намхан ахыг /Ж/ араас нь замын уруу буюу Гранд тал руу нуруу руу нь нэг удаа өшиглөөд унагаачихсан... Ж гэх ахыг Б араас нь өшиглөөд замын уруу унагаж шүдийг нь гэмтээсэн бөгөөд Баас өөр хүн тэр Ж гэх ахыг зодоогүй. Харин нөгөө өндөр ахтай нь Ч бид хоёр барьцалдаж ноцолдсон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

6. Гэрч Б.Ч-ын “...Би тэр өндөр ахтай барьцалдсан чигээрээ Гранд буудлын урд талын замаас Гранд буудал тал руу чирэлдээд зууралдаад замын хажуугаар ороход зам дээр Б нөгөө нэг намхан Ж гэх ахын нурууны араас нь нэг удаа өшиглөхөд нөгөө ах замын хажуу руу Гранд буудал тал руу нүүрээрээ түрүүлгээ хараад уначихсан. Баас өөр хүн тэр Ж гэх ахыг зодоогүй. Харин нөгөө өндөр ахтай нь Б бид хоёр тэр ахаас салах гээд барьцалдаж ноцолдсон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

7. Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 566 дугаартай “...Үзүүлэгч Г.Жы биед гэмтэл учирсан байна. Үүдэн баруун 1, 2 дугаар шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний сэлтрэл, хамрын нуруу, дээд уруул, доод уруулын салстад, эрүү, баруун, зүүн шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна.  Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

8. Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 565 дугаартай “...Үзүүлэгч Б.Д-ын биед гэмтэл учирсан байна. Баруун, зүүн тохой, нуруунд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 565, 566 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б гэрч Б.Д нар нь үл ялих зүйлээр маргалдаж, улмаар шүүгдэгч Б.Б нь гэрч Б.Д-ын биед халдаж 2 удаа алгадсаны улмаас хоорондоо зодолдсон байна. Уг зодоонд гэрч А.Б, Б.Ч нар оролцсон нь тэдний гэрчээр өгсөн “...Харин нөгөө өндөр ахтай нь ...бид хоёр барьцалдаж ноцолдсон нь үнэн...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь гэрч Б.Д-ын нүүрэн тус газар нь 2 алгадсан гэх үйл баримт тогтоогдох бөгөөд тэрхүү цохилтын улмаас гэрч Б.Дын “баруун, зүүн тохой, нуруунд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл” учрах боломжгүй юм. Иймээс дээрх гэмтлийг гэрч А.Б, Б.Ч нар үүсгэсэн эсэхийг буюу хэн үүсгэснийг тогтоогоогүй байна. Тодруулбал шүүгдэгч Б.Б, гэрч А.Б, Б.Ч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй үйл баримт тогтоогдож байна.

Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, 24.4 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ прокурор, мөрдөгч нь биелүүлээгүй байна. Тодруулбал хэрэгт эрүүгийн мөрдөгч уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хэрхэн олж тогтоосон талаар баримт байхгүй, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлээгүй, таньж олуулах ажиллагаа явуулаагүй байгаа зэргээс үүдэж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу хяналтын камерын бичлэг устсан байна. Уг бичлэгт хохирогчийн мэдүүлснээр гэрч Б.Д-д бүлэглэн хүч хэрэглэж байгаа талаар бичигдсэн гэх бөгөөд улсын яллагчаас тодруулахад замын хяналтын камерын бичлэг 1 сарын хугацаанд хадгалагддаг гэв.

Иймд шүүгдэгч Б.Б бусад этгээдтэй гэмт хэрэгт хамтран оролцсон буюу нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаах боломжгүй гэж дүгнэв.

Мөн улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчимд нийцэн гэж дүгнэв.

 Шүүгдэгч Б.Б нь архидан согтуурсны улмаас нийгмийн хэв журмыг зөрчиж Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд зочид буудлын урд талын засмал зам дээр 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00 цагийн орчимд иргэн Г.Ж-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж нь “...Би шүд хийлгэсэн эмчилгээний төлбөр болох 5,132,422 төгрөгийн төлбөрийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа...” гэж, хохирогчийн өмгөөлөгч “...Нийт 4,773,422 төгрөгөөс шүд ломбодуулсан 120,000 төгрөгийг хасах боломжтой. Үлдэх 4,653,422 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах боломжтой...” гэж тус тус мэдүүлсэн байна. Хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлээс УБ Сонгдо эмнэлэгт үзүүлсний төлбөр 25.000 төгрөг, Увс аймгаас Улаанбаатар хот руу очиж, буцах зардал 138.000, эмийн төлбөр 37.422 төгрөг, тархины зураг авхуулсан төлбөр 150.000 төгрөг буюу нийт 350.422 /гурван зуун тавин мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийн хохирол баримтаар тогтоогдож байна. Харин хохирогч Г.Жы шүд эмчлүүлсний 4.060.000 төгрөгийн төлбөрийн баримт нь мөнгө тушаагч болон хүлээн авагчийн гарын үсэггүй, санхүүгийн тэмдэггүй, Б.З, Б.Э гэх эмчийн хувийн тамгатай, мөн тус баримтын “эмчилгээ” гэх баганын 1, 2 дахь мөрнүүдэд бичигдсэн зүйлсийг засварласан, 3, 4 дэх мөрөнд нөхөж бичсэн, “бүгд” гэх баганын 1-4 дэх мөрөнд болон “нийт үнэ” гэх мөрөнд хар өнгийн балаар давхарлан засварласан байна. Дээрх “Пи ди ай си” гоо сайхны мэс засал, имплант, шүд, эрүү нүүрний төв эмнэлгийн орлогын баримт эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн хор уршигт баримтаар тогтоогдсон 350.422 /гурван зуун тавин мянга дөрвөн зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Г.Ж-д олгож, хохирогч Г.Ж-ы гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч шүүгдэгч Б.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял сонсгосон, шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч нь аав ээжтэйгээ хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй байгаа. Хохирлыг хэзээ төлөх нь тодорхойгүй байгаа учраас шүүгдэгч торгох ялыг хэрэгжүүлэх боломжгүй. ...эрүүгийн хариуцлагыг нийтэд тустай ажлын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 350.422 /гурван зуун тавин мянга дөрвөн хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ж-д олгосугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Ж-ы гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

        6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА