| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01008/и |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1036
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01036 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг Сөгнөгөр гэх газар суух, Да овгийн Ганбатын Болормаа /НБ89012706/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын 4 дүгээр баг, Үдлэг гэх газар суух, Боржигон овгийн Үүрийнтуяагийн Эрдэнэтуяа /НБ88052015/ -д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ү.Эрдэнэтуяа, нарийн бичгийн дарга А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Миний бие Ү.Эрдэнэтуяатай сурагч ахуй цагаас эхлэн үерхэж байгаад 2006 оны 11 сарын 23-ны өдөр хүү Б.Эрдэнэболорыг төрүүлж, өөрөөрөө овоглож гэрчилгээ авсан. Ү.Эрдэнэтуяа нь энэ хугацаанд хүүхдээ харж хандаж боломжгүй байсан одоо ажил төрөлтэй болсон тул хүүхдэд нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ү.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь Б.Эрдэнэболорын эцэг мөн, төрсөн цагаас хойш эргэж тойрох боломжгүй байсан. 2015 оны 09 сараас Батсүмбэр сумын байгаль орчны байцаагчаар түр ажиллаж байгаа. Тэтгэмжийг хуульд заасан журмаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Болормаа, хариуцагч Ү.Эрдэнэтуяад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.
Ганбатын Болормаа, Үүрийнтуяагийн Эрдэнэтуяа нар нь гэр бүлийн харьцаатай байснаар 2006 оны 11 сарын 23-ны өдөр хүү Б.Эрдэнэболорыг төрүүлж, эх Г.Болормаагаар овоглон төрсний бүртгэлд 2006 оны 12 сарын 28-ны өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 0004672 Г-9 тоот гэрчилгээгээр, Б.Эрдэнэболор нь эсэн мэнд бойжиж байгаа болох нь эмчийн тодорхойлолтоор, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Б.Эрдэнэболорт эцэг Ү.Эрдэнэтуяагаас тэжээн тэтгэх тэтгэлэг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ү.Эрдэнэтуяагаас нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод мөн оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2006 оны 11 сарын 23-ны өдөр төрсөн Б.Эрдэнэболорыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ү.Эрдэнэтуяагаар тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ү.Эрдэнэтуяагаас тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН