| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2016/01027/и |
| Дугаар | 1027 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 1027
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 151/ШШ2016/01027 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багт оршин суух, Бэсүд овгийн Цэхэрийн Буянхишиг /ДГ76020921/-ийн хүсэлттэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Буянхишиг, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Буянхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ... Иргэн Д.Цогбадрах нь 2015 оны 06 сарын 10-ны өдөр зам тээврийн осол гаргаж миний охин Б.Аззаяагийн биед хүнд гэмтэл учруулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 08-ны өдрийн 171 тоот шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн. Уг шийтгэх тогтоолд цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Д.Цогбадрахын сүүлчийн оршин сууж байсан хаяг буюу Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазар гудамж 70/2 дугаар байр 11 тоот хаягтай боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг надад өгсөн. Иймд миний бие хариуцагч Д.Цогбадрахын оршин суух хаягийг тодруулж дараа нь нэхэмжлэлээ гаргах тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Буянхишиг хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Цогбадрахыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Данзансамбуугийн Цогбадрах нь Ц.Буянхишигийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Д.Цогбадрах нь Б.Аззаяагийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон.
Д.Цогбадрахын оршин байгаа газар тодорхойгүй болох нь Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазар гудамж 70/2 дугаар байр 11 тоотод оршин суух хаягтай боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, түүний оршин байгаа газрыг мэдэхгүй байгаа талаар мэдүүлсэн нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Д.Цогбадрахыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Д.Цогбадрахыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Төв аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазар гудамж 70/2 дугаар байр 11 тоотод оршин суух, Одон бор овгийн Данзансамбуугийн Цогбадрах /АП75121975/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Цогбадрахыг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор,Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОН