| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0118/э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 165
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогч Ч.Ш, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, С.Н, шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт С.М-т холбогдох 1935002770138 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 11-37 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт С.М, регистрийн дугаар:..............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.М нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт байрлах Шунхлай шатахуун түгээх станцын гадна хохирогч Ч.Шийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935002770138 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ч.Ш-ийн “...2019 оны 07 сарын 11-ний өдөр колонк дээрээ П гэх эмэгтэйдээ хамт ээлжид гарч байсан. Оройн 22 цаг өнгөрч байтал С.М өөрийн машинтайгаа П, бид хоёр луу чиглэж ирээд мөргөх шахаад хажуу тийш зайлаад зогссон тэгээд би уурлаад хүн аллаа шүү дээ гээд гараараа машины копуд дээр зөөлөн цохиход С.М машинаас бууж ирээд шууд намайг барьж заамдаж аваад чи 4-н замд томордог хэн юм бэ гэхээр нь би Пыг цагдаад дуудлага өг гэхэд С.М чи цагдаа дуудуулдаг хэн юм гээд намайг боогоод нүүр, ам нүд рүү гараараа 2-3 удаа зодоход би ухаан балартаж унасан. Намайг ухаан балартсаны дараа М дахиад 2-3 удаа зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
2. Гэрч Ч.П-ын “....Ш бид хоёр хамт машинд түгээлт хийхээр гараад ...явж байтал гэнэт урдаас саарал өнгийн машин бид хоёрыг чиглээд хүчтэй ирэхээр нь би сандраад хойш ухарсан, харин Ч.Ш хажуу тийш бултаад гарахад нөгөө машин зогсоод жолооны ардаас С.М гэх зүс таних 50-15 УВХ улсын дугаартай машины жолооч байсан ба бууж ирээд шууд Штэй барьцалдаад авсан. ...М Штэй барьцалдаж аваад гараараа нэг цохиж унагаагаад дээрээс нь гараараа нүүрэн тус газар нь зодоод байсан би сандраад цагдаад дуудлага өгчхөөд ...харахад М Ш-ийг унагаачихсан гараараа 2-3 удаа хүчтэй цохиж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
3. Гэрч Ц.Б-гийн “...Ч.Ш нь миний нөхөр юм. ...2019 оны 07 сарын 11-ны 00 цагийн орчимд байх гэртээ бусдад зодуулчихсан байдалтай нүүр, ам, нүд нь хавдчихсан, үүдэн нэг шүд нь уначихсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай ирсэн юм. Тэгээд нөхрөөсөө хэн зодсоныг нь асуухад зүс харж байсан хүн зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
4. Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “...иргэн Ч.Шийн биед тухайн үед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, дээд үүдэн шүд /11-р/ хугарч унасан, уруул язарсан, 2 нүдний салстад цус хуралт, эргэн тойрон зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнхөн хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Ч.Ш-н биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 502 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,
5. Шүүгдэгч С.М-ын “...Улаангом сумын 4 дүгээр багт байрлах Шунхлай нэртэй шатахуун түгээх станц руу ганцаараа явсан. ...очиход колонк дээр П, Ш нар гадаа машинд бензин өгсөн бололтой зогсож байсан ба би машинтайгаа тэр хоёр луу тулж очоод торомз дарахад Ш, П нар цочоод Ш миний машины хоншоорыг гараараа цохиод шууд миний сууж байсан талаар ирээд хүн дайрлаа гээд уурласан тэгэхээр нь миний уур хүрээд Штэй маргалдаад шууд машинаасаа буугаад Штэй барьцалдаж аваад нэг нэгнээ заамдаж боогоод ноцолдож байтал Ш боолтод орохоор нь би хажуу тийш мушгиж дараад газар унагааж ...гэдрэгээ харуулж байгаад нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгтэл Ш надаар зодуулахгүй гэж тэмцээд дахин надтай зуураад босоод ирсэн. ...дахин Шийг газар унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохичхоод Шийг тэнд нь орхичхоод машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
6. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Тухайн өдөр манай ажилтан ажлын байран дээрээ зодуулсан гэдгийг сонсоод 15 минутын дараа ШТС дээр ирэхэд цагдаа, эмнэлгийн байгууллагаас хүмүүс ирсэн байсан. Тухайн үед юу болсон талаар тодруулсан. Намайг ирэхэд Ч.Ш-ийн нүүр, нүд нь хавдаж, ухаан санаа нь тогтворгүй байсан. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхээр Э гэдэг ажилтныг дуудаж хамт эмнэлэг рүү явсан. Мөн нөгөө ээлжийн түгээгч Пас юу болсон талаар асууж камерын бичлэгийг шалгасан байгаа. Манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын байран дээрээ хөдөлмөрийн осол гэмтэлд учирсан тохиолдолд санхүүгийн болон анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж заасан. Тийм болохоор Ч.Ш-т эмнэлгийн төлбөр яаралтай шаардлагатай байна гэсэн болохоор эхлээд Эбажи эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөр 253,050 төгрөг, шүд хийлгэхэд шаардлагатай 1 сая төгрөгийг Болор цахиур эмнэлгийн нэхэмжлэхийн дагуу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “...Шүүгдэгч С.М нь Шунхлай ШТС-ын гадаа машинтайгаа маш хурдтайгаар хохирогч болон түгээгч П нарыг дайрах шахам ирж зогстол хохирогч очоод уурлаж машины шилийг нь гараараа тогшиход шүүгдэгч бууж ирээд хохирогчийг бариад авсан. Улмаар хохирогч эхэлж түүний нүүр хэсэг рүү цохиж, шүүгдэгч мөн зөрүүлж цохив. Харилцан 2, 3 удаа цохисны дараа шүүгдэгч хохирогчийг унагааж байгаад хохирогчийн нүүрэн хэсэгт 7-8 удаа цохив. Дараа нь дахин зууралдсаар камергүй хэсэгт 2 минут орчим хугацаанд байж байгаад дахин камерын харах хэсэгт орж ирээд шүүгдэгч 5-6 удаа хохирогчийн нүүр хэсэгт нударгаа зангидаж, олон удаа цохисон...” гэх камерын бичлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 502 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.М, хохирогч Ч.Ш нар нь урьдын таарамжгүй харьцааны улмаас харилцан зодолдох явцад хохирогч Ч.Шийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч С.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн хор уршиг нь Эбажи эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр 253’050 /хоёр зуун тавин гурван мянга тавь/ төгрөг, Болор цахиур эмнэлэгт шүд хийлгэсэн төлбөр 1’000’000 /нэг сая/ төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 298’507 /хоёр зуун ерэн найман мянга таван зуун долоо/ төгрөг, 5 өдрийн борлуулалтын цалин 115’788 /нэг зуун арван таван мянга долоон зуун наян найм/ төгрөг, эм авсан төлбөр 18’600 /арван найман мянга зургаан зуу/ төгрөг, эмчийн үзлэгийн төлбөр 15’000 /арван таван мянга/ төгрөг, шүүх шинжилгээний дүгнэлтийн төлбөр 8’000 /найман мянга/ төгрөг, томографын диск бичлэгийн төлбөр 5’000 /таван мянга/ төгрөг, хохирлын баримт баталгаажуулсан нотариатын төлбөр 5’000 /таван мянга/ төгрөг буюу нийт 1’718’945 /нэг сая долоон зуун арван найман мянга есөн зуун дөчин тав/ төгрөг байна.
Дээрх учирсан хор уршгаас Эбажи эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн төлбөр 253’050 /хоёр зуун тавин гурван мянга тавь/ төгрөг, Болор цахиур эмнэлэгт шүд хийлгэсэн төлбөр 1’000’000 /нэг сая/ төгрөг буюу нийт 1’253’050 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга тавь/ төгрөгийг “Шунхлай трейдинг” ХХК төлсөн, ажилгүй байсан хугацааны цалин 298’507 /хоёр зуун ерэн найман мянга таван зуун долоо/ төгрөг, 5 өдрийн борлуулалтын цалин 115’788 /нэг зуун арван таван мянга долоон зуун наян найм/ төгрөг буюу нийт 414’295 /дөрвөн зуун арван дөрвөн мянга хоёр зуун ерэн тав/ төгрөгөөс 91’650 /ерэн нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг листээр нөхөж хохирогчид олгосон байна.
Иймд шүүгдэгч С.М-аас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 374’235 /гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ш-т, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1’253’050 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч С.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, цалин хөлс, тодорхой орлогогүй тул торгох ялыг оногдуулах боломжгүй гэж дүгнэв. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт С.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч С.М-аас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 374’235 /гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ш-т, мөн 1’253’050 /нэг сая хоёр зуун тавин гурван мянга тавь/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д тус тус олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дискийг хэргийн хамт хадгалсугай.
6. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА