Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01102

 

 

 

 

 

 

    2026           05            13                                     210/МА2026/01102

           

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01526 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******холбогдох,

16,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндуламын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 2024-154 дугаартай үл хөдлөх хөрөнгө зуучлалын гэрээ байгуулж, гэрээний дагуу *******хаягт байрлалтай, 396 м.кв үйлчилгээний зориулалттай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд түрээслүүлэх зорилгоор зуучилсан. Зуучлуулагчийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийн 1 м.кв нь 55,000 төгрөг буюу 396 м2 талбайг 19,800,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож байсан. Уг гэрээний дагуу бүрэн дүүрэн үйлчилгээ үзүүлж 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээдэд түрээслэхээр тохиролцсон.

1.2. Хариуцагч *******нь уг зуучлалын гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг төлөх ёстой байсан ч *******харилцан тохиролцож 88 хувиар тохиролцож, 17,600,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Тухайн зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг манай компанийн агент болох н.Ундармаа гэрээ байгуулсан байдаг. Компанийн зүгээс н.Ундармаад зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг 2024 оны 4 сарын 11-ний өдөр итгэмжлэлээр олгосон.

1.3.Манай компанийн зүгээс тухайн үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдээр түрээслүүлэхээр түрээслэх сонирхолтой иргэн, хуулийн этгээдийг үнэгүй.мн, фэйсбүүк групп болон пэйж хуудаснуудад тухайн хөрөнгийн талаарх зар мэдээг байршуулж мэдээллийг нь тавьж ажилласан. Энэ ажлын хүрээнд Оросын холбооны улсаас хүнс импортлон оруулж ирдэг Наш худалдааны төвийн менежер н.******* гэх хүн ирж *******2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзуулж, тухайн объект дээр дагуулж очиж байршил зүйг нь үзэж, ийм уулзалтыг удаа дараа хийж гүйцэтгэсний дагуу тухайн объектыг 1 м.кв нь 50,500 төгрөг буюу 396 м.кв талбайг 1 сарын 20 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байдаг. Тухайн салбар 2024 оны 9 дүгээр сарын дундуур нээлтийн үйл ажиллагаагаа хийж байсан.

1.4. Бид зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу ажлын хөлс 17,600,000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч *******зүгээс тухайн хөрөнгө түүний талийгаач нөхөр н.Болорын нэр дээр бүртгэлтэй тул өвлөх эрхийн гэрчилгээ 1 жилийн гарах тул 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өв нээлгүүлэх хүсэлтээ өгөөд, нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээгээ нээлгүүлээд, улсын бүртгэлийн байгууллагад явж байх энэ процесс нь 7,8 сард тухайн гэрчилгээ гарсан. Бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй байна, төлбөр мөнгө одоогоор орж ирсэн зүйлгүй, тохижилт хийгээд явж байна гээд төлбөр төлөх хугацаа хойшлуулаад байсан. Ингээд Д.******* гэдэг хүнтэй манай компанийн удирдлагын зүгээс болон хуульч миний зүгээс удаа дараа холбогдоход түрээсийн гэрээгээ хийчихсэн байгаа. Түрээсийн гэрээгээ нотариат дээр гэрээнийхээ үнэн зөвийг баталгаажуулаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, бичгийн гэрээгээ манай гэрээний драфтаар боловсруулагдаад хийгдсэн. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Д.*******д  *******зүгээс 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг бөгөөд Д.*******гийн зүгээс манай агентад 2024 оны 10 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Иймд хариуцагч *******зуучлалын гэрээний хөлс 16,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 2024-154 дугаар бүхий зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, миний өмчлөл болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу, 18/1 тоот хаягт байрлах үйлчилгээний талбайг түрээслүүлэх зорилгоор зуучлалын үйлчилгээ үзүүлсэн гэжээ. Миний бие тэрхүү байрыг түрээслүүлэх талаар зарыг олон нийтийн хэрэгсэлд мэдээллийг тавьсан бөгөөд улмаар тус агентаас гэж хүн холбогдож гэрээ хийж зуучлалын үйлчилгээ хийж өгөх талаар дурдсан. Гэвч хуульд зааснаар гэрээ байгуулаагүй, зуучлалын үйлчилгээ үзүүлээгүй тул нэхэмжлэлд дурдсан 17,600,000 төгрөгийг төлөх үүрэггүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар хариуцагч *******зуучлалын хөлс 16,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 240,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нөхцөлд хариуцагчид багасгасан шаардлагыг гардуулан өгч хуульд зааснаар багасгасан шаардлагад тайлбар гаргах бололцоогоор хариуцагчийг хангаагүй, мөн шүүх хуралдаан дээр шинэ нотлох баримт буюу дансны хуулга гаргаж өгсөн талаарх шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзэхэд хариуцагчид нотлох баримттай танилцаж, тайлбар өгөх боломжоор хангаагүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх боломжоор хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

4.2. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэхдээ хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүхэд ямар нэг хүсэлт баримт гаргаагүй учир хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх ба нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хангаж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12, 26, 34.3,  Өмгөөлөгчийн эрх үүргийг хуулийн 34-т тус тус зааснаар өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох эрхтэй байна. Гэтэл шүүх хэргийн бусад оролцогч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа зөвхөн хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа мэтээр ойлгож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүх өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас гаргасан гомдолдоо "нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,000,000 төгрөгөөр бууруулсанд гомдолтой байна" гэж байна. Хэргийн 45 дугаар талд гэрчийг асуух хүсэлт гаргасан баримт авагдсан ба хэргийн 56-аас 59 дүгээр талд гэрчийн мэдүүлгээр уг 1,000,000 төгрөгийг оруулж ирсэн гэдэг асуудал яригдаж байсан ба шинээр гаргаж өгсөн баримт биш бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яригдаж байсан. Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т "нэхэмжлэгч ...түрээслээд орсон хүнтэйгээ холбогдоход “ярьж үзье” гэж хэлж байсан. Түрээсэлсэн хүнээс 1,000,000 төгрөг ирсэн...гэх гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,000,000 төгрөгөөр багасгасныг тайлбарлах нь зүйтэй" гэж дүгнэсэн. Иймд шинээр энэ баримтууд гарч ирээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед дурдагдаж байсан баримт гэдгийг тайлбарлах нь зүйтэй.

5.2. Төлөөлөгчөөр оролцох асуудал нь Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан, мөн өмгөөлөгчийн оролцож байгаа тохиолдолд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар "өмгөөлөгч гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхол хамгаалах бүх талын арга хэмжээг авч, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг хүлээж оролцдог", мөн хуулийн 34.3.1 дэх хэсэгт шүүх хуралдаанд бэлдэх шаардлага, 34.4.2 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар бүх талын тууштай арга хэмжээг авах ёстой" гэж заасан. *******хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ******* өмгөөлөгч оролцсон. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар *******, ******* нар нь *******эрх ашиг сонирхлыг төлөөлж оролцож байгаа учраас 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй. Гэтэл шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийж мэдэгдлийг 77.2 дахь хэсэгт зааснаар утсаар тов мэдэгдсэн тэмдэглэл хэргийн 60 дугаар талд авагдсан.

5.3. Нэхэмжлэгч зуучлалын гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэргийг бүхэлд нь дүгнэж үзвэл зуучлалын гэрээний дагуу 17,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 410 дугаар зүйлийн  410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээ байгуулсан нь тогтоогдож байна гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 16,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан зуучлалын гэрээний үүрэг 17,600,000 төгрөг шаардсан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг 1,000,000 төгрөгөөр багасгаж үлдэх 16,600,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан, хариуцагч “гэрээ байгуулаагүй, зуучлалын үйлчилгээ үзүүлээгүй” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. 

3.1. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь зуучлалын гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний хөлс гаргуулахаар шаардсан байх бөгөөд хариуцагч нь хуульд заасан гэрээ байгуулагдаагүй, зуучлалын үйлчилгээ аваагүй тул төлбөр төлөхгүй гэж марган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

3.2. Нэхэмжлэгчийн зүгээс зуучлалын гэрээний дагуу гуравдагч этгээдээр *******худалдааны төвийг төлөөлж Д.*******г холбож хариуцагч хэлцэл хийсэн, *******нь Д.*******гээр дамжуулж зуучлалын хөлс болох 17,600,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн, уг мөнгийг манай ажилтан *******дансаар хүлээн авсан гэж тайлбарлан Д.*******, Г.Ундармаа нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. /хх-35/

3.3. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.*******г гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаж, *******дансаар 1,000,000 төгрөг шилжиж ирсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж, улмаар гэрээний төлбөрийн үүргээс 1,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. /хх-61-62/

Нэхэмжлэгч дээрх мөнгөн шилжүүлгийг хариуцагч *******холбоотой зуучлалын гэрээний төлбөрт тооцогдох мөнгө гэж тайлбарласан байхад хариуцагчийг уг баримттай танилцах, тайлбар гаргах боломжоор хангаагүй, дээрх нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, мөнгөн шилжүүлгийн зориулалт, ямар үүргийн гүйцэтгэлд хамаарах болохыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй гэх үндэслэлд хамаарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим, талуудын эрх тэгш байх зарчмын хүрээнд талууд эсрэг талаас гаргаж буй нотлох баримттай тухай бүрт танилцах, түүнд тайлбар гаргах, түүнийг няцаах баримтыг гаргаж өгөх боломжоор хангагдсан байх ёстой. Түүнчлэн

Гэтэл дээрх ажиллагааг шүүх бүрэн хэрэгжүүлээгүйгээс зуучлалын үйлчилгээг үзүүлсэн эсэх нь бүрэн тогтоогдоогүй, энэ талаар хариуцагч маргаж байхад төлбөрт мөнгө орсон баримтыг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэргийн оролцогч хуулиар олгогдсон эрх хязгаарлагдсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд шинэ нотлох баримт гаргаж өгсөнтэй танилцах боломжоор хангаагүйгээс хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангана.

4. Харин хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гомдлын тухайд хэрэгт авагдсан баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн байх тул хариуцагч талд тов мэдэгдсэн гэж үзэх ба өмгөөлөгч шүүхээс хуралдааны тов лавлах үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй.

   5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт байгаа баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2026/01526 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,950 төгрөгийг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ОЮУНТУЯА

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ