Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 162

 

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, Улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Г.М, Э.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М овогт Г.М, Ц овогт Э.А нарт холбогдох 1935003910187 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар /Хөхөө/ багийн 3-27 /328/ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Г.М, регистрийн дугаар: ..........

Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг 1-11 /Гиваан хороолол 815/ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Э.А, регистрийн дугаар: .........

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.А, Г.М нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутагт  2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө хохирогч Н.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935003910187 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.О-ын  “...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Тариалан сумын 6-р багт байрлах өөрийн тарианы талбай дээр ажилласан. ...Тэгээд Залуухүү эгч бид хоёр ойролцоо байх машин руу очиж оройн хоолоо идсэн. Хоолоо идээд байж байтал М бид хоёр дээр ирээд “машинаасаа буугаад ирээч, ярилцаж хамт сууя” гэхээр нь Залуухүү эгч бид хоёр хоолоо идэж дуусаад нөгөө хүмүүс рүү очсон чинь М, А, жолооч гурав нэг шил “Ерөөл” гэх 0.75 литрийн хэмжээтэй архи хуваагаад ууж байсан. ...Ард нь М, А бид 3 архи тойруулж, хувааж уугаад хоорондоо ярилцаад байж байтал А надад хандаж “хавар чи их том том яриад талбай дээр яваад байсан биздээ, шүдээ зууж бай чамайг нэг цохино” гэсэн зүйл хэлээд газраас өндийгээд надруу босох гэтэл хажуунаас М А-д хандаж “больтон О таны гарын бааг даахгүй” гээд буцаагаад суулгасан. Тэгтэл А дахин над руу өндийгээд намайг цохих гээд гараа атгатал хажуугаас нь М дахиад А-д хандаж “О таны гарын бааг даахгүй гэж хэлж байснаа гэнэт гараа савж миний нүүрний хэсэг рүү 1 удаа цохиход би унаад буцаж босож суугаад М-гээс “чи яаж байгаа юм бэ” гэж асуусан чинь “таныг хамгаалж байна” гэж хэлсэн. Хажуунаас А дахин надад “шүдээ зуу, чамайг цохино” гэхээр нь би юу ч хэлэхгүй чимээгүй суугаад байсан. Тэгтэл А гараараа миний нүүр хэсэг рүү маш хүчтэй 1 удаа цохисон чинь миний нүднээс гал гарах шиг болж би гэдрэг унаж хэсэг хугацаанд манарсан. Тэгээд би босоод шууд урд байсан ургаа овьёос /тариа/-руу зугтааж, хурдан алхаад явсан. Би уг овьёос /тариа/-руу орж байтал миний араас Мягмарсүрэн ирж надад “та зугтаа, А-ы гарын бааг та даахгүй” гэсэн зүйл хэлж байтал бид 2-ын араас А ирсэн энэ үед М намайг хавирч газарт унагасан. Тэгээд М миний хувцасны энгэр хэсгээс татаж босгож газарт суулгасан. Тэр үед хажуунаас А дахин “чи ямар овоо зугтдаг пизда вэ, шүдээ зуу” гэж хэлээд гараараа миний толгой руу маш хүчтэй 1 удаа цохитол миний нүднээс гал гарах шиг болж манарч газарт унасан. Тэр үед хэсэг хугацаанд ухаан балартсан юм шиг байна. Нэг мэдэхэд ургаа овьёос /тариа/-ны талбайн захад гүйгээд гарч ирж байсан. ...Овьёос /тариа/-ны талбайн захад гарч ирээд цааш зугтаах гэж байтал миний араас М ирж надад “та холхон зугтаагаад яв” гэж хэлэхээр нь би шууд гүйгээд ах Бийн гэрт очсон...” /хх-ийн 24-29 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

2. Гэрч Н.Б-ийн “Тухайн шөнө гэртээ ганцаараа унтаж байтал миний дүү О манайд ирсэн. Тухайн үед надад хэлэхдээ хүнээр зодууллаа толгой өвдөөд болохгүй байна гэсэн зүйл хэлж байсан. Юу болсон талаар асуусан чинь “А, У гэх хоёр залуу зодлоо” гэснээс өөр зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 дүгээр хуудас/,

3. Гэрч Ш.Н-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө 02 цаг 30 минутад Н.О-аас “Хар толгойн хадлангийн талбайд хүнээр зодууллаа, бие муу байна” гэсэн дуудлага өгсний дагуу уг хүний байгаа газарт очиж үзэхэд Н.О-ын биеийн байдал дунд зэрэг, асуусан асуултад хариулна, арьс салст цэвэр чийглэг, зүрхний авиа тод жигд, артерийн даралт баруун талдаа 140/100, зүүн талдаа 130/90, амьсгал 1 минутад 18, пүльс 85, толгой хэсэгт ил харагдах шарх, сорвигүй, духны хэсэгт хавдартай, толгой маш их өвдөж байна гэж зовуурилсан, хамраас маш их цус гарсныг тогтоож цэвэрлэлээ гэсэн зүйл хэлж байсан. Уг хүний биеийн байдлыг үзэж дуусаад өвдөлт намдаах болон даралт бууруулах, тайвшруулах эмчилгээнүүдийг хийсэн. ...Бийн гэрийн гэрэл нь хэтэрхий бүүдгэр, муу тусгалтай байсан тул Н.О-ын биеийн аль хэсэгт цус байгаа эсэх нь сайн ялгарч харагдахгүй байсан...” /хх-ийн 32 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

4. Гэрч Б.О-ын “...2019 оны 9 дүгээр сарын 25-ны шөнө миний нөхөр Н.О хүнээр зодууллаа гэх дуудлага ирсэн байхаар нь би сумын дуудлагын эмч Н-тай хамт явсан. ...Хадам ах Б-ийн гэрт очиход нөхөр маань толгой өвдөж байна, хамраас цус гарсныг нь цэвэрлэж угаагаад байж байна гээд сууж байсан. Тэхээр нь би нөхрөөсөө юу болсныг асуусан чинь “Хар толгойн 2 залуугаар зодууллаа” гэснээс өөр зүйл хэлэхгүй байсан...” /хх-ийн 33 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

5. Шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “....Үзүүлэгч Н.О-н биед гэмтэл учирсан байна. Тархины доргилт, хамар ясны хугарал, баруун шилбэний хэсэгт өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь гаднын мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх тогтоолд дурдагдсан хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” /хх-ийн 13 дугаар хуудас/ гэх 666 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн эмчийн дүгнэлт 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 666 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Э.А, Г.М нар нь бүлэглэж, согтуугаар Увс аймгийн Тариалан сумын 6 дугаар багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө хохирогч Н.О-ыг урьдын таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хохирогч Н.О, гэрч Н.Б, гэрч Ш.Н, гэрч Б.О нарын мэдүүлгээр болон Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 666 дугаартай дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээр  санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Э.А нар нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгч Г.М, Э.А нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.А, Г.М нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, мөн шүүгдэгч нарын бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Г.М, Э.А нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн болох нь хохирогч Н.Оын “...Надад учруулсан хохирлыг Г.М, Э.А хоёр бэлэн мөнгөөр төлж барагдуулсан. ...Г.М, Э.А нараас одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тул Г.М, Э.А нартай эвлэрсэн...” гэх мэдүүлгээр /хх-ийн 29 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:  Шүүгдэгч Г.М, Э.А нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Э.А нарт тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэргийг бүлэглэн үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ төгрөгөөр, шүүгдэгч Г.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.М, Э.А нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч М овогт Г.М, Ц овогт Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Э.А-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         4. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХЗАЯА