Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01146

 

 

 

 

 

     2026          05             20                                      210/МА2026/01146    

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08760 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******холбогдох,

 

14,200,000 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан 14,200,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...Миний бие 2021 онд ОХУ-аас овьёос оруулж ирээд төмөр замын ойролцоо зарахад хариуцагч тэнд малын тэжээл зардаг байсан. Тухайн үед бид нар танилцаад адилхан бизнес хийж байгаа юм байна хамтраад миний барааг зарахад хариуцагч тусалж ашгаа 50:50 хувиар хуваахаар тохиролцсон. Бараа зарагдаж дуусаад хариуцагчтай тооцоо нийлэхэд 18,000,000 төгрөгийг төлөхөөр үлдсэн бөгөөд *******тооцооноос 3,800,000 төгрөг, үлдэгдэл 14,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

Хариуцагч *******нь “... ******* болон түүний *******-тай овьёос зарахаар хамтран ажиллахаар болсон. 14,200,000 төгрөгийг төлөхийг шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 7,100,000 төгрөгийг төлж болно. Мөн миний төлсөн 2,500,000 төгрөгийг хасаагүй байсан гэж..” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан “...хоорондын тооцоог анхан шатны шүүхэд өгсөн тайлбар бүхий 7,100,000 төгрөгөөр төлнө” гэх агуулгатай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй боловч малын тэжээл зарж, ашгийг 50:50 хувиар тэнцүү хувааж авахаар тохирч, улмаар хамтын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, нэхэмжлэгч **************-ийн нэр дээр ОХУ-ын Иланк өртөөгөөр Монгол улсад 2021 оны 06 дугаар сарын 15, 24-ний өдрүүдэд 2 вагон тэжээл оруулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-45/

Хамтран ажиллах гэрээний дагуу хилээр оруулж ирсэн 2 вагон малын тэжээлийг хариуцагч *******нь сайт, группээр дамжуулан зар сурталчилгаа явуулж худалдан борлуулж, үлдэгдэл тооцоо 14,200,000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 20-ноос 06сарын 01-ний дотор хувааж төлөх талаар  2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч *******бичгээр илэрхийлсэн. /хх-5/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, харин хамтран ажилласнаас үүссэн хоорондын тооцоонд маргаантай байна.

 

6.1. Шүүх талуудын хоорондын тооцоог 14,200,000 төгрөгөөс тооцож, дансны хуулгыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн төлсөн 1,000,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөгийг хасч 11,700,000 төгрөгийг хариуцагч *******гаргуулж нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т нийцнэ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй  Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсэгт заасан тооцоо нийлэх гэрээний заалтыг баримталсан нь техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шийдэлд нөлөөлөхгүй байх тул  шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.  

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШШ2026/08760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                             

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ