Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

 

С.Батбаяр, Б.Оюунбат нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Гансүх, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Мөнхцэцэг,

ялтан С.Батбаяр, Б.Оюунбат, тэдний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжавын даргалж хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Оюунбатын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Батбаяр, Б.Оюунбат нарт холбогдох 201626023059 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Адуучин овгийн Санжмятавын Батбаяр, 1977 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, караоке түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49а байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХЕ77081010/,

2. Бэрсүүд овгийн Батсүхийн Оюунбат, 1984 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хэл судлаач мэргэжилтэй, караоке түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 49а байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХД84042301/,

С.Батбаяр, Б.Оюунбат нар нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” караокед үйлчлүүлж байсан Б.Пүрэвзулыг хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Батбаяр, Б.Оюунбат нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Адуучин овогт Санжмятавын Батбаяр, Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярт 260 цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Оюунбатад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

С.Батбаяр албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар баривчлах ялаар сольж болох, Б.Оюунбат торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар сольж болох учрыг тус тус мэдэгдэж,

С.Батбаяр, Б.Оюунбат нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус мэдэгдэж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Оюунбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулсан ял, шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Ялтан С.Батбаяр, Б.Оюунбат нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Батбаяр, Б.Оюунбат нарын өмгөөлөгчөөр анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Б.Оюунбат “Тухайн үед Пүрэвзулын буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан учир түүнд гэмтэл учруулсан эсэхээ мэдэхгүй байсан” гэж байна. Анхан шатны шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутай гэж үзэж, бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон. Ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлж хохирогчийн зүй бус ажиллагааг харгалзан үзэж шинэ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан торгуулийн доод хэмжээ буюу 450 нэгжээр торгохоор тогтоож өгнө үү. С.Батбаяр анхнаасаа хийсэн хэргээ хүлээж, гэмшсэн. С.Батбаярын хувьд ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ авч явдаг. Түүнд 260 цаг албадан ажил хийх ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

Ялтан С.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй.” гэв.

Прокурор М.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “С.Батбаяр, Б.Оюунбат нарын хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтогдсон гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Ялтнуудын хувьд хийсэн хэрэг нотлогдсон. Шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтнуудын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн ял, шийтгэл оногдуулах үндэслэлтэй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.Батбаяр, Б.Оюунбат нар нь нөхөр, эхнэр бөгөөд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” караокег ажиллуулж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчим уг карокед үйлчлүүлсэн хохирогч Б.Пүрэвзулыг “уусан шар айрагны мөнгийг дутуу төлөх гэлээ, жирэмсэн эгчийг маань цохилоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас бүлэглэн зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

ялтан Б.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батгэрэл эгчийг тэр эмэгтэй алагдаад авсан ба Батбаяр тэр эмэгтэйтэй ойрхон зогсож байсан болохоор тэр эмэгтэйг гарынхаа ар хэсгээр нүүр рүү нь цохичихсон. Гэтэл нөгөө эмэгтэй урдаа зогсож байсан 7 сартай жирэмсэн Батгэрэл эгчийн гэдэс рүү нь гуталтай хөлөөрөө тийрчихсэн. Тэгэхээр нь би уур хүрээд “чи жирэмсэн эмэгтэйг өшиглөөд байхдаа яадаг юм бэ” гээд тэр эмэгтэйг зөрүүлээд нүүр рүү нь гараараа цохиод, хөл рүү нь өшиглөөд үсдэж дараад сандал дээр сууж байсан эмэгтэйг татаад босгоод ирсэн.” гэх мэдүүлэг /х71-71/,

ялтан С.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр эмэгтэй Батгэрэл эгчийг алгадсан ба Батгэрэл эгч тэр эмэгтэй рүү дөхөөд очиход гэдэс рүү 2 удаа өшиглөсөн тул би уурлаад тэр эмэгтэйг буйдан руу түлхэж суулгахад найз залуу нь намайг бариад авахаар нь би гараа татаж авах гээд угзрахад тэр эмэгтэйн хацар руу гараараа цохих шиг болсон. Энэ маргаан дууссаны дараа тэр эмэгтэйг харахад зүүн талын нүдний доод шанааны товгор ясны дэргэд хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг /х76/,

хохирогч Б.Пүрэвзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгэхэд жирэмсэн эмэгтэй нь “чи угаасаа л заваан байна шүү дээ, яран нүүрэлсэн сэжгийн юм байна шүү дээ” гээд дайрсан. Би жирэмсэн эмэгтэйг “намайг хүүхэн гэж байгаа бол өөрөө эмээ байна” гэж хэлсэн. Тэгээд над руу дайрч ирээд түлхсэн. Нүүр ам руу хуруу, гараа чичээд байхаар нь намайг зодох гэж байна гэж бодсон. Би гарыг нь түлхэж холдуулахад өндөр залуу нь миний нүүр рүү гараа зангидаад хажуунаас цохисон. Би буйдан руу унасан. Тэгээд ухаан балартсан байсан. Жирэмсэн эмэгтэй үсдээд нөгөө залуу нь толгой руу 2 удаа цохиод үснээс дараад буйдангаас чирч намайг босгосон. Тэгэхэд халимаг үстэй эмэгтэй ирж үсдээд өшиглөсөн. Би газар унахад хэн нь мэдэхгүй намайг өшиглөөд цохиод байсан. Билэгт намайг босгосон, миний хамарнаас цус гарч байсан. Тэгэхэд улаам цамцтай зөөгч нэг залуугийн хамт хаалгаар түлхээд гаргасан. Би буцаж орж ирээд дахин цагдаа дуудсан. Тэгэхэд халимаг үстэй зохион байгуулагч гээд байгаа хүүхэн “чамд үйлчилдэг цагдаа гэж юу байхав, жирэмсэн хүүхэн зодсон гэж чамайг бариулаад явуулна, явахгүй гэвэл наанаа сууж бай” гэсэн.” гэх мэдүүлэг /х57-60/,

гэрч Ө.Маралмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батгэрэл эгчийн нүүр рүү алгадахад Батбаяр ах дэргэд нь зогсож байгаад тэр эмэгтэйг барьж авах шиг болсон. Тэгээд бөөн бужигнаан болоод хэн яаж байгаа нь мэдэгдэхгүй болсон. Энэ үед би текний ар компьютерийн дэлгэцийн ард байсан болохоор хэн яаж байгааг хараагүй ба харин дараа нь бичлэгийг харж байхад Оюунбат эгч тэр эмэгтэйг лав үсдээд татаж байсан. Зодооны дараа тэр эмэгтэйн нүд хавдсан байсан.” гэх мэдүүлэг /х61-62/,

гэрч Б.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батгэрэл эгч тэр эмэгтэй дээр очин “миний дүү чи энд битгий хэрүүл хийгээд зогсоод бай, яв” гэж хэлтэл Батгэрэл эгчийг алгадсан. Гэтэл Батбаяр дэргэд нь зогсож байгаад тэр эмэгтэйг хойш нь татаад буйдан дээр суулгахад тэр эмэгтэй хөлөө савчаад байхаар нь Оюунбат гүйж ирэн тэр эмэгтэйг үснээс нь татахад нь тэр эмэгтэй өмнөөс нь цохиод Оюунбат бас зөрүүлэн цохиод эхлэхээр нь би дундуур нь ороод тэднийг салгасан ба тэр охинтой хамт явж байсан найз залуу нь бас салгасан.” гэх мэдүүлэг /х63-64/,

гэрч Б.Билэгтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай найз сандарсандаа гар руу нь түлхтэл сүүлд өрөөнөөс гарч ирдэг эгч буйдан руу түлхээд унагаасан. Текен дээр зогсож байсан өндөр ах Пүрэвзулын нүд рүү баруун гараа нэг удаа цохисоныг би болиулах гэтэл тэр өндөр ах намайг ойртуулаагүй. Зохион байгуулагч гэх эмэгтэй үсдээд дарсан байсан. Миний харсанаар зохион байгуулагч гэх эмэгтэй, мөн сүүлд гарч ирсэн эмэгтэй, өндөр залуу энэ гурав л миний харсанаар цохиж зодсон.” гэх мэдүүлэг /х66-67/,

гэрч С.Батгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг алгадаад авсан, тэгэхэд манай дүү Батбаяр тэр Пүрэвзулыг буйдан дээр дараад хойшоо салгасан. Тэгэхэд хөлөөрөө миний гэдэс рүү тийрсэн гээд Батбаяр жирэмсэн хүн гэдэс рүү тийрлээ гээд Пүрэвзулыг 1 удаа цохисон. Тэгээд тэрүүгээр бужигналдаад байсан.” гэх мэдүүлэг /х68-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Пүрэвзулын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, гуянд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. Дээрхи гэмтэл нь 2016 оны 11 дүгээр сарын 12-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх 15587 тоот шинжээчийн дүгнэлт /х21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Энэхүү гэмт хэрэг гарахад хохирогч Б.Пүрэвзулын зүй бус үйлдэл нөлөөлсөн байна. Тэрээр уг караокед үйлчлүүлж дуусаад төлбөрөө төлөхдөө “Аваагүй шар айрагны мөнгийг илүү төлүүлэх гэлээ” гэх асуудлаас болж маргаан үүсгэж, улмаар караокены зөөгч В.Алтангэрэлийг, мөн Б.Оюунбатын эгч С.Батгэрэл нарыг гараараа алгадаж, маргааныг эхлүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Ө.Маралмаагийн “манай зөөгч В.Алтангэрэл тэр эмэгтэйд “би сүүлийн пиво оруулж өгсөн, танай өрөөнд 8 пиво орсон” гэхэд тэр эмэгтэй “чи ер нь хэн юм, юугаа мэддэг юм” гээд уурлаж загнаж байгаад нүүр рүү нь гараараа цохисон. ..Б.Оюунбат эгч цаад өрөөнөөсөө гарч ирээд текний ард зогсож байхад В.Алтангэрэлийг алгадаад авсан. ...”мөнгө төлөх хэрэггүй” гэж хэлэхэд С.Батгэрэл эгчийн нүүр рүү алгадсан.” гэх мэдүүлэг /х61-62/, гэрч Б.Эрдэнэбилэгийн “...манай зөөгч В.Алтангэрэл би пиво оруулж өгсөн , 8 пиво авсан” гэтэл тэр эмэгтэй “чи дуугүй бай” гэж хэлээд түүний нүүр рүү алгадсан. ... С.Батгэрэл эгч тэр эмэгтэй дээр очин “миний дүү чи энд битгий хэрүүл хийгээд зогсоод бай яв” гэж хэлтэл С.Батгэрэл эгчийг алгадсан.” гэх мэдүүлэг /х63-64/, гэрч С.Батгэрэлийн “...намайг алгадаад авсан. ...хөлөөрөө миний гэдэс рүү тийрсэн” гэх мэдүүлэг /х68-69/, ялтан Б.Оюунбатын “...манай зөөгч В.Алтангэрэлийг алгадаад авахаар нь..., ...С.Батгэрэл эгчийг тэр эмэгтэй алгадаад авсан, С.Батгэрэл эгчийн эгчийн гэдэс рүү  гуталтай хөлөөрөө тийрчихсэн.” гэх мэдүүлэг /х71-72/, ялтан С.Батбаярын “...тэр эмэгтэй С.Батгэрэл эгчийг алгадсан, гэдэс рүү нь 2 удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /х76/ нотлох баримтууд, мөн хэрэгт хураагдсан бичлэгээр тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр С.Батбаяр, Б.Оюунбат нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Гэвч эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ... ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул уг хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэлээ.

Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан “...торгох ялыг хөнгөрүүлэх” тухай хүсэлт, прокурор М.Мөнхцэцэгийн “...торгох ялыг дүйцүүлж хасах” тухай тайлбар зэрэгт үндэслэн С.Батбаяр, Б.Оюунбат нарт Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Адуучин овогт Санжмятавын Батбаяр, Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Адуучин овогт Санжмятавын Батбаяр, Бэрсүүд овогт Батсүхийн Оюунбат нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батбаярт 260 цаг албадан ажил хийлгэх ял, шүүгдэгч Б.Оюунбатад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12.240.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Батсүхийн Оюунбатыг дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Санжмятавын Батбаярыг дөрвөн зуун жаран нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Оюунбат, С.Батбаяр нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй” гэснийг “Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн сиди бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ГАНСҮХ

                                                                                                Ц.ОЧ