Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ХШТ/25

 

                                                                      Б.Б, Д.Г нарт

                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн 2024/ШЦТ/1132 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/1361 дүгээр магадлалтай, Б.Б, Д.Г нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлоор 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.Г, 1998 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “****” ХХК-д хуулийн зөвлөх ажилтай, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД: ****,

Б.Б, 1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, эхнэр, 4 хүүхдийн хамт **** дүүргийн **** хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ****/,

Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт байрлах **** кино театрын баруун талын авто зогсоол дээр үл таних хүмүүстэй маргалдаж, улмаар уг зодооныг таслан зогсоох гэсэн Б.Б-ын нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, **** кино театрын үүдэнд хохирогч Г.Х-ын нүүр хэсэгт 1 удаа алгадаж, 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт байрлах **** кино театрын гадаа хохирогч Д.Г-тай маргалдан улмаар түүний нүүр хэсэгт мөргөж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын баривчлагдсан 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-аас 22,071,543 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, шүүгдэгч Б.Б-аас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд цагдан хоригдсон 55 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд сэргээн тогтоож чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг үнэн зөв бодитой тогтоогоогүй. Хэдийгээр гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анх хохирогч гэх Г.Х бүрдүүлж, эхлүүлсэн байх бөгөөд түүний хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг яг өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд тааруулж зүйлчлээгүй байна. Учир нь хохирогч гэх Г.Х нь Д.Г-ыг хамт олонтойгоо арга хэмжээнд оролцоод дараа нь нэгдсэн журмаар караокед үйлчлүүлэн гарч ирэн борооноос түр хоргодож үүдэнд юм яриад зогсож байхад ямар нэгэн шалтгаангүйгээр толгойн ар дагз хэсэг рүү хүчтэй алгадаж цохисны улмаас уг гэмт хэрэг гардаг бөгөөд уг үйлдлийн дараа мөн Г.Х-той хамт явж байсан этгээдүүд болох Б.Б нар нь хохирогч Д.Г-тай цуг байсан залуусыг хохирогч Д.Г-ын хамт бүгдийг нь цохиж, зодож байгаа нь бичлэгт үлдсэн. Энэхүү камерын бичлэгт Г.Х, Б.Б болон тэдэнтэй хамт байсан этгээдүүд нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргасан гэж үзэж байна. Гэтэл энэхүү гэмт үйлдлийг үйлдсэн Г.Х нь Эрүүгийн хууль байтугай Зөрчлийн тухай хуулиар ч хариуцлага тооцогдолгүй өнгөрсөн нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маш тодорхой болсон асуудал.

Мөн Б.Б нар нь камерын бичлэгт авагдсанаар бусдыг үл ялих зүйлээр шалтаглан хоморголон зодож, танхайрч байгаа үйлдэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хүний халдашгүй байх эрхийг хангах, эрүү, шүүлт хүнлэг бус харьцаанаас ангид байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмууд алдагдаж хэргийг үнэн зөв бодитой шийдвэрлэж чадаагүй. Нөгөөтээгүүр, шүүгдэгч, хохирогч Б.Б-д учирсан гэмтэл нь бодитой эсэхэд эргэлзээ төрж байх бөгөөд энэ талаар хууль зүйн үндэслэлтэй санал, хүсэлт, гомдол гаргаж дахин шинжээч томилуулах талаар удаа дараа шат шатны прокурорт хандаж байсан боловч огт хүлээж авалгүй шүүхийн шатанд ирсэн. Анх гэмтэл авснаас хойш Б.Б нь 2-3 хоногийн дараа ухаангүй байгаа, ухаан орохгүй байгаа гэсэн хүн нь видео дуудлага хийж хүнтэй утсаар дүрс дүрсээ хараад ярьж байхыг Д.Г өөрөө харсан байдаг. Чухам энэ үеэс л хохирогчийн биед учирсан гэмтэл нь чухам хэзээ үүссэн гэмтэл болох, мөн хохирогч урьд өмнө нь энэ гэмтлийг авсан эсэх, мөн толгойд учирсан гэмтлийн талаарх дүгнэлт, компьютер томографын онош зэрэг нь туйлын эргэлзээтэй байдлаар дүгнэгдсэн байна. Мөн эмнэлэгт хэвтэж байх үед нь Д.Г болон түүний ээж нь удаа дараа очиж биеийн байдлыг нь мэдэх гэж эргэж тойрч очсон боловч ар гэр болон эмч нар нь огт уулзуулаагүй байдаг. Тэр ч бүү хэл Б.Б-ыг ганцааранг нь цоожтой өрөөнд байлгаж, зөвхөн эмчлэгч эмч гэх нэг хүн л хаалгаар түлхүүрдэж орж гардаг байсан талаар хэлдэг. Энэ талаар холбогдох хөндлөнгийн гэрчүүдээс мэдүүлэг авхуулахыг хүссэн боловч мөн л  хүлээж аваагүй. Хохирогчийн тархинд учирсан гэх гэмтэл нь хуучин байсан эсхүл төрөлхийн гэмтэл байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь энэ талаар гэмтлийн эмнэлэгт тухайн үед хүлээн авсан эмч нар зайлшгүй хагалгаанд оруулах шаардлагагүй гэсээр байхад хагалгаанд оруулсан байна гэх асуудал хүртэл яригдсан байдаг тул энэ асуудлыг шалгуулъя гэж прокурорт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар удаа дараа хүсэлтэд дурдсан хэдий ч шалгахаас татгалзсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Тухайлбал, миний хувьд өөрийн биеэр анхан шатны шүүх хуралдаанд Д.Г-ын хамт оролцохдоо эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан ялын шүүмжтэй зарчмын хувьд байр суурь өөр байсан бөгөөд шүүх хуралдааны явцад би “улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэж огт хэлж яриагүй зүйлийг хэлсэн, хүлээн зөвшөөрсөн болгож шийтгэх тогтоолд дурдсаныг эс зөвшөөрч маргасан бөгөөд энэ талаарх шүүх хуралдааны тэмдэглэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасан ноцтой зөрчил гэж үзэж болохоор байна. Энэхүү дүгнэлтээр шүүх шүүгдэгч Д.Г-ын өөрийнх нь өмгөөлөгч улсын яллагчтай эрүүгийн хариуцлагын талаар ижил байр суурьтай, санал нэг байсан мэтээр дүгнэсэн нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг сонгон хэрэглэх талаар зарчмын зөрүүтэй санал гаргасан оролцогч нарын эрхийг хязгаарласан мэт, энэ талаар огт шүүх хуралдааны явцад яригдаагүй мэт болгосон байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт энэхүү алдаа нь нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэхээр байна. Үүнийг илтэд техникийн шинжтэй алдаа гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар давж заалдах гомдолдоо тодорхой дурдсаар байтал давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч миний дээрх гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ асуудлыг хуульд нийцсэн гэж үзэж байгаа бол чухам яг ямар үндэслэлээр хэрхэн яаж хуульд нийцэж байгаа талаар ч тэмдэглэл, магадлалд дурдаагүй байна.

Тиймээс шүүх хуралдааны тэмдэглэлийг дуу-дүрсний бичлэгтэй нь тулгаж үзэх боломжоор шүүх бүрэлдэхүүнийг хангаж өгөхийг хүсье. Харин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлээд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүртэл Д.Г нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр огтоос маргалдаагүй бөгөөд хамгийн анх хохирогч нарын гаргасан зүй бус, хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр энэхүү гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл мөн байсан гэдгийг шүүх хуралдааны явцад хангалттай тогтоосон байдаг. Түүнчлэн Д.Г өөрөө болон түүний ар гэрийн зүгээс шүүгдэгч, хохирогч Б.Б-д учруулсан гэм хорыг арилгуулахаар өөрийн санал, санаачилгаар хохирогч талтай удаа дараа уулзаж нийт шүүхээс тогтоосон хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө өгсөн байдаг. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул мөн түүний гэм буруугаа чин санаанаасаа ухаарч гэмшиж, гэм буруугаа ойлгож уучлалт гуйж байгаа байдал, мөн түүний ар гэрийн хувьд хагас өнчин, дүү нараа тэжээн тэтгэж ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээж дүү нараа харж хандаж явдаг байдал, ээж нь өвчин хууч зовлонтой байдлаас шалтгаалж ажил хийж чаддаггүй зэрэг байдлуудаас гадна хохирогчийн талд давж шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн, мөн цаашид хохирогч Б.Б-д учирсан гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж, үнэн зөвөөр илэрхийлж шүүхээс тогтоогдсон 22,071,543 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар өөрчилж Монгол Улсын ялын бодлогыг эргэн нэг харж үзнэ үү, нэгэн залуу хунд зөвхөн энэ удаад Төрийн хайр энэрэл байдгийг харуулж энэрэнгүй ёсны үүднээс хандаж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр Д.Г-ын дагз хэсэгт хүчтэй алгадаж цохисон. Улмаар миний үйлчлүүлэгч хохирогчийг 2 удаа цохисон. Үүний дараа Б.Б болон түүнтэй хамт байсан хэсэг нөхөд Д.Г-тай хамт явсан хүмүүсийг зодсон. Уг нөхцөл байдал бичлэгт тодорхой тусгагдсан. Сүүлд нь хоёр залуу Д.Г-ыг чирээд харанхуй булан руу оруулж байгаад элбэж зодсон. Тэдгээр нь Д.Г-ын хамрыг мөргөж, нүүр рүү нь өшиглөж, чихнээс нь цус гартал зодсон. Гэтэл энэ асуудлыг бүрэн гүйцэт шалгаагүй. Миний үйлчлүүлэгч энэ асуудалд маш их гомдолтой байдаг. Үүнээс болж түүний биеийн эрүүл мэндийн байдал дордсон бөгөөд чих нь шуугьж, толгой нь өвдөж, хамар нь байнгын битүү байх болсон. Өөрөөр хэлбэл, түүний биеийн эрүүл мэндэд учирсан хор уршиг арилаагүй. Түүнчлэн уг гэмт үйлдлийг хийсэн Б.Б нь түүний үйлдэл камерын бичлэгт тод дүрслэгдсэн атал өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн анхан шатны шүүх түүнийг гэм буруутай болохыг тогтоож, Д.Г-ын сэтгэцэд учирсан хор уршигт 4,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн атал тэрээр уг асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд “би нэг ч төгрөг төлөхгүй” гэдэг. Бидний зүгээс гэм хорыг арилгах асуудлын хүрээнд анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн гэрийнхэнд 7,000,000 төгрөг өгч, анхан шатны шүүх хуралдааны явцад үлдсэн хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Улмаар давж заалдах шүүх хуралдааны өмнө анхан шатны шүүхээс тогтоосон Б.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг баримтаар гаргасан хохирол, төлбөртэй хамтатган 22,000,000 гаруй төгрөг төлж барагдуулсан. Миний бие хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас миний үйлчлүүлэгчид торгох ял оногдуулах ёстой гэсэн зүйл яриагүй. Харамсалтай нь, давж заалдах шатны шүүх хуралдаанд надтай цуг өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн 2 өмгөөлөгч зөрүү, буруу ойлголттой шүүх хуралдаанд оролцсон. Өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс нэг ч гэсэн залуу хүнийг нийгэмшүүлэх боломжоор хангаж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх байдаг. Мэдээж гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирол, төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын нэгдүгээр зорилго. Бидний зүгээс эрүүгийн хариуцлагын нэгдүгээр зорилгыг биелүүлсэн. Эрүүгийн хариуцлагын хоёрдугаар зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг нийгэмшүүлэх юм. Заавал нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулах нь миний үйлчлүүлэгчийг нийгэмшүүлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хорих ял эдэлсний дараа шүүгдэгчийн зан байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй.

Хоёрдугаарт, Д.Г-ын ар гэр, ахуй амьдрал, хувийн байдлыг сайтар тогтоох ёстой байсан. Гэтэл уг асуудлыг тогтоож чадаагүй. Иймээс миний бие нэгэнт шийдвэрлэгдээгүй асуудлыг ярихгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд тайлбарлая. Нэгдүгээрт, миний үйлчлүүлэгч настай эмээ, өвөө, 3 өнчин дүү нарын хамт амьдардаг. Тэрээр ганцаараа ажил, хөдөлмөр эрхэлж, дүү нараа тэжээдэг, ажлын нэр хүнд сайтай, хамт олондоо сайн нэр нөлөөтэй залуу хүн. Ажил, мэргэжлийн хувьд, Д.Г нь “****” ХХК-нд хуулийн зөвлөхөөр ажиллаж нэлээдгүй амжилт гаргасан. Хамгийн гол нь, түүний эх, эмэг эхийн биеийн эрүүл мэндийн байдал их муу байгаа. Миний бие өчигдөр тэдгээртэй холбогдоход эрүүл мэндийн байдал нь тааруу байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, торгох ялыг сонгож хэрэглэнэ үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Д.Г нь хувь хүнийхээ хувьд их сайн залуу. Түүнийг хэрэгт холбогдохоос өмнөх бүх байдлыг би сайн мэднэ. Тэрээр миний хуурай дүү бөгөөд надад хэрэгт холбогдон тухайгаа хэлэлгүйгээр өөр өмгөөлөгчөөс хуулийн зөвлөгөө авсан байсан. Гэтэл сүүлд өмгөөлөгч нарын ажлаа хийхгүй нөхцөл байдал өөрт нь мэдрэгдэж, улмаар надаас “ахаа би хэрэгт холбогдсон. Та намайг өмгөөлөөд өгөөч” гэж гуйсан. Тэгээд миний бие уг асуудалд анхаарал хандуулж, түүнтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан цагаасаа эхэлж “хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоо. Ямар учраас Д.Г-д учирсан гэм хорыг бодитой тогтоож чадахгүй байна вэ” гэх агуулгаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан.

Гэтэл Улсын ерөнхий прокурор миний гаргасан гомдлуудыг хүлээж аваагүй. Д.Г нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шат, прокурорын хяналтын шат, шүүхийн шатны аль алинд нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргийг үйл баримтыг шударгаар мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл маш тодорхой байсан. Энэ нь хэрэгт авагдсан камерын бичлэгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Д.Г хохирогч  довтолгоо хийж, өөрт нь гэмтэл учруулсныг тэвчиж чадалгүй болчимгүй үйлдэл гаргасан. Уг асуудлаас шалтгаалж харамсалтай хэрэг болсон. Д.Г-ын аав нь гэмт хэргийн улмаас амь насаа алдсан. Иймд Д.Г өөрийн үйлдэлд чин санаанаасаа гэмшиж, харамсаж байгаа. Тэрээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Нэгэнт Д.Г шүүх хуралдаанд оролцоогүй, тэрээр надаас “хэрэв намайг шүүх хуралдаанд оролцуулахгүй бол та миний хэлэх үгийг уламжилж өгнө үү” гэж хүссэн тул түүний гаргасан хүсэлтийг уншиж сонсгоё. Д.Г “хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэх үгийг надаар дамжуулж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Д.Г нь Б.Б-ын биед хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Х-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг, шүүгдэгч Б.Б нь Д.Г-ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн. Уг үйл баримт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б, Д.Г нарын гэм буруу, хувийн байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад заасан хорих болон торгох ялын хэмжээний дотор ял оногдуулж шийдвэрлэснийг шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдааны явцад хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр бичсэн” гэх агуулга бүхий гомдол гаргасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгтэй тулгаж үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгийн хооронд ямар нэгэн зөрүү гараагүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан нөхцөл байдал илрээгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул тус шийдвэрүүдийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г, Б.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны шөнө 03 цагийн орчим Б.Б-ын нүүр, толгой хэсэгт 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Г.Х-ын нүүр хэсэгт 1 удаа алгадан, 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б нь тухайн өдөр Д.Г-тай маргалдан, улмаар түүний нүүр хэсэгт мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Тэгшжаргал, Б.Нандин-Эрдэнэ, өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.

4.Энэ хэргийн шүүгдэгч Д.Г, Б.Б нарт холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5.Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан дүгнэж, хуулийг зөв хэрэглэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй, идэвхгүй зан үйлээр дамжин илэрдэг төдийгүй хор уршигт сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан буюу ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлон хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх зэргийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой болно.

6.Хэрэгт хохирогч, шүүгдэгч Б.Б, Д.Г, хохирогч Г.Х, гэрч Д.Э, А.Н, М.Г, Б.О, Б.Л, Ц.Б, Б.Г, Д.Т, О.З, шинжээч Г.Амартүвшин нарын мэдүүлгүүд, шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 11209, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11318, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11339 дугаартай дүгнэлтүүд болон бусад бичгийн баримт хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г, Б.Б нарын үйлдэл хэрхэн тогтоогдож буй талаар хоёр шатны шүүх тодорхой дүгнэж, тэдгээрийн харилцан хамаарал болон хангалттай, нотлохуйц байдлыг харьцуулах замаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн хуулийн заалттай нийцсэн байна.

7.Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзориг “...шүүх хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд сэргээн тогтоож чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хор, хохирлыг үнэн зөв бодитой тогтоогоогүй...” гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.

Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэхүйц буюу шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

Шүүгдэгч Д.Г нь Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Г.Х-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг хоёр шатны шүүхээс сэргээн тогтоохдоо шүүгдэгч, хохирогч  нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг, учирсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8.Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, дүрс бүхий камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл **** дүүргийн **** хорооны нутаг дэвсгэрт байрлах ****  кино театрын гадаа хохирогч Г.Х-ын зүй бус үйлдлийн улмаас маргаан болж, шүүгдэгч Б.Б Д.Г-ын нүүр хэсэгт мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг төгссөний дараа Д.Г нь тус кино театрын баруун талын авто зогсоолд явж байсан  Б.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бол мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгодоггүй.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг болон түүнд холбогдсон этгээдийн хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдох бөгөөд түүнд дурдаагүй үйл баримт, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй юм.

Тиймээс шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч С.Чинзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан “...гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг анх хохирогч Г.Х бүрдүүлж, эхлүүлсэн байх бөгөөд түүний хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг Эрүүгийн хуульд тааруулж зүйлчлээгүй, Зөрчлийн тухай хуулиар ч хариуцлага тооцогдолгүй өнгөрсөн...” гэх агуулгатай гомдол үндэслэлгүй.

10.Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Хоёр шатны шүүх шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд хуульд заасан төрөл, хэмжээнд ял оногдуулан нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов. 

11.Харин шүүгдэгч Д.Г анхан шатны шүүхийн тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдэгдэх үед өөрөө довтолгоонд өртөж гэмтэл авснаас гадна тухайн гэмт хэрэг гарахад хохирогч Г.Х-ын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг үндэслэн хоёр шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 2 /хоёр/ жил болгон хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны  өдрийн 2024/ШЦТ/1132 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “...хоёр жил есөн сарын хугацаагаар...” гэснийг “...2 /хоёр/ жилийн хугацаагаар...” гэж, 3 дахь заалтын “...2 жил 9 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хоёр жил есөн сар гуч хоногийн хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар...” гэж өөрчлөн шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                    

                ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

                  ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                 М.ПҮРЭВСҮРЭН   

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ