Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 602

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, “*******” ХХК-ийн Монгол банк, Монгол дахь ******* банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “******* ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол Улсын Төв банкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэхийг Монгол Банк дахь ******* банкны эрх хүлээн авагчид даалгах, Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас “*******” ХХК-ийг муу зээлдэгчийн ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Монгол банк дахь ******* банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн “*******” ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг зээлийн мэдээллийн санд бүртгэхийг Монгол банкинд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Манай компани 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монгол Банкны зээлийн мэдээллийн сан дахь “*******” ХХК-ийн тухай мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай агуулга бүхий нэхэмжлэл гаргасан. 

Энэхүү нэхэмжлэлийн дагуу хуралдах шүүх хурал сунжирч цаг хугацааны хувьд ямар ч үр дүнгүй боллоо. Учир нь дээрх зээлийн мэдээллийн сан дахь манай компанийн тухай мэдээлэл ирэх 9 дүгээр сард автоматаар хасагдах журмаар өөрчлөлт орох юм. Иймээс манай компани өөрийн гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал З.******* нь Монгол банк, Монгол дахь ******* банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол Улсын Төв банкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэхийг Монгол Банк дахь ******* банкны эрх хүлээн авагчид даалгах, Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас “*******” ХХК-ийг муу зээлдэгчийн ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Монгол банк дахь ******* банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн “*******” ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг зээлийн мэдээллийн санд бүртгэхийг Монгол банкинд даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсанаа бичгээр илэрхийлжээ. 

Нэхэмжлэлийг “*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох захирал З.******* гаргасан байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах бүрэн эрхтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу “*******” ХХК нь Монгол банк, Монгол дахь ******* банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Харин Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэхүү захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, мөн нэхэмжлэгч нь Монгол банк, Монгол дахь ******* банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд уг үр дагаврын талаар “*******” ХХК-ийн захирал З.*******д тайлбарлаж баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар  зүйлийн 66.1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Монгол банк, Монгол дахь ******* банкны эрх хүлээн авагчид холбогдох “...******* ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг Монгол Улсын Төв банкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэхийг Монгол Банк дахь ******* банкны эрх хүлээн авагчид даалгах, Монгол Банкны Зээлийн мэдээллийн сангаас “*******” ХХК-ийг муу зээлдэгчийн ангилалд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, Монгол банк дахь ******* банкны эрх хүлээн авагчаас ирүүлсэн “*******” ХХК-ийн зээлийн мэдээллийн өөрчлөлтийг зээлийн мэдээллийн санд бүртгэхийг Монгол банкинд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           Д.ОЮУМАА