Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1505

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00355 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Л.Ариунаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Дэлгэрмаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 12 610 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Боролдой,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Боролдой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Дэлгэрмаад 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, сарын 5 хувийн хүүтэй, 6 000 000 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлсэн боловч түүний хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээг 1 жилээр буюу 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгасан. Гэрээний хугацаа 2016 оны 4  дүгээр сарын 10-ны өдөр дууссан бөгөөд 18 сарын зээлийн хүү, үндсэн зээл 9 238 992 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний үүрэг 9 238 992 төгрөг, алданги 3 372 000 төгрөг нийт 12 610 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Л.Ариунаагаас 6 000 000 төгрөг зээлсэн. Нэхэмжилж байгаа 12 610 000 төгрөгийн үндсэн 6 000 000 төгрөгийг өөрийн боломжоор төлж барагдуулна. Шууд бэлэн гаргаж өгөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч О.Дэлгэрмаагаас 12 610 000 /арван хоёр сая зургаан зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ариунаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Дэлгэрмаагаас 217 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ариунаад олгуулахаар шийдвэрлэжээ.         

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчиж байна. Миний бие иргэн Л.Ариунаагаас 2014 оны 10 сарын 10-ны өдөр 6 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээлж авсан боловч эдийн засгийн хүндрэлээс болж зээлээ хугацаандаа төлж чадаагүй. Зээлдэгч энэхүү зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан үндсэн зээл 6 000 000 төгрөг, хүүгийн төлбөрт 3 238 992 төгрөг, алданги 3 372 000 төгрөг нийт 12 610 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай зөрчилдөж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгээс 9 000 000 төгрөгөөс дээш хэмжээгээр төлбөр төлүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Л.Ариунаа нь хариуцагч О.Дэлгэрмаад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 12 610 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр  зээлдүүлэгч Л.Ариунаа нь 6 000 000 төгрөгийг зээлдүүлэх, зээлдэгч О.Дэлгэрмаа нь  1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна. Талууд  2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгажээ.  /хх-ийн 4-5 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний, 282 дугаар дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан хүү төлөх тухай, 232 дугаар зүйлийн 232.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анз төлөх талаар тохиролцоо хийгдсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба 6 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар хариуцагч тайлбарласан ба энэ талаархи баримт хэрэгт авагджээ. /хх-ийн дүгээр тал/

 

            Хариуцагч О.Дэлгэрмаа нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлд хамаарах үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул шүүх зээлийн үндсэн төлбөр 6 000 000 төгрөг, хүү 3 238 992 төгрөг, алданги 3 372 000 төгрөг нийт 12 610 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Нөгөө талаар зээлдэгч О.Дэлгэрмаа нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, зээлийн хүү 3 238 992 төгрөг нийт 9 238 992 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэхүү үнийн дүнг гүйцэтгээгүй үүрэг гэж үзэх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын хэмжээг хэтрүүлсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно. 

 

            Харин нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжлээгүй, түүнээс бага хэмжээгээр нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх алданги гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байх боловч энэ нь шийдэлд нөлөөлөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2016/00355 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                            

                                          ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА   

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ