Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 163

 

 

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Т.Б-т холбогдох 1935003580182 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, Н овогт Т.Б, регистрийн дугаар: .......

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь согтуугаар Увс аймгийн Малчин сумын 4 дүгээр багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хохирогч П.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хохирогч П.А-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ...Давааны хөтөл гэх нэртэй газар явж байтал урд талд жижиг цагаан суудлын тэрэгтэй /машины загварыг мэдэхгүй байна/ 10 орчим залуучууд байсан. Тэгээд би тэд нарын хажуугаар өөрийн мотоциклтой зөрж явтал тэдгээр залуучуудын хэн нэг нь намайг дуудаад зогсоосон. Тухайн үед миний таних З, З, Ооо, Г, Д гэсэн залуучууд байсан. ...ууж байсан архинаасаа надад хийж өгсөн би архинаас нь амсчхаад явах гэтэл тэр залуучууд надаар архи авхуулан гээд байх шиг байсан тэгээд би явлаа гэхэд З гэх залуу наад чинь явдаг хэн болоо гээд над руу томроод намайг зогсож байтал миний нүүр болон цээж рүү гараараа 3-4 удаа цохисон. З намайг зодоход миний хамраас цус гарч хамар гэмтсэн мөн нүд хавдаж хөхөрсөн, хамар, магнай шалбарсан. Намайг З зодож байхад Г гэх залуу салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 дүгээр хуудас/,

2. Гэрч Н.О-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө манай бэргэн эгч миний гар утас руу залгаад А өчигдөр орой хүнд зодуулсан байна, чи сумын төв орж ир гэж хэлсэн. ...манай нөхөр А нь Оюунаа эгчийнд нүүр хэсэг нь хавдаад хөх алаг болчихсон байсан. Тэгээд би нөхөр А-гээс юу болсон талаар асуухад манай сумын Т.З гэх залуу намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

3. Гэрч Б.Б-ын “...Тэгээд З, А хоёр хэрэлдээд эхэлсэн хажуугаас нь бид нар та хоёр боль гэж хэлсэн. Тэгээд байж байтал З босоод А-гийн цээж хавьд өшиглөсөн тэгтэл А машины урд гүпэр мөргөөд унасан. Дахиад З очоод гараараа А-гийн нүүр хэсэгт цохисон. тэгээд бид нар болохгүй гэж хэлээд салгасан. Тэгэхэд Агийн хамраас цус гарч байсан. Тэгээд би машинд байсан ус авч ирээд Агийн цус угааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,

4. Гэрч Б.О-ийн “...манай сумын А гэх залуу мотоциклтой согтуу ирсэн. Тэгээд бид нартай хамт байсан З гэх залуутай маргалдаад байсан. Тэгэхээр нь би машин дотор орж суугаад харж байсан. Тэгээд нэг их удалгүй З босоод Агийн хавирга хэсэг рүү өшиглөсөн тэгэхэд А машины урд гүпэр мөргөөд унасан. Тэгээд З дахиад Агийн нүүр хэсэг газарт гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

5. Гэрч С.О-ын “...З, А хоёр хэрэлдээд байж байтал З босоод А-г өшиглөөд нүүр лүү нь гараараа цохисон. Тэгээд А-гийн хамраас цус гарсан бөгөөд Ганаа гэх залуу тэр хоёрыг салгасан. Тэгээд А Г-д сумын төвөөс пиво аваад ир гээд мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

6. Гэрч Д.О-ы “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө ...06 цагийн орчим манай хадам дүү А мотоциклтой ирсэн. А манайд орж ирэхэд нүүр хэсэг нь хавдаж хөхөрсөн, цус болсон орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад ямар нэг зүйл хэлэхгүй хэвтсэн. Би их удалгүй ажилдаа явсан. Би А-гийн эхнэр утсаар хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

7. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн “...Үзүүлэгч П.А-гийн биед гэмтэл учирсан байна. Хамар ясны хугарал, хамрын мурийлт, 2 нүдний эргэн тойронд, цээжинд цус хуралт, хамрын нуруу, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх шинжээчийн 629 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 629 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Б нь архидан согтуурсны улмаас хохирогч П.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Т.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч П.А-гийн бичсэн “...Надад учирсан хохирол болох эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардлыг бэлэн мөнгөөр Т.Б бүрэн барагдуулж надаас уучлалт гуйсан...” гэх эвлэрсэн тухай гэрээгээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын санал гаргасан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Н овогт Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

        3. Шүүгдэгч Т.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

       4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА