Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01147

 

 

 

 

 

 

 

 

    2026           05            20                                        210/МА2026/01147   

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/09697 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулах гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “... түүний ээжийн тэтгэврийн итгэлцүүр, Баянгол дүүргийн тэтгэвэр буруу тогтоосон асуудлаар өмгөөлөл үзүүлэхээр 1,000,000 төгрөг авсан...шүүхэд хэргийн материал танилцъя гэж хойшлуулаад анхан шатны шүүхэд оролгүй зөвхөн давахад оролцож, гүйцэд оролцоогүй тул өмгөөлөгчид өгсөн 1,000,000 төгрөгийн зардлыг гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...Өмгөөллийн "Онч нүүдэл" ХХН-ээс *******2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр "Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээний нэг тал нь иргэн биш...гэрээнд *******нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох нэхэмжлэлд өмгөөлөгчөөр, *******нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор тохиролцсон...гэрээний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хойшлуулах хэд хэдэн ажиллагаанд оролцож 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдаанаар *******нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг утсаар хэлэхэд үед үйлчлүүлэгч нь "чи нөгөө талдаа ажилласан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Наад асуудлыг чи дуусга тэгэхгүй бол чамтай ялагдсаны хариуцлагыг ярина" хэмээн хуулийн этгээдийн болон өмгөөлөгчийг гүтгэж ажил хэргийн нэр хүндэд халдсан. Гэрээний 5.2-т зааснаар миний бие гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээг үзүүлж, мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргаагүй болохыг Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороо тогтоосон тул хөлсийг буцаан төлөх үндэслэлгүй.

Мөн "*******" гэрээнээс 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 34/25 тоот албан бичгээр гэрээнээс татгалзсан үндэслэл нь *******өөрийн ёс зүйгүй үйлдлээс шалтгаалсан тул урьдчилгаанд авсан 1.000.000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй. Өмгөөллийн тухай хуулийн "15.1.2. өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх.."ийг хориглоно гэж зааснаар шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгч урьдчилсан амлалт өгөх боломжгүй” гэж үгүйсгэн маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд;

4.1. Нэхэмжлэгч *******, “*******” ХХН-ийг төлөөлж *******нарын хооронд 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр *******нэхэмжлэлтэй, Монгол Улсын засгийн газар, *******нэхэмжлэлтэй Нийгмийн даатгалын газарт холбогдох захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, ажлын хөлсийг 3,000,000 төгрөг байхаар урьдчилгаа 1,500,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-нд, үлдэгдэл 1,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-нд төлөхөөр, төлбөрийг ************** тоот дансаар хүлээн авахаар тус тус тохиролцсон байна. /хх8-11/

4.2. Монголын өмгөөлөгчдийн холбоо, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХБ/2025/60 дугаартай захирамжаар, нэхэмжлэгч *******гаргасан гомдлыг шалгаад өмгөөлөгч *******нь өмгөөллийн гэрээнд заасны дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөл эрх зүйн үйлчилгээг үзүүлсэн гэж дүгнэж өмгөөлөгч *******холбогдуулан үүсгэсэн маргааныг хэрэгсэхгүй болгосныг Мэргэжлийн хариуцлагын хорооны 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн МТ2026/08 тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /36-42/

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.

5.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг хэргийн материал танилцана гэж шүүх хурлыг хойшлуулаад анхан шатны хуралдаанд оролгүй, зөвхөн давахад оролцсон, гүйцэд оролцоогүй гэсэн агуулгаар гэрээнээс татгалзаж, ажлын хөлс буцаан шаардсан хэдий ч хөлсөөр ажиллах гэрээний онцлог нь гүйцэтгэгч тодорхой ажил, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд ажлын эцсийн үр дүнг заавал бий болгох, эсхүл захиалагчийн хүссэн үр дүнд хүрэхийг баталгаажуулдаггүйд оршино.

Өмгөөлөгчийн үзүүлэх хууль зүйн туслалцаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаагаар илэрхийлэгдэх бөгөөд шүүхийн шийдвэрийн агуулга, үр дүнгээс шууд хамааран дүгнэгдэхгүй юм.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу *******нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлж, хэргийн материалтай танилцаж, шүүхэд гомдол гаргах, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл хууль зүйн туслалцаа үзүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өмгөөлөгчийн үзүүлэх хууль зүйн туслалцаа нь тодорхой үр дүнг бий болгох үүрэг бус, харин үйлчлүүлэгчид мэргэжлийн эрх зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэгт хамаардаг ба шүүхээс үйлчлүүлэгчийн хүссэн үр дүнгээр хэргийг шийдвэрлээгүй нь дангаараа өмгөөлөгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч нь гэрээнд заасан хууль зүйн туслалцааг үзүүлсэн болох нь тогтоогдсон тул ажлын хөлсийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ.

 

6. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч *******холбогдох гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэгч *******нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн “...шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, гэрээний үүргийн зөрчлийг болон  нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэх давж заалдах гомдол хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/09697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

 

                 ШҮҮГЧИД                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

                                                                                     Ц.ЦЭРЭНДУЛАМ