Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01225

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2026/03504 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 108,336,674.58 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, шимтгэлд суутгаж авсан 900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******нь “*******” ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Гэвч *******нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар банкнаас удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч гэрээний зөрчил арилаагүй. *******байгуулсан зээлийн гэрээний дагyy 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 103,429,085.79 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

1.2. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр 15-ны өдрийн байдлаар  үндсэн зээл 76,991,822.58 төгрөг, зээлийн үндсэн хүү 29,669,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,675,029.32 төгрөг, нийт 108,336,674.58 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

1.3. Иймд хариуцагч *******байгуулсан Зээлийн гэрээний 5.2.3., Иргэний хуулийн 451.1., 452.1., 453.1.-д заасныг үндэслэн 108,336,674.58 төгрөг гаргуулж, Т*******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Нийслэлийн *******хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “...Шүүхэд анх гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлага болох 103,429,085.79 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 4,907,588.79 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан. Мэдэгдэлгүй шаардлагаа ихэсгэж байгаа нь үндэслэлгүй...” гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1. ...*******нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн “*******” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний ерөнхий нөхцөлд заасны дагуу зээл олгосны шимтгэл 900,000 төгрөгийг суутган авсан.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. “*******” ХХК нь зээлийн шимтгэл тооцон авсан үндэслэлээ “Монголбанк”-ны журмаар зохицуулсан гэдэг. Дээрх зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна гэж Банкны тухай хуульд заасаар байтал гэрээнд тусган шимтгэл авсан нь стандарт нөхцөл зөрчсөн гэрээ гэж үзэхээр байна.

3.2. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний заалтуудад саналаа тусгах, өөрчлөх боломж байдаггүй бөгөөд зээл авахын тулд банкны бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч гэсэн нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш хууль бус гэж үзэж байна.

3.3. Иймд Банкны тухай хуульд зээлийн шимтгэлийн хэмжээг зохицуулсан заалт байхгүй тул гэрээтэй холбоотойгоор нэг хувийн шимтгэлд суутгаж авсан 900,000 төгрөгийг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг баталсан бөгөөд уг журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл болон баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан гаргах, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт шалгалт, хугацаа сунгасны шимтгэл зэрэг нийт 8 төрлийн зардлыг шингээж тооцохоор заасан бөгөөд уг шимтгэл нь зээлийн дүнгийн 1.0 /нэг/ хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон.

4.2.Зээлийн шимтгэлийн харилцааг холбогдох журмаар зохицуулж, түүний дээд хязгаарыг тогтоосон. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.-д банк нь зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг харилцагчаас авах бөгөөд нэг төрлийн үйлчилгээнд шимтгэл давхардуулан авахыг хориглосон. Мөн зүйлийн 6.6.-д шимтгэлийн хувь хэмжээг үндэслэлтэй тогтоох, 6.7.-д хяналтын байгууллагаас шаардлагатай тохиолдолд бууруулах, хүчингүй болгох эрхийг тус тус хуульчилсан байна.

4.3.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5.-д зээлдэгч нь зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний үйлчилгээний шимтгэлийг банканд төлөхөөр, уг шимтгэл нь санхүүгийн үйлчилгээний зардлыг нөхөх төлбөр бөгөөд буцаан олгогдохгүй болохыг харилцан тохиролцсон байна. Түүнчлэн Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгч нь банкны үйл ажиллагаанд мөрдөх журам, зааврыг батлах бүрэн эрхтэй бөгөөд энэ хүрээнд батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамын дагуу банк нь зээлийн хүү, хугацаа, шимтгэлийн хувь хэмжээ, эргэн төлөлтийн нөхцөл зэрэг мэдээллийг зээлдэгчид урьдчилан бүрэн танилцуулсан. Зээлдэгч нь дээрх нөхцөлүүдтэй танилцаж, сайн дурын үндсэн дээр, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, зээлийн шимтгэл төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн шимтгэлийг хууль бус гэж үзэх, буцаан гаргуулах тухай шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч *******108,336,674.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан хариуцагч *******шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Нийслэлийн *******хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838,766 төгрөг, хариуцагчаас төлсөн 26,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******838,766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1.Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ '‘Бизнесийн зээлийн гэрээ”-ний шимтгэлд суутган авсан 900,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээнд шимтгэл авах нөхцөлийг харилцан зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр тохиролцсон нь хуульд харшлахгүй бөгөөд уг нөхцөл нь хүчин төгөлдөр, биелэгдэх боломжтой гэрээний заалт гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц барьцаалсан шуурхай бизнесийн зээл гэх нэршилтэй бөгөөд энэхүү харилцаа нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 203 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-аар зохицуулагдах харилцаа байтал нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс Монгол банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу зээлийн шимтгэлийг 1 хувиар тооцон авч байгаа гэх тайлбарыг гаргасныг шүүх анзаар ч дүгнэсэнгүй.

Тодруулбал Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл хэмжээг банк тогтооно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох бөгөөд “Монголбанк” Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.” гэж тус тус заасан. Тиймээс 1.0 /нэг/ хувийн шимтгэл тогтоосон хатуу заалт огт байхгүй бөгөөд хэрэв банкны зүгээс өөрийн гаргасан бүтээгдэхүүн болох орон сууц барьцаалсан шуурхай зээлийн шимтгэлийг 1.0 /нэг/ хувь байхаар тогтоосон бол түүнийгээ үндэслэлтэй тогтоож зээлдэгчид гэрээний агуулга, зүйл заалтыг танилцуулж, хүү, шимтгэл, хураамж тооцож буй аргачлалыг тайлбарлах үүрэг хүлээхийг хууль, журмаар хоёрдмол утгагүйгээр заасан байна.

6.2.*******-ийн зүгээс зээлийн шимтгэлийг нэг хувь гэж тогтоосон нь бүтээгдэхүүний ямар онцлогоос шалтгаалж, нарийвчилсан ямар шалгуураар шимтгэлийг тооцсон болох аргачлалыг зээлдэгчид тайлбарлалгүй зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч мөн энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг. Стандарт гэрээний нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах “Contra proferentem” зарчим буюу гэрээг бэлтгэсэн талын эсрэг тайлбарлах зарчмыг Иргэний хуульд заасан. Банкны талаас нэгэнт зээлийн нэг хувийн шимтгэлийг хэзээ, ямар тооцооллын аргачлалаар авч байгаагаа тайлбарлаж чадаагүй учир зээлдэгчид ашигтайгаар “үндэслэлгүй шимтгэл” гэж тайлбарлах боломжтой байна.

Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлд “Монголбанк”-ны Ерөнхийлөгч нь банкны үйл ажиллагаанд мөрдөх зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү, бүртгэл мэдээлэл, удирдлага, зохион байгуулалтын асуудлаар дүрэм, журам, заавар батлах эрхтэй гэж заасан. “Монголбанк” 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тогтоолоор банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмыг баталсан. Уг журмын 1.3.8-д “зээлийн бодит өртөг” гэж зээлдэгчээс төлөх зээлийн зарласан хүү, шимтгэл, хураамж болон бусад нэмэлт зардлыг багтаасан, жилийн хувиар илэрхийлсэн үзүүлэлтийг ойлгохоор заасан. Мөн журмын 1.3.17-д “шимтгэл” гэдэг нь санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаас төлүүлэх үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж тодорхойлсон.

7.2.Хариуцагч тал “зээл олгох үед шимтгэлийн зардлыг тайлбарлаагүй” гэж тайлбарласан. Гэвч дээрх журмын 2.7-д “журмын 2.6-д заасан нөхцөлийг хангасан зээл хүсэгчид зээлийн бодит өртгийг материал бүрдүүлэхээс өмнө танилцуулах бөгөөд тухайн тооцоололд ашиглах үзүүлэлтүүдийг тодорхой тусгана” гэж заасан. Түүнчлэн 2.7.3-т зээлдүүлэгчид төлөх зардлыг зээлдүүлэгч өөрөө тогтоохоор зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл банк өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зардал, шимтгэлийг тогтоох эрхтэй: ******* нь тухайн бүтээгдэхүүний онцлогт тохируулан шимтгэлийн хэмжээг тогтоож, “Монголбанк”-д тайлагнан хүргүүлдэг. “Монголбанк” тухайн шимтгэл, хураамжийн үндэслэл, бодит байдлыг хянан шалгаж, хууль журамд нийцээгүй гэж үзвэл холбогдох арга хэмжээг банканд авах эрхтэй. Тухайн нэг хувийн шимтгэл нь зөвхөн нэг төрлийн зардлыг бус, зээл үүсгэх ажиллагаа, баримт бичгийн судалгаа, барьцаа хөрөнгийн үнэлгээ, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт шалгалт, хугацаа сунгасны шимтгэл зэрэг олон төрлийн ажиллагааны нийлбэр зардлыг хамарч байгаа болно. Эдгээрийг тус бүрээр нь задлан тайлбарлах боломж хязгаарлагдмал юм. Мөн банк жил бүр санхүүгийн тайлангаа Монголбанканд хүргүүлж, Монголбанк тухайн тайлан болон шимтгэл, хураамжийн үндэслэлд хяналт шалгалт хийдэг. Хэрэв үндэслэлгүй шимтгэл авсан гэж үзвэл банканд хуульд заасан арга хэмжээг авах тогтолцоотой. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 103,429,085.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 108,336,674.58 төгрөг гаргуулахаар шаардсан. 

Хариуцагч эс зөвшөөрч “... нэхэмжлэлийн шаардлагаас 103,429,085.79 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсгийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох 4,907,588.79 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргаж,

улмаар хариуцагч *******нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан '‘Бизнесийн зээлийн гэрээ”-ний шимтгэлд суутган авсан 900,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. “*******” ХХК болон *******нар нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай “Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 90,000,000 төгрөгийг, жилийн 30 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг буцаан төлөхөөр харилцан тохиролцсон. /хх9-10/

4.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч Т*******өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******дугаартай, Нийслэлийн *******хаягт байршилтай, 73.36 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ, №11-2660980  дугаартай барьцаалбар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх12-15/

 

5. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг хариуцагчийн зээлийн дансанд шилжүүлж, зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж, мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

7. Хариуцагч *******нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн.

Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 76,991,822.58 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 29,669,822.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,675,029.32 төгрөг, нийт 108,336,674.58 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар  шийдвэрлэсэнд хариуцагч гомдоогүй тул талуудын зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэвээр үлдээв.

         

          8.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          8.1. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.5-д зээлдэгч нь олгосон зээлийн дүнгийн 1.0 /нэг/ хувьтай тэнцэх хэмжээний зээлийн үйлчилгээний шимтгэлийг банканд төлөхөөр талууд тохиролцсон.

          8.2. Хариуцагч нь уг тохиролцоог гэрээний стандарт нөхцөл ойлгомжгүй бол түүний саналыг хүлээн авч байгаа талд ашигтайгаар тайлбарлах зарчмын хүрээнд “үндэслэлгүй шимтгэл” гэж үзэх тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авахгүй.

          Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болох ба үүнд Банк, эрх бүхий этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн шимтгэл төлүүлэх асуудлууд хамаарна.

          Зээлийн шимтгэлийн хэмжээ нь банкнаас тогтоосон, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувиар илэрхийлэгдэх бөгөөд зээлийн бодит өртгийн нэг бүрэлдэхүүн болдог тул хуульд заагаагүй ч эдийн засгийн утгаараа зээлийн гэрээний харилцаан дахь зардлын нэг хэсэг гэж үзнэ.

          Иймд зээлийн шимтгэл тогтоохыг хуулиар хориглоогүй учраас зээлийн гэрээнд талууд шимтгэлийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй.

          8.3. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Зээлийн гэрээний талууд гэрээнд шимтгэлийг олгосон зээлийн дүнгийн 1 хувиар тогтоосныг зээлдэгчид илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш гэж үзэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2026/03504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

                 ШҮҮГЧИД                                 Н.ОЮУНТУЯА

 

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ