| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1230/Э |
| Дугаар | 1247 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 1247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч А.Э , түүний өмгөөлөгч Д.Саранчимэг ҮД:15-85 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт А.Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03705 ...... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт А.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ 97-2 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан 38-44 УНЕ улсын дугаартай “Тоёота-Акуа” маркийн тээврийн хэрэгслийг өшиглөж, цохих зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 572.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хадам ахындаа очиж хоёр пиво уусан. Тэгээд тухайн айлаас гартал миний машиныг нэг машин хаагаад тавьсан байсан. Би эхнэр, хоёр хүүхэдтэйгээ явж байсан юм. Би орой 10 цаг өнгөрөөж гарч ирээд 1 цаг гаран хүлээгээд гараад ирэх байх гэж бодоод гадаа хүлээж зогсоод, машин дээр нь байсан утас руу зөндөө залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Машин ачилтын компани руу залгахад ачих цаг дууссан гээд ирээгүй. Би хохирол төлбөр төлсөн. Хийсэн зүйлдээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Батдоржийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 08-ны 00 цаг 20 минутанд 89113348 гэсэн дугаараас надад мессеж ирсэн. “Таны машины арыг 10-18 УМБ “Т.Приус-30” машины жолооч өшиглөөд байна” гэхээр нь би гарч харахад миний 38-44 УНЕ улсын дугаартай “Т.Акуа” автомашины арын хаалганы бариулыг хугалсан, хаалганы төмөр цааш хонхойсон, баруун талын толины аяга хүрээ нь хагарсан, мөн баруун талын урд талын нэмэлт гэрэл цааш нь цөм өшиглөсөн байсан. Тэгээд миний машины хажууд над руу мессеж бичсэн залуу “нэг согтуу залуу эхнэртэй маргалдаж байгаад таны машин руу өшиглөөд байсан. Тэгээд би машинаа холдуулаад гараад явсан” гэж хэлсэн. Би 96605595 дугаар руу нилээн хэд залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд би 102 дугаарын утсанд хандсан ба цагдаагийн эргүүлийн алба хаагчид ирсэн, намайг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдлөө өгөөрэй гээд явсан. Маргааш нь би дээрх дугаар руу залгаад “эмэгтэй хүн байхаар нь уучлаарай танай нөхөр миний машиныг өшиглөөд эвдэлсэн байна” гэхэд “өө харин тийм ээ, манай нөхөр өөрөө ч тэрийгээ санахгүй байна лээ, хохирлыг чинь барагдуулж өгнө” гээд нөхрийнхөө дугаарыг өгсөн. Тэр дугаар руу залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэгээд тэр залуу над руу ярьсан боловч бид хоёр хэл ам таарахгүй ойлголцохгүй байсан болохоор нь би утсаа тасалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр О.Бат-Амгалангийн өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол Сэлбэ 97-2 дугаар байранд хамаатныхаа эгчийнд ирээд 00 цаг 30 минут өнгөрч байхад 96855595 дугаараас залгаад машинаа холдуулаад өгөөч гэсэн. Гарч ирээд машинаа холдуулах гэтэл тэр залуу эхнэртэйгээ муудалцаад, эхнэр нь би явахаа болилоо гээд цаашаа байр руугаа яваад өгсөн. Гэтэл нөгөө залуу Т.Акуа маркийн машин дээр ирээд “гай царайлсан новш” гэх мэт хараагаад машины багажны татаж онгойлгодог бариул, дугаарын дээр байдаг гэрэл, зүүн хойд талын дугуйны дээд хэсэгт өшиглөөд байхаар нь би машины эзэмшигчийн 90109010 дугаар руу “машиныг чинь 10-18 УНБ маркийн хөх өнгийн “Т.Приус-30” маркийн машины жолооч өшиглөсөн шүү” гээд мессеж үлдээгээд орхисон. Удалгүй эхнэр нь буцаж ирээд машинаа гаргаад нөхрөө аваад эхнэр нь машинаа бариад явсан. Тэгээд “Т.Акуа” маркийн автомашины жолоочтой яриад тэр залуугийн машины эвдэрсэн хэсгийн зургийг нь фэйсбүүк хаяг руу нь явуулсан. Удалгүй нөгөө “Акуа” маркийн автомашины жолооч над руу залгаад яг юу болсон талаар асуусан. Би юу болсон талаар хэлээд дараа нь хэрэг болвол надад хэлээрэй гээд салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн А.Э ын: ...Би 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хадам ахынхаа байранд буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбийн 97-2 дугаар байранд очсон. Анх очихдоо өөрийн хүүхдүүд болох Буянжаргал, Буян-Эрдэнэтай хамт явж байсан. Тэгээд тэдний гэрт 2 литртэй 2 ширхэг пиво уусан. Ууж дуусаад гэртээ харихаар болоод манай эхнэр Батчимэг 22 цагийн үед ирээд бид нар 22 цаг 40 минутын орчим гарсан. Зогсоолд өөрсдийн Т.Приус-30 маркийн дугаартай машинаа байрлуулсан байсан ба гараад явах гэтэл Т.Акуа маркийн машин хааж тавьсан байсан. Машин дээр нь байсан дугаар руу 1 цаг гаран хүлээгээд гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би хүлээж ядаад нөгөө Акуа маркийн машиныг өшиглөсөн. Яг хаана нь явж яаж өшиглөснөө бол сайн санахгүй байгаа. Тэгээд эхнэртэйгээ жаахан муудалцаад орой болчихлоо хүүхдүүд ядарлаа гэх мэт маргалдаад, удалгүй хажууд өөр гарах боломжтой байсан машины жолооч дуудсан. Нөгөө машины жолооч 10 минут орчмын дараа гарч ирээд машинаа холдуулж өгсөн. Тэгээд манай эхнэр машинаа бариад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар тал/,
- Шүүгдэгч А.Э ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27, 28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Сэлбэ 97-2 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан 38-44 УНЕ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг өшиглөж, цохих зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас 572.300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.Батдорж, яллагдагчаар өгсөн А.Э нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Э ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Батдорж нь хохирол төлбөргүй, гомдолгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч А.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв./ хх-ийн 35-36 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Э-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Э ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ