| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндаш Цэрэндулам |
| Хэргийн индекс | 197/2025/39787/И |
| Дугаар | 210/МА2026/01226 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01226
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08136 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******холбогдох,
Гэм хорын хохиролд 7,205,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан гэм хорын хохиролд 7,205,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Хараа зочид буудлын зогсоолд зогсож байсан нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёото Приус маркийн *******улсын дугаартай машиныг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шөнийн 03 цаг 20 минутын орчимд иргэн *******нь найз *******хөлслөн авсан хариуцагч *******ын өмчлөлийн Тоёото Приус маркийн *******улсын дугаартай машиныг жолоодон явахдаа мөргөж, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулсан. *******болон *******нарыг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шийтгэлийн хуудсаар тус тус 100,000 төгрөгөөр торгосон. Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Тоёото Приус маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг гаргуулахаар зөрчлийн байцаагч Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийг томилж, үнэлгээ хийлгэхэд нийт 6,555,000 төгрөг болсон. Иймд хохирол 6,700,000 төгрөг, шинжээчийн зардал 505,000 төгрөг, нийт 7,205,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тодорхойлсон.
3.1. Хариуцагч нь татгалзлаа: “...Энэ төрлийн бизнес хийж үзье гээд хийж үзсэн. Би цагдааг дуудах цаг тухай бүрд нь очиж байсан. Түрээсэлсэн залууг хайж цагдаад олж өгч тусалсан. Манай машин даатгалтай байсан. Даатгалаас надад эргээд хариу өгнө гэж хэлсэн. Энэ асуудлаас болж би маш их хохирсон. Журмын хашаанаас машинаа авч чадахгүй байж байгаад 500,000 төгрөг төлж машинаа авсныг нэхэмжлэгч мэдэж байгаа. Өөрөөсөө шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
4.1. 2025 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 03 цаг 20 минутын орчимд ******* Хараа зочид буудлын зогсоолд Тоёота приус маркийн *******улсын дугаартай автомашины жолооч нь зогсоолд байсан *******эзэмшлийн Тоёота приус маркийн *******улсын дугаартай автомашиныг мөргөж ослын газрыг орхиж зугтаасан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж,
4.1.а.Тоёота приус маркийн *******улсын дугаартай автомашины жолооч *******нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуульд зааснаар торгох шийтгэл оногдуулсан,
4.1.б. *******нь жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан,
4.1.в.Тоёота приус маркийн *******дугаартай автомашины жолооч *******нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болох нь Зөрчлийн хэргийн материал, Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ОС-634 магадлагаа, шийтгэлийн хуудас зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-13-30, 73, 75/
4.2. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******Тоёота приус маркийн *******улсын дугаартай автомашины эвдрэлд үнэлгээ хийхэд 6,555,000 төгрөгийн хохирол учирсан байна. /хх-32-34/
4.3. Тоёота приус маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *******, Тоёота приус маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь хариуцагч ******* болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон./хх-50, 67/
5. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар гэм хорын хохирол шаардсан ба хариуцагч нь тээврийн хэрэгсэлд гэм хор учруулаагүй, миний машиныг түрээслэн унаж байсан *******, *******нар буруутай тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэж маргана.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар хариуцагч *******ын гэм бурууг дүгнэсэн баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргасан байна. Тодруулбал,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэм хор учруулсан этгээдийн гэм бурууг тогтоох шаардлагатай байдаг бол мөн хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэн бусдад учирсан хохирлын талаар тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь гэм буруугүйгээр хариуцлага хүлээдэг онцлог зохицуулалт юм.
5.2. Хариуцагч ******* нь Автомашины түрээсийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Тоёота приус маркийн *******улсын дугаартай автомашиныг *******, *******нарт ашиглуулж байсан тул мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хариуцагч хариуцлага хүлээнэ.
6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч нь автомашинаа Вьетнам авто засварт засуулсан 3,100,000 төгрөг, сольсон эд ангийн үнэ 3,600,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 505,000 төгрөг, нийт 7,205,000 төгрөг шаардсан боловч хавтаст хэргийн 82, 83 дугаар талд авагдсан засвар, сольсон эд ангийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй тул “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн тайланг үндэслэн эд хөрөнгийн хохирол 6,555,000 төгрөг, үнэлгээний хөлс 505,000 төгрөг, нийт 7,060,000 төгрөгийг хариуцагч Б.Оюунжаргалаас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 145,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасанд нийцнэ гэж үзлээ.
7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалттай холбоотой өөрчлөлтийг оруулна.
8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хэргийн үйл баримт, хариуцагчийн гэм буруутай холбоотой дүгнэлтийг дээрх байдлаар залруулж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 197/ШШ2026/08136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 7,060,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 145,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Оюунжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 127,910 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ц.ЦЭРЭНДУЛАМ