| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1231/Э |
| Дугаар | 1249 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 1249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Д.Ариунжаргал /томилолтоор/,
шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Г.П-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00066 ...... дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М овогт Г.П
Холбогдсон хэргийн талаар:
Г.П нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мамбадацан” хийдийн орчим хохирогч С.Ариунболдтой маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.П мэдүүлэхдээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийнхээ талаар ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Ариунболдын өгсөн: ...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлын шинэ жилээ Баянзүрх дүүргийн Сансарын үйлчилгээний төвийн ойролцоо байх “Цоомоо” нэртэй караокеноос тараад гарч ирэхэд 19:00 цагийн үед ажлын танил О.Ганболд, Дэмбэрэл нар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Мамба дацан хийдийн урд хэрэлдэж, маргалдаж байсан. Тухайн үед би боль битгий хэрэлдэцгээ, шинэ жил болж байхад эвтэй байцгаа гэж хэлсэн. Ажлын танил Энх-Оргилтой хамт КТМС-н хажууд байрлах ТҮЦ-нээс тамхи аваад буцаад 30-40 минутын дараа О.Ганболд, Дэмбэрэл 2 дээр очиход цагдаа ирээд зодолдсон гэх Болдбаатарыг цагдаа нар эрүүлжүүлэх байр руу авч явсан байсан. Тухайн үед цэнхэр куртиктай 20 насны 160 см өндөртэй залуу гарч ирээд чи миний аав ах хоёрыг зоддог чи хэн бэ гэж хэлээд заамдаж аваад баруун талын хацар руу гараа атгаж байгаад 1 удаа, хамар руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон, дараа нь намайг боож унагаасан. Би тэр үед ухаан алдсан байсан. Сэргээд босоход ах нь гэх хүн наадах чинь хөлдлөө худлаа жүжиглээд байна гэж хэлэх үед би сэрсэн. Миний урд талын шүд эмтэрсэн, нуруу өвдөж байна, хамар хөндүүр, толгой өвдөж байна...
...Тухайн үед эдгээр гэмтлүүдийг Ганболдын хүүхэд болох цэнхэр өнгийн өвлийн хүрэмтэй залуу намайг караокеноос гар утас түрийвчээ авах гээд ирэхэд шууд ирээд миний хамран тус газар гараараа нэг удаа цохиж, мөн тэр залуу намайг гараараа боож газар унагаад миний зүүн талын бөөр хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөхөд эдгээр гэмтлүүд учирсан. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...
...Тухайн өдөр миний утас алга болсон байсан. Маргааш нь манай ажлын хүний машинд унасан байхыг олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 17-18, 46 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Нанжидсүрэнгийн өгсөн: ...намайг явж очиход манай аав, ах хоёрын хувцас урагдсан байдалтай ахын зүүн нүд нь хөхөрсөн байсан бөгөөд хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Намайг очиход цагдаа нар ирээд явсан гэж байсан. Би аав, ах хоёртойгоо эмнэлэг явах гээд машиндаа сууж байтал ахыг зодсон гэх Ариунболд гэдэг залуу машины урдуур явж таарсан. Би ахын хамт бууж Ариунболд гэх хүнийг ах бид хоёр бариад цагдаад дуудлага өгсөн. Ариунболд гэх хүн нь маш их согтуу байсан бөгөөд манай ах бид хоёрыг яагаад намайг бариад байгаа юм, би та нарын хоригдол биш шүү гээд байсан бөгөөд ахтай зодолдсон бөгөөд би салгасан. Ариунболдын хамраас нь цус гарсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нар хамт цагдаагийн хэлтэс дээр очиж ах маань өргөдөл гаргаж өгсөн боловч шүүх эмнэлэгт үзүүлэлгүй орхисон. Ариунболд ч гэсэн би өргөдлөө буцаалаа гэж байсан боловч шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн:
1. С.Ариунболдын биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нэг шүдний эмтрэл, баруун бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар тал/,
- Шүүгдэгч Г.П эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27, 28, 29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.П нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан хийдийн орчим хохирогч С.Ариунболдтой маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Ариунболд, гэрч Г.Нанжидсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч С.Ариунболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.П бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 56 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Пүрэвдоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. М овогт Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.П 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.П-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ