Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01227

 

 

 

 

 

 

 

 

      2026        05             27                                      210/МА2026/01227

                                               

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/02784 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

34,516,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. …Булган аймгийн Булган сумын иргэн ******* миний бие хүнсний гурил, будаа худалдан борлуулдаг бөгөөд 2013 оноос хойш “*******” ХХК-аас бараа бүтээгдэхүүнээ авч борлуулсан. Энэ хугацаанд Орхон аймаг дахь салбарын худалдааны итгэмжлэгдсэн ажилтан *******бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр мөнгийг өгч гурил, будаагаа хүлээн авч худалдан борлуулдаг. Гэтэл тус худалдааны зөвлөх *******нь “*******” ХХК-ийн мөнгөнөөс дутааж залилан мэхэлсэн үндэслэлээр 2023 оны 03 дугаар сараас хойш Орхон аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд одоог хүртэл шийдвэрлэгдээгүй. Миний шилжүүлсэн 34,516,000 төгрөгт тооцогдох гурилыг өнөөдрийг хүртэл “*******” ХХК нь надад өгөхгүй бизнесийн ашиг орлогод хохирол учруулж чирэгдүүлээд байна.

 

1.2. Миний хувьд ХААН банкны ******* тоот данснаас ************** тоот дансанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 39,800,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 6,325,000 төгрөг,  1,275,000  төгрөг,  896,000 төгрөг, 1,140,000 төгрөгийг, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг “*******” ХХК-нд гурилын үнэ болох нийт 43,566,000 төгрөгийг шилжүүлсэн. *******дээрх мөнгийг хүлээн аваад шууд “*******” ХХК-ийн 5692097224 тоот дансанд шилжүүлсэн. “*******” ХХК нь *******залилсан гэх төлбөр тооцооны асуудлаа эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхэд миний нэхэмжлэл хамааралгүй гэж үзэж байна.

Иймд “*******” ХХК-аас 34,516,000 төгрөгийг, эсхүл 34,516,000 төгрөгт оногдох гурилыг гаргуулж өгнө үү...гэжээ.

 

2.Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. “...Иргэн *******нь манайд хөдөлмөрийн гэрээгээр худалдааны төлөөлөгчийн байнгын ажлын байранд ажилладаг бөгөөд Орхон аймагт манай салбарыг хариуцаж ажилладаг. Тухайн үед Орхон аймгийн салбарт 2022-2023 онд санхүүгийн шалгалт, иж бүрэн тооллого хийсэн. Бидний үйлдсэн актаар *******, нэр бүхий 6 этгээд нийлээд 900,000,000 төгрөгийн хохирол учруулчихсан. Санхүүгийн программаас харахад манай Орхон аймгийн салбар дээр өчнөөн гурил байгаа юм шиг харагддаг боловч бодит байдал дээрээ агуулах нь хоосорчихсон, аль хэзээний бараагаа гаргаад мөнгийг нь хувьдаа аваад ашиглачихсан ийм хэрэг байсан.

 

2.2.Нэхэмжлэгчийн дурдаад байгаа 30 гаруй сая төгрөгтэй холбоотой нэхэмжлэгчээс авсан төлбөрийг *******манайх руу шилжүүлсэн гэхэд тодорхой бус. Яагаад гэвэл тухайн үед 20,000,000 төгрөг орж ирсэн, гэхдээ үүнтэй холбоотой 100 гаран сая төгрөгийг манай компанийн данс руу 10, 20 сая орлого гээд шилжүүлчихсэн. Үүнтэй холбоотойгоор ямар зөрчил гаргасан, ямар гэмт хэргийн шинжтэй байгааг тодруулахаар цагдаад хандсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа дүн манай манай байгууллагад *******шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй учир хариуцах үүрэггүй гэж үзэж байна... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4-т зааснаар хариуцагч “*******” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,516,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 330,530 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Манай байгууллагад ажиллаж байсан *******нь харилцагч нараас бараа захиалгын дагуу шилжүүлсэн төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлэхийн оронд өөрийн хувийн дансаар хүлээн авч, хувьдаа завшсан байж болзошгүй үйлдэлд холбогдон цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болно. Уг нөхцөл байдлыг нэхэмжлэгч болон хариуцагч талуудын тайлбар, мөн хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн төлбөр нь хариуцагч байгууллагын дансанд төвлөрөөгүй, харин *******хууль бус үйлдлийн улмаас завшигдсан байх үндэслэлтэй. Манай байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу харилцагчийн захиалгын төлбөр нь байгууллагын албан ёсны дансанд орж ирсэн тохиолдолд захиалсан барааг бүрэн хэмжээгээр, шуурхай нийлүүлдэг бөгөөд энэ талаар ямар нэг маргаан, зөрчил үүсэж байгаагүй.

 

4.2. Хариуцагч тал бараа нийлүүлэх үүрэг үүсээгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрдээгүй.  Иймд үүссэн хохирол нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус, харин *******хууль бус үйлдлээс үүдэлтэй гэж үзэх үндэслэлтэй болно. Хариуцагч талаас гаргаж өгсөн мөрдөгчийн тогтоол, Орхон аймгийн Цагдаагийн газрын албан бичгийг ямар нэгэн байдлаар үнэлж, дүгнээгүй нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй.

 

4.3.Анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг үл харгалзан хариуцлагыг шууд компанид хүлээлгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Шүүх энэ асуудлыг тодруулалгүйгээр хариуцагчийг шууд буруутай этгээд гэж тодорхойлж хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар хэсэгт “...*******гараар бичсэн тооцоолол бичгийн баримтуудаар тогтоогдож байна...” хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх хууль зүйн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий бус дүгнэлт болсон гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. “*******” ХХК-ийн Эрдэнэт салбарын тооцоог хариуцаж байсан *******нь манайхаас гурилын үнэ болох 34,516,000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, улмаар тухайн мөнгийг “*******” ХХК-ийн данс руу шилжүүлж байсан талаар мэдэгдсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон. Хариуцагч тал *******аар дамжуулан гурилын төлбөрийг хүлээн авч байсныг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогдсон. *******нь “*******” ХХК-ийн ажилтан энэ талаар тайлбар өгч, холбогдох баримтуудыг гаргаж өгсөн тул дээрх төлбөрийн асуудлыг эрүүгийн хэрэгтэй холбон шийдвэрлэх шаардлагагүй. *******нь манайхаас гадна олон төрлийн асуудлаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа боловч уг асуудлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хүлээлгэх нь манай талд хохирол үүсгэх нөхцөл байдалтай байна. Иймээс “*******” ХХК-аас 34,516,000 төгрөгийн гурилын үнийг төлүүлэх үндэслэлтэй. Одоогийн гурилын үнэ болон тухайн үеийн гурилын үнийн зөрүүнээс шалтгаалан манай байгууллагад бодит хохирол учирсан. Түүнчлэн *******нь 9,050,000 төгрөгийг “*******” ХХК-д шилжүүлээгүй талаар тайлбарлаж, уг мөнгийг буцаан өгсөн. Сүүлийн нэг жилийн хугацаанд шилжүүлсэн 34,516,000 төгрөг нь *******дансаар дамжин “*******” ХХК-ийн дансанд орж байсан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 34,516,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

3.1. Нэхэмжлэгчээс *******Хаан банкин дахь ******* дансанд 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 19,800,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 4,770,000 төгрөг, 4,580,000 төгрөг, 2,106,200 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 71,256,200 төгрөгийг хивэг, гурилын үнэ гэх утгаар шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдсон. Ийнхүү шилжүүлсэн мөнгөнөөс 34,516,000 төгрөгийн үнэ бүхий гурил, хивгийг аваагүй тул хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шаардсан.

 

4. Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ийн Орхон аймаг дахь гэрээт борлуулагчаар дамжуулан тус компанийн нэрийн гурил, хивэг зэрэг бүтээгдэхүүнийг худалдан авч, улмаар худалдан борлуулах үйл ажиллагааг 10 гаруй жилийн хугацаанд эрхэлсэн байна.

Нэхэмжлэгч барааны төлбөрийг гэрээт борлуулагчийн дансанд шилжүүлж, барааг “*******” ХХК-ийн Орхон аймаг дахь агуулахаас хүлээн авч байсан нь гэрээт борлуулагч  нь компанийн бүтээгдэхүүнийг борлуулах, төлбөр тооцоог хариуцах чиг үүргийг хэрэгжүүлдэг байсан гэж үзэхээр байна. Төлбөрийг гэрээт борлуулагчид шилжүүлсэн гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг үгүйсгэхгүй бөгөөд харин талуудын хооронд удаан хугацаанд тогтвортой хэрэгжсэн ажил хэргийн харилцаа, тогтсон заншил бий болсныг нотолж байна. Тиймээс нэхэмжлэгч болон “*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

 

5. Харин шүүх барааны тооцоололтой холбоотой *******бичсэн гэх баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй тул хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх дүгнэлтийг дараах байдлаар залруулна.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч худалдан авахаар тохирсон гурилын үнийг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч худалдагч тал буюу хариуцагч “*******” ХХК нь бараа бүтээгдэхүүн болох гурил, хивгийг худалдан авагчид хүлээлгэж өгсөн үйл баримт тогтоогдсонгүй.

 

5.2. Худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаанд нэхэмжлэгч буюу худалдан авагч барааны үнийг төлснөө нотлох ба хариуцагч буюу худалдагч тал бараа бэлтгэн нийлүүлсэн болохоо нотлох үүргийг хүлээнэ.

Хариуцагчийн хувьд “...гэрээт борлуулагч *******аас компанийн данс руу 100 гаруй сая төгрөгийн шилжүүлэг хийсэн боловч хэний захиалгын төлбөр болох нь бичигдээгүй тодорхойгүй учир үүрэг хүлээхгүй...” гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх мөнгөнд бараа нийлүүлсэн болохоо хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч буюу худалдан авагч барааны үнийг бүрэн төлсөн нь тогтоогдсон боловч хариуцагч буюу худалдагч барааг бэлтгэн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д заасны дагуу хариуцагч “*******” ХХК-аас 34,516,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/02784 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА

 

 

                 ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ