Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 982

 

 

 

 

 

      2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 151/ШШ2016/00982

                                Төв аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би

Нэхэмжлэгч: Хас банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг Нацагдоржийн 19-33 тоотод оршин суух, Дамба овгийн Төмөрбаатарын Баярцэцэг /ДЭ83010105/,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж АОС 7 байр 15 тоотод оршин суур, Сартуул овгийн Батсүхийн Пүрэвжаргал /ЦЖ82060370/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 54178506 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг  хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар нь 2014 оны 12 сарын 25-ны өдөр Хасбанктай 1300012484 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2015 оны 10 сарын 15-ны өдөр Хасбанктай 1300014155 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай авч дээрх зээлүүдийн барьцаанд: Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Ирээдүй хотхон 25 дугаар байранд байрлах Г-000096920 Ү-1427001924 бүртгэлийн болон улсын дугаартай 168.7 мкв үйлчилгээний барилгыг барьцаалсан.

            Зээлдэгч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээлдэгч нь уг зээлийг авснаас хойш байнга явцын болон сар дамнасан хугацаа хэтрэлтүүдийг гаргаж байсан.

            Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачилга гаргахгүй, зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа ба зээлийн гэрээний 3.2.1, 3.2.5, 3.3, 3.4 дэх заалтуудыг зөрчиж, зээл төлөхгүй байх хандлагыг байнга гарган өнөө маргааш гэж аргацаасаар өдий хүрсэн байна.

            Зээлдэгч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нь 1300012484, 1300014155 дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих зээлийн төлбөрийг төлөлгүй 139-157 хүртэл хоногоор хугацаа хэтэрүүлэн зээлийг төлөөгүй байх ба 2016 оны 08 сарын 11-ний өдрийн байдлаар: 1300012484 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээл 38 333 333 төгрөг, зээлийн хүү 4 517 186 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 103 452 төгрөг нийт 42 953 971 төгрөг, 1300014155 тоот зээлийн гэрээгээр үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 1 157 393 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 67 142, нийт 11 224 535 төгрөгийг гаргуулж өгнө үү. Иймд 1300012484, 1300014155 дугаартай зээлийн гэрээнүүдийн 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.4, 5.1.7, 5.2 дахь заалтуудыг үндэслэн банкны санаачилгаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж байгаа ба зээлийн гэрээний 4.1, 4.2, 4.6-т заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 54 178 506 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567 262 төгрөгийн хамт Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаат зээлийн гэрээгээр барьцаалуулсан Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Ирээдүй хотхон 25 дугаар байранд байрлах Г-000096920 Ү-1427001924 бүртгэлийн болон улсын дугаартай 168.7 мкв үйлчилгээний барилга бүхий барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр зээлийн төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт зааж зээлийн гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

           

Хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа...Миний бие Хас банкны Зуунмод салбартай зээлийн гэрээ байгуулан 60000000 төгрөгийг 1300012484 тоот эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба уг зээлийг графикийн дагуу төлөлт хийж явсаар 2015 оны 10 сарын 15-ны өдөр нэмэлт санхүүжилтээр Хас банктай 1300014155 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийн зээл авсан. Тухайн авсан зээлүүдийг зориулалтын дагуу бараа материалын татан авалтанд зарцуулсан ба борлуулалт эрс муудсан, гэрээ байгуулсан бараа худалдан авсан компанийн санхүүжилт хойшилогдож, ээж Б.Сайнхүүгийн бие муудаж эмчилгээ хийлгэх болсон зэрэг шалтгаануудын улмаас уг зээлүүдийн хүү болон үндсэн төлөлтийг 2016 оны 03 сараас эхлэн графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн. Хас банкнаас уг зээлийг графикийн дагуу төлөхийг удаа дараа сануулсан амаар, бичгээр мэдэгдэл хүргүүлж байсан боловч төлж чадахгүй байсан. Одоо 1300012484 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 42 953 971 төгрөг, 1300014155 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 11 224 535 төгрөг нийт 54 178 506 төгрөгийг Хас банкинд төлөх нь үнэн. Эдгээр зээлүүдийн барьцаанд миний өөрийн эзэмшилийн хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай Ү-1427001924, Г-000096920 дугаар бүхий объект байгаа ба Хас банкны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч үүргийн гүйцэтгэлийг тухайн барьцаанд буй үйлчилгээний барилгаар хангуулж, Хас банкыг хохиролгүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 54 178 506 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар нь 2014 оны 12 сарын 25-ны өдөр Хасбанктай 1300012484 дугаартай зээлийн гэрээ байгуулж 60 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,

2015 оны 10 сарын 15-ны өдөр Хасбанктай 1300014155 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай, жилийн 25.2 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж, дээрх зээлийн 1300012484, 1300014155 тоот гэрээний барьцаанд Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Ирээдүй хотхон 25 дугаар байранд байрлах Г-000096920 Ү-1427001924 бүртгэлийн болон улсын дугаартай 168.7 мкв үйлчилгээний барилгыг барьцаалсан байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан мөн энэ талаар зохигч талууд маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй  54 178 506 төгрөг төлөхийг, үүргийн гүйцэтгэлийг Т.Баярцэцэгийн өмчлөлийн Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Ирээдүй хотхон 25 дугаар байранд байрлах Г-000096920 гэрчилгээний дугаартай,  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427001924  дугаартай, 168.7 мкв үйлчилгээний барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулах тухай тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн  567262 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 283631 төгрөг,  төрийн сангаас 283631   төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч  Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжилж буй  54 178 506 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид  567262 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нараас тэмдэгтийн хураамж 283631 төгрөг, төрийн сангаас 283631 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкид  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Баярцэцэг, Б.Пүрэвжаргал нар сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг Т.Баярцэцэгийн өмчлөлийн Төв аймаг Зуунмод сум 6 дугаар баг Ирээдүй хотхон 25 дугаар байранд байрлах Г-000096920 гэрчилгээний дугаартай,  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-1427001924  дугаартай, 168.7 мкв үйлчилгээний барилга бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулахыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОН