| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1237/Э |
| Дугаар | 1257 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 1257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч И.Ариунсанаа,
шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт О.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03411 .... дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, А овогт О.Б
Холбогдсон хэргийн талаар:
О.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 19-23-ны өдрийн хооронд 535.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийн орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сард “Сод-Монгол” шатахуун түгээх газар шатахуун түгээгчээр ажилд орсон. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Сод-Монгол” шатахуун түгээх газарт түгээгчээр ажиллаж байгаад хоёр удаагийн үйлдлээр бэлэн мөнгө 935.000 төгрөгийг авсан нь үнэн. Учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Холбогдсон хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Чанцалын өгсөн: …2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн орчим би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Сод Монгол” шатахуун түгээх станц-29 салбар дээр ээлж хүлээлцэхэд 440.000 төгрөг дутсан юм. Тэгээд хяналтын камер шүүхэд О.Б нь операторын өрөөнд ганцаараа ороод эрхлэгчийн сандал дээр сууж байснаа ширээний шүүгээнээс ямар нэгэн зүйл авч байгаа мэт хөдөлгөөн хийгээд сандлаа хойшлуулаад камерийн тусгалаас гараад 3 орчим минутын дараа өрөөнөөс гарч яваад түгээгчийн өрөөний шүүгээ рүү очсон дүрс бичлэг байсан. Гэхдээ сейфнээс мөнгө авч байгаа нь бичлэгт харагдахгүй байсан. Өөрт нь бичлэгийг үзүүлээд чи авсан байна гэхэд эхэндээ үгүй гэж байснаа сүүлдээ сейфнээс 20 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, дансандаа хийсэн байсныг мэдээд цагдаад хандсан...
...О.Б нь 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр түлхүүр нууцаар авч ажлын сейфнээс 260.000 төгрөгийг хулгайлж авсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дээрх байдлаар 275.000 төгрөгийг хулгайлж авсан, тэгээд 400.000 төгрөг нийлээд 935.000 төгрөгийг хулгайлж авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Алтанцоожийн өгсөн: ...2019 оны 06 дугаар сарын 03-наас 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ээлжийн ажилтай байсан ба түгээгч Нандин-Эрдэнийн хамт ээлжийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 04-ний өглөө О.Б 08 цаг 20 минутын орчимд ээлж хүлээлцэж ажилдаа гарахаар ирсэн. 08:00-09:30 цагийн хооронд ээлж хүлээлцдэг ба тухайн үед нь би гадаа түгээлттэй байсан юм. Тэгээд дотор Нандин-Эрдэнэ, О.Б , Отгонбаяр нар байсан, эрхлэгч Чагцал ирээд ээлж хүлээлцэхээр хэмжилт хийгээд буцаж орж ирээд шифт буюу тухайн өдрийн орлогын тайланг гаргаад тооцоо нийлтэл түгээгч Нандин-Эрдэнийн мөнгө таарч байсан. Харин миний орлогоос 439.740 төгрөг дутсан. Ингээд ямар учраас дутсаныг гайхаад блансаар шалгаж үзэхэд миний мөнгө дутсан, тэгэхээр нь хяналтын камер шүүж үзэхээр болод шүүхэд түгээгч О.Б Отгонбаяр, Нандин-Эрдэнэ хоёрыг байхгүй хойгуур операторын өрөөнд ороод эрхлэгчийн ширээний сандал дээр сууж байснаа ширээний шүүгээнээс ямар нэгэн зүйл авч байгаа мэт хөдөлгөөн хийгээд, сандлаа хойшлуулаад камерийн тусгалаас гараад 3 орчим минутын дараа өрөөнөөс гарч яваад шүүгээ рүүгээ очсон дүрсч бичигдсэн байсан. Өөрт нь бичлэгийг үзүүлээд чи авсан байна гэж хэлтэл эхэндээ үгүй гэж байснаа сүүлдээ сейфнээс 20 ширхэг 20.000-тын дэвсгэрт авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, дансандаа хийсэн байсныг нь би хамт банк орж шалгахад О.Б ын дансанд 408.000 төгрөг байсан ба цагаар нь үзэхэд өглөө орсон мөнгө байсан юм. Тэгээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5 дугаар тал/,
- Хохирлын мөнгө төлсөн тухай баримт /хх-ийн 7, 10 дугаар тал/,
- Шүүгдэгч О.О.Б ын анкет, ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-21, 39, 40, 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Сод Монгол” шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 19-23-ны өдрийн хооронд 535.000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийн орлогын мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Чанцал, гэрч Д.Алтанцоож, яллагдагчаар өгсөн О.Б нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын мөнгө төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.О.Б ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Чанцал хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ болон хэргийн материалтай танилцахдаа хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.О.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. /хх-ийн 56 дугаар тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.О.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 42 дугаар тал/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч О.О.Б ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. А овогт О.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар О.О.Б д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар О.О.Б ын тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ