Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01228

 

 

 

 

 

      2026          05            27                                      210/МА2026/01228

                                               

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02862 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.Миний эмээ болох (*******) нь 2000 онд хариуцагчаас одоогийн *******хаягт байрлах газрыг худалдаж авч, улмаар 2006 онд Нийслэлийн Засаг даргын 354 дүгээр захирамжаар тус газрыг өмчлөх эрхтэй болсон. Худалдаж авах үед хариуцагч нь тухайн газартай холбоотой амины орон сууц барих гэрээ, амины орон сууц барих эдэлбэр газар, барилгын тэг тэнхлэг тогтоосон акт гэх баримтыг өгч байсан. Хариуцагчийн эцэг н.Болд нь миний өвөө болох Д.Баянзултай нэг дор хамт ажиллаж байсан хүмүүс байсан учир хариуцагчийг тус хашаан дахь эзэнгүй байшинд түр амьдруулсан.

 

1.2.Эмээ (*******) нь 2011 онд нас барснаар 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тус газрыг нэхэмжлэгч би өвлөж авч, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл хариуцагч нь тус газрыг өөрийн өмчлөлд авах асуудлаар төрийн захиргааны байгууллага болон шүүхэд хандсан болохыг мэдсэн. Иймд өөрийн өмчлөлийн газрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Маргаан бүхий газрыг хариуцагч нь 1998 оноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газар эзэмших хүсэлтээ 2011, 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж байсныг, (*******) нь тухайн газрыг эзэмших хүсэлтийг газар зохион байгуулалтын албанд гаргасан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр болоогүй талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Иймд (*******)-нд хууль ёсны өмчлөх эрх үүсээгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй.

 

2.2.Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.2 дахь хэсэгт зааснаар газрын эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлаар дээд шатны Засаг даргад хандах байтал шууд шүүхэд хандсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн.

 

2.3.Хариуцагч нь 1998 оноос хойш тус газрыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд уг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс маргаан үүсгэж байгаагүй учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн *******дугаарт бүртгэгдсэн, ******* хаяг байршилтай ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрыг албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогтоогоос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар;

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс *******нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргээс маргаан бүхий газрын хувийн хэрэг, нотариатын танхимаас ирүүлсэн н.Намжилсүрэнтэй холбоотой өв бүртгэгдсэн эсэх, өвөөс татгалзсан тухай эсэх тухай лавлагаа, хүн амын тооллогын н.Намжилсүрэнгийн төрөл садантай лавлагаа, бүртгэлийг тус тус гаргуулах хүсэлтийг гаргасан.

Учир нь нотлох баримтаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0502 дугаартай шийдвэрийг өгсөн ба тухайн шүүхийн шийдвэрээр дараах үйл баримтуудыг нотолсон 1998 оноос хойш нэхэмжлэгч *******нь *******700 м.кв газрыг эзэмшиж ашиглаж байсан талаарх нөхцөл байдал байдаг. Мөн *******д газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн учраас газар өмчлөх эрх хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэсэн байдаг.

Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хүлээ аваагүй, хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаж өгөх тухай зохицуулалт тул хүсэлтийг хүлээж авахгүй байх үндэслэл болохгүй юм.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасны дагуу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

 

4.2. Хариуцагчийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс баримт шаардсан талаар;

Шүүхийн шийдвэрийн 6.2-д “Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан баримтыг няцаах зорилгоор баримт шаардсан” гэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргасан бөгөөд татгалзсан үндэслэлээ нотлох үүднээс дээрх баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасан. Тухайн хэрэг авагдсан баримтын үнэн зөвд эргэлзэх, баримтын хуурамч эсэх талаарх ойлголт нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоос өөр ойлголт ба нэхэмжлэлд хавсаргасан баримтыг няцаах зорилго гэсэн хэргийг оролцогчийн эрх байхгүй юм. Харин шүүхийн шийдвэрийн 6.2-т заасны дагуу заасан нотлох баримтыг няцаах гэсэн ойлголт хуульд байхгүй ба хэрэв нотлох баримтыг хуурамчаар, хууль бусаар бүрдүүлсэн гэж үзвэл шалгуулах эрх нь хэргийн оролцогчид нээлттэй байдаг.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02862 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан өмчлөлийн газраа хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

 

3.1. *******д Нийслэлийн Засаг даргын 2006 оны 354 дүгээр захирамжаар, *******м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн. /хх-11/

 

3.2.Дээрх газрыг нэхэмжлэгч *******2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №68 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн, нэгж талбарын ******* дугаартай, 700 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр*******2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэсэн. /хх7-8/

 

3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0502 дугаар шийдвэрээр *******нь *******м.кв газарт 1998 оноос амьдарч байгаа, тухай газраа эзэмших хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаар уламжлуулан дүүргийн Засаг даргад 2011, 2018 онд гаргаж байсан эрх зүйн харилцаа байгааг тогтоосон. /хх-57-60/

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх газар нь ******* хаягт байршилтай болсон үйл баримтад талууд маргаагүй.

           

5. Харин хариуцагч нь маргаан бүхий газрыг 1998 оноос эзэмшиж, ашиглаж ирсэн, газар эзэмших хүсэлтүүдийг 2011, 2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гаргаж байсан, ******* нь тухайн газрыг эзэмших хүсэлтийг газар зохион байгуулалтын албанд гаргасан ч газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр болоогүй талаар шүүхийн шийдвэрээр тогтоосон гэж маргасан.

Гэвч дээрх шүүхийн шийдвэрээр *******нь *******хаягт оршин сууж байсан болон газар эзэмших хүсэлт гаргаж байсан эрх зүйн харилцаа байсныг тогтоосноос бус тухайн газарт газар эзэмших, өмчлөх эрх хуульд заасан журмын дагуу үүссэн болохыг тогтоогоогүй.

Түүнчлэн газар эзэмших хүсэлт гаргасан, газрыг тодорхой хугацаанд ашигласан нөхцөл байдал нь газар эзэмших, өмчлөх эрх үүсэх хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмших, өмчлөх эрх нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр, хуульд заасан үндэслэл журмын дагуу үүсч улсын бүртгэлээр баталгааждаг.  

 

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн нийлбэр юм.

Иймээс өмчлөгч өмчлөлийн зүйлээ хариуцагчийн хууль бус эзэмшлээс шаардахын тулд нэхэмжлэгчийн хувьд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.

 

6.1. Хэргийн баримтаар, *******д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий газрыг өмчлүүлсэн байх бөгөөд уг эрх нь түүнийг нас барсны дараа өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэхэмжлэгч *******шилжиж, тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүргэгдсэн.

 

6.2. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагчийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохыг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг няцаах нотлох баримт болохгүй тул хариуцагч газрыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэнэ.

 

Иймд анхан шатны шүүх маргаан бүхий газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн тул нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02862 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА

 

 

                 ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ