Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01230

 

 

 

 

     2026          05             27                                     210/МА2026/01230

                                               

 

*******

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/04821 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

2024 оны 08 сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 102,232,307 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Цэрэндулам илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК нь 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал 61 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 102,232,307 төгрөг төлөөгүй байна. Тус газрын хамралт, орлого шимтгэлийн өр хариуцсан байцаагч “*******” ХХК-ийн удирдлагад удаа дараа нийгмийн даатгалын шимтгэл төлөх чиглэл өгч, шат дараалсан арга хэмжээ авч ажилласан боловч дээрх шимтгэлийг төлөөгүй. Уг зөрчлийн улмаас даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн тусламж, тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхгүйд хүрээд байна. Иймд “*******” ХХК-аас 102,232,307 төгрөг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь ямар тооцооллоор гаргасан нь тодорхойгүй, тооцоолол алдаатай байх тул тухайн тооцооллын баримттай танилцсанаар бүрэн тайлбар гаргах боломжтой. Хариуцагчийн хувьд санхүүгийн байдлаас шалтгаалан холбогдох шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлж чадаагүйг зөвшөөрч байна. Иймд тооцооллын баримттай нийцсэн нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 102,232,307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ТБАГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-аас төгрөг 669,112 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******нь нэхэмжлэлийн шаардлагадаа манай компанийг 2024 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал 61 ажилтанд олгосон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын дүнгээс тооцсон шимтгэл 102,232,307 төгрөг төлөөгүй гэж шаардсан байх боловч нэхэмжлэгч нь тухайн дүнг ямар тооцооллоор гаргасан нь тодорхойгүй буюу тооцооллын алдаатай. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй байхад үүнийг хариуцагчийн үүрэг мэтээр дүгнэсэн.

4.2. Нийгмийн даатгалын шимтгэлийн тооцооллын тодорхойгүй байдал, алдаатай байдлаас гадна тухайн асуудал нь хариуцагч байгууллагын санхүүгийн байдал хүнд нөхцөлтэй байснаас шалтгаалсан байхад шүүхээс тухайн хуримтлагдсан шимтгэлийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах талаар авч хэлэлцээгүй байдаг. Иймд манай компанийн хувьд тухайн 102,232,307 төгрөгийн тал хувь болох 51,116,154 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал нь өөрийн илгээж баталгаажуулсан НД-7, НД-8 тайлангийн мэдээлэлд үндэслэн шимтгэлийг тооцож ирүүлсэн бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс уг тайланг зөвхөн баталгаажуулах үүрэгтэй. Түүнчлэн Нийгмийн даатгалын “Сикос” систем нь илгээсэн тайлангийн дүнг засварлах, өөрчлөлт оруулах боломжгүй. 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 09 дүгээр cap хүртэлх хугацааны шимтгэлийн тооцоолол алдаатай гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 удаа албан бичгээр шимтгэл төлөхийг шаардсан бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах уулзалтад хариуцагч “*******” ХХК нь 2023-2025 оны нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 105.065.078 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч 2025 ондоо багтаан төлнө гэсэн боловч төлөөгүй. 

5.3. Түүнчлэн хариуцагч нь хариу тайлбартаа тооцоолол буруу гэж бичсэн боловч ямар үндэслэлээр тооцоолол буруу болох, төлөөгүй шимтгэл нь хэд болох талаар маргаагүй буюу өөрийн татгалзалтай холбоотой холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа бол татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй болно.

“*******” ХХК нийгмийн даатгалын шимтгэлийг cap бүр төлөх үүргээ биелүүлээгүй, хуримтлагдсан шимтгэлийн өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас тухайн байгууллагад ажиллаж байсан нийт 61 даатгуулагч иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, тэтгэвэр, тэтгэмж, банкны зээл авах, гадаад улсын виза мэдүүлэх гэх мэт олон эрхэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Дорнод аймгийн “Нийгмийн даатгал газар” ТБАГ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2024 оны 08 сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 102,232,307 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, тооцооллын алдаатай гэж маргажээ.

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

3.1. Хариуцагч “*******” ХХК нь 2024 оны 08 сараас 2025 оны 09 дүгээр сарыг 31-ний өдрийг дуустал хугацаанд даатгуулагчид олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох 102,232,307 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, “*******” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар тогтоогдсон.

3.2. Дээрх нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч “*******” ХХК-иар төлүүлэхээр Нийгмийн даатгалын улсын байцаагч албан шаардлага өгч, авлага барагдуулах талаар уулзалт хийж, 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №07 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөөгүй байна. /хх-16/

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-т зааснаар Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөхөөр, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т зааснаар орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүргийг ажил олгогч хүлээнэ гэж заасан.

4.1. Хариуцагч нь өмнө 50,484,202.85 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан ба 2024 оны 08 дугаар сард 30 ажилтанд, 9 дүгээр сард 27 ажилтанд, 10 дугаар сард 25 ажилтанд, 11 дүгээр сард 32 ажилтанд, 12 дугаар сард 35 ажилтанд, 2025 оны 01 дүгээр сард 37 ажилтанд, 2 дугаар сард 31 ажилтанд, 3 дугаар сард 28 ажилтанд, 4 дүгээр сард 27 ажилтанд, 5 дугаар сард 30 ажилтанд, 6 дугаар сард 22 ажилтанд, 7 дугаар сард 7 ажилтанд, 8 дугаар сард 8 ажилтанд, 9 дүгээр сард 2 ажилтанд олгосон цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцсон тайланг Нийгмийн даатгалын байгууллагад илгээсэн. 

Тодруулбал, ажил олгогч нь өөрөө ажилтны тоо, цалингийн санг тодорхойлж сар бүр тайлагнах үүрэгтэй тул ажил олгогчийн гаргаж илгээсэн тайланг үндэслэн сар бүрийн өссөн дүнгээр 102,232,307 төгрөгийн шимтгэл ногдуулж тооцсон нь хуульд нийцэх тул нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоолол алдаатай, тодорхойгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн ... 23.2.2 гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдааг 32.2.2 гэж залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулаагүй  болохыг дурдана.

5.Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/04821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ОЮУНТУЯА

 

                ШҮҮГЧИД                                 С.БАЯСГАЛАН

 

                                                                                    Ц.ЦЭРЭНДУЛАМ