Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 975

 

 

 

 

 

            2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2016/00975

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг Дуут хурим булаг 2 гудамж 2 тоотод оршин суух, Билгүүн овгийн Мөнхбаатарын Ариунцэцэг  /НЛ96102102/ -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг Ланс хийдийн 9-2 тоотод оршин суух,  Боржигон овгийн Батбаярын Алтансүх /НЭ91061011/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ариунцэцэг, хариуцагч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сугармаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ариунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Миний бие нь 2014 оны 04 сараас Б.Алтансүхтэй танилцаж хамтран амьдарч байгаад 2015 оны 06 сарын 21-нд хүү А.Тэнгисийг төрүүлж, өөрөөрөө овоглосон. Б.Алтансүх нь надтай гэрлэлтээ бүртгүүлнэ гэж итгүүлж, ёс төртэй бэр гуйсан боловч 2015 оны 11 сараас хойш гэртээ ирэх нь ховордож, улмаар бүр ирэхээ байсан. Одоо бид хамтран амьдрах боломжгүй тул хүү А.Тэнгист эцэг Б.Алтансүхээс тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Миний бие нь М.Ариунцэцэгтэй үерхэж байгаад хүү А.Тэнгисийг төрүүлсэн. А.Тэнгис нь миний хүү мөн, маргах зүйлгүй, тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ариунцэцэг хариуцагч Б.Алтансүхэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргажээ.

 

Мөнхбаатарын  Ариунцэцэг, Батбаярын Алтансүх нар нь 2014 онд танилцаж гэр бүлийн харьцаатай байснаар 2015 оны 06 сарын 21-ний өдөр хүү А.Тэнгисийг төрүүлж, эцэг Б.Алтансүхээр овоглон төрсний бүртгэлд 2015 оны 07 сарын 01-ний өдөр бүртгүүлсэн болох нь хүүхдийн төрсний 4146000017 тоот гэрчилгээгээр, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа болох нь өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигч нь цаашид хамтран амьдрах хүсэл сонирхолгүй байгаа тухай шүүхэд илэрхийлсэн бөгөөд хариуцагч хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар А.Тэнгист  тэтгэлэг тогтоох нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д тэтгэвэр, тэтгэмжийн тухай нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч М.Ариунцэцэгийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Алтансүхээс нэг жилд төлөх тэтгэлгийн хэмжээгээр /Төв бүсийн амьжиргааны баталгаажих доод түвшин нэг сард 164300 төгрөгөөр тогтоосон/ тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 06 сарын 21-ний өдөр төрсөн Алтансүхийн Тэнгисийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ болон хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Алтансүхээр тэтгүүлсүгэй.

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т тус тус зааснаар төрийн сангаас тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ариунцэцэгт, хариуцагч Б.Алтансүхээс 28209 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Б.ЦОЛМОН