Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 963

 

 

 

 

 

          2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 151/ШШ2016/00963

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би 

 

Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Жаргалантын аманд суух хаягтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн  61 гарам задгайд эгчийндээ түр оршин суух, Тайж нар овгийн Нинагийн Мөнхзул /УУ88122388/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлааст гэх газар оршин суух, Боржигин овгийн Баярцэнгэлийн Өлзийбадрах /НН86102579/-д холбогдох

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхзул, өмгөөлөгч Д.Батбаяр, хариуцагч Б.Өлзийбадрах, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2007 онд Б.Өлзийбадрахтай гэрлэлтээ бүртгүүлж, 2007 онд хүү Ө.Тогтохбаяр, 2011 онд охин Ө.Отгонцэцэгийг төрүүлсэн. 2010 оноос эхэлж нөхөр Б.Өлзийбадрах нь эцэг эх, ах дүү нартайгаа нийлж үг хэлээр доромжилж, нөхөр маань хааяа нэг зодож, нүхэнд булна шүү гэж дарамтлах болсон. Шүүхээс биднийг эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй, бид цаашдаа хамтран амьдрах хүсэл сонирхолгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Би одоо 61-ийн гарамын хажууд эгчийнхээ хажууд дэлгүүрт худалдагч хийж, өөрийн гэсэн гэртээ бага охин Ө.Отгонцэцэгийн хамт амьдарч байгаа.

Б.Өлзийбадрахтай ярилцаад хүү Ө.Тогтохбаярыг эцэг Б.Өлзийбадрахын, охин Ө.Отгонцэцэгийг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэж, мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин Ө.Отгонцэцэг бид хоёрт бүдүүн адуу 1, унагатай гүү 1, байдас гүү 1, эр үрээ 1, шүдлэн үхэр /3 настай/ 1, сувай үнээ 1, эм шүдлэн /зусаг/ хонь 20, эр хязаалан хонь 20, эм шүдлэн /зусаг/ ямаа 20, эр хязаалан /түүнээс дээш насны/ ямаа 20, нийт 87 тооны мал өгөхөөр хоорондоо тохиролцсон гэв.

Хариуцагч Б.Өлзийбадрах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Н.Мөнхзултай 2007 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2 хүүхэд төрүүлсэн. Манай гэр бүл түүнийг зодож, үг хэлээр доромжилж байгаагүй. Н.Мөнхзул нь  2015 онд өөр хүн дагаад явсан хүн, шүүхээс эвлэрэх хугацаанд бид уулзаж эвлэрээгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид анх хамтран амьдарч эхлэхэд би 350 гаруй толгой малтай байсан бөгөөд одоогоор манайх бод бог нийлсэн 1000 гаруй малтай болсон.        Хүү Ө.Тогтохбаярыг би өөрийнхөө, охин Ө.Отгонцэцэгийг эхийн асрамжид үлдээж, Ө.Отгонцэцэг, Н.Мөнхзул нарт бүдүүн адуу 1, унагатай гүү 1, байдас гүү 1, эр үрээ 1, шүдлэн үхэр /3 настай/ 1, сувай үнээ 1, эм шүдлэн /зусаг/ хонь 20, эр хязаалан хонь 20, эм шүдлэн /зусаг/ ямаа 20, эр хязаалан /түүнээс дээш насны/ ямаа 20, нийт 87 тооны мал өгөхөөр тохиролцсон тул энэ дагуу шүүх шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхзул хариуцагч Б.Өлзийбадрахад холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нинагийн Мөнхзул, Баярцэнгэлийн Өлзийбадрах нар нь 2007 оны 02 сарын 19-ний өдөр гэр бүл болсныг Иргэний гэр бүл байдлын бүртгэлд 2007 оны 06 сарын 25-ны өдөр бүртгүүлж, 2007 оны 08 сарын 12-ны өдөр Өлзийбадрахын Тогтохбаяр, 2011 оны 04 сарын 25-ны өдөр Өлзийбадрахын Отгонцэцэг нарыг төрүүлж өсгөн гэрлэгчдийн эрх үүргийг үүсгэн  2015 он хүртэл хугацаанд хамт амьдарч байсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрхийн эмчийн тодорохойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчдийг эвлэрэн амьдрах боломжтой гэж шүүх үзэж, тэдгээрийг эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч тэдгээр нь эвлэрээгүй мөн гэрлэлтээ цуцлуулахаар харилцан тохиролцсон байдлыг үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх,...хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа харилцан тохиролцож болно” гэж заажээ. 

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүү Ө.Тогтохбаярыг эцэг Б.Өлзийбадрахын, охин Ө.Отгонцэцэгийг эх Н.Мөнхзулын асрамжид тус тус үлдээж, тэтгэлэг нэхэмжлэхгүйээр,

хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох бод бог малаас нэхэмжлэгч Н.Мөнхзул, охин Ө.Отгонцэцэг нарт  бүдүүн адуу 1, унагатай гүү 1, байдас гүү 1, эр үрээ 1, шүдлэн үхэр /3 настай/ 1, сувай үнээ 1, эм шүдлэн /зусаг/ хонь 20, эр хязаалан хонь 20, эм шүдлэн /зусаг/ ямаа 20, эр хязаалан /түүнээс дээш насны/ ямаа 20, нийт 87 тооны мал өгөхөөр харилцан тохиролцсон нь хуульд заасантай нийцэж байна. 

Тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхзулын 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Өлзийбадрахаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар нэхэмжлэгч Тайж нар овгийн Нинагийн Мөнхзул /УУ88122388/, Боржигин овгийн Баярцэнгэлийн Өлзийбадрах / НН86102579/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 08 сарын 12-ны өдөр төрсөн Өлзийбадрахын Тогтохбаярыг эцэг Б.Өлзийбадрахын, 2011 оны 04 сарын 25-ны өдөр төрсөн Өлзийбадрахын Отгонцэцэгийг эх Н.Мөнхзулын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Н.Мөнхзул, хариуцагч Б.Өлзийбадрах нар хэн алинаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хариуцагч Б.Өлзийбадрах нь нэхэмжлэгч Н.Мөнхзул, Ө.Отгонцэцэг нарт  бүдүүн адуу 1, унагатай гүү 1, байдас гүү 1, эр үрээ 1, шүдлэн үхэр /3 настай/ 1, сувай үнээ 1, эм шүдлэн /зусаг/ хонь 20, эр хязаалан хонь 20, эм шүдлэн /зусаг/ ямаа 20, эр хязаалан /түүнээс дээш насны/ ямаа 20, нийт 87 тооны мал өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н.Мөнхзулын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Б.Өлзийбадрахаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЦОЛМОН